etoim.mn
photos/2016081904.jpg

1991 онд Зэвсэгт хүчний ангид салаан захирагчаар ажлын гараагаа эхэлж байсан шавилхан дэслэгч залуу өнөөдөр хариуцлагатай ажил албыг нугалсан дадлага, туршлагын их уурхай болон ажиллаж байна. Энэ бол хурандаа С.Дашзэвэг юм. Тэрээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, Ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилладаг юм.

-Монголын Зэвсэгт хүчинд ачаа үүрэлцэж яваа нэг эрхмийн хувьд таныг гэж харж байна. Хожмын нэг өдөр чадварлаг, мэргэжлийн Зэвсэгт хүчний төлөө ажиллаж байсан цаг хугацаагаар бахархан суух байх. Таны хувьд Зэвсэгт хүчинтэй хэзээнээс холбогдов?

- Миний төрж өссөн нутаг гэвэл Баянхонгор аймгийн Жаргалант сум. Их сайхан нутаг. Уул толгод, ухаа гүвээний аль нь ч дотно сайхан. Миний хувьд 1987 онд сумандаа аравдугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн команд, явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж төгссөн хүн. Сонсогч болохоос өмнө аав асууж байна. "Миний хүү ямар мэргэжил сонгох гэж байна" гэхээр нь "Цэрэг болно" л гэсэн. Хүүхэд байхдаа цэргийн хувцастай ах нарыг хараад "Цэрэг болно" гэдгээ шийдчихсэн хэрэг л дээ, ер нь. Тэгээд шийдвэрээ аль эрт гаргачихсан. Цэргийн хүн болоход нөлөөлсөн өөр нэг алхам бол тэр үед зохион байгуулагддаг байсан "Дөл" тоглолт. Ахлах ангийн сурагчдын биеийн тамир, бэлтгэл сургуулилтыг сорьсон энэ тэмцээний ачаар олон хүн цэргийн болохоор шийдсэн байдаг юм. Энэ тэмцээний үеэр цэрэгжлийн багш, ахмад Н.Эргээ "Миний хүү цэргийн хүн бол" гэж захиж байсан ч бас нөлөөлсөн байна.

-Та хаана, хаана үүрэг гүйцэтгэж байв. Хамгийн тод дурсамж, сургамж болсон ямар үүрэгт ажил байдаг вэ?

-Цэргийн Нэгдсэн дээд сургуулиа 1991 онд төгсөж, ажлынхаа анхны гарааг Их говийн гарнизон хэмээх нэрлэгдсэн Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэлийн Зэвсэгт хүчний 132 дугаар ангид мотобуудлагын салааны захирагчаар эхэлж байлаа. Дараа нь салаа, ротын захирагчаар, 1993-1998 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулын салаа, ротын захирагчаар, 1998-1999 онд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид штабын орлогч, сургалт эрхэлсэн орлогчоор, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ЗХЖШ-ын Цэргийн алба, соёл хүмүүжлийн хэлтсийн орлогч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч зэрэг цэргийн бүхий л шатанд ажиллаж туршлага хуримтлуулсан байна. ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, Ажиллагааны удирдлага төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2013 оны арванхоёрдугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацааг эргээд харахад мэдэхгүйгээсээ мэдэх хүртлээ, чадахгүйгээсээ чадах хүртлээ зүтгэжээ гэж харж байна. Энэ нь албандаа төдийгүй хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, хүнтэй ажиллаж сурах, бусдад итгэл хүлээлгэх, өөрөө итгэлийг нь хүлээж ажиллахын төлөө хичээх гээд арми надад олон зүйлд сургасан гэж боддог. Ялангуяа, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчаар ажилласан цаг хугацаа маань дадлага, туршлагын он жилүүд байжээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, анги байгууллагынхаа үйл ажиллагааг улам төгөлдөржүүлж, алба хаагчдынхаа боловсрол мэдлэгийг дээшлүүлж, нийгмийн хамгаалалд нь анхаарах гээд завгүй цаг хугацаа. Манайхан ч гар нийлэмжтэй, хөдөлмөрч мундаг залуучууд. Зэвсэгт хүчний тэргүүний жагсаалч анги, шилдэг тохижилттой анги, Зэвсэгт хүчний биеийн тамир спортын уралдаанд тэргүүн, дэд байранд шалгарч, даргыгаа мөн ч их баярлуулсан даа.

-ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынханд оролцохгүй ажил, гүйцэтгэхгүй үүрэг гэж алга. Газрын даргынхаа ачаалалаас үүрэлцдэг, ажлыг нь гардан зохион байгуулах их ажил таны нуруун дээр ирдэг байх?

-Өө, тэгэлгүй яах вэ. Манай газар Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын өдөр тумын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, цэргийн алба, сахилга зохион байгуулалт, сургалт бэлтгэл, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулна. Түүнээс гадна Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, олон улсын хамтарсан сургууль, сургалт, дадлагууд зохион байгуулан явуулахад газрынхан гол ачааг нь үүрнэ. Миний хувьд газрынхаа даргыг тэр болгон оролцуулаад байхгүйгээр бусад хэлтсийн дарга нартайгаа хамтран ажил албыг сайхан явуулахын төлөө ажилладаг. Ер нь Зэвсэгт хүчний удирдлагаас өгсөн ямар ч үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө өөрт байгаа ямар хүч бололцоо байна түүнийгээ дайчлан ажиллах сайхан шүү дээ. Сүүлд нь даалгасан ажлыг нь сайн биелүүлчихээд илтгэх бүр ч сайхан. Зэвсэгт хүчний удирдлагаас олон томоохон ажлуудыг надад итгэл хүлээлгэн даалгадагт битүүхэндээ талархаж явдаг юм. ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Бямбажав дарга надад олон ч ажил даалгаж байсан. Үүнд нь би талархаж, тэр чанараараа олон ажлыг удирдан зохион байгуулж, сурч, мэдэж, өөртөө асар их мэдлэг, дадлага хуримтлуулж авсан гэж боддог. Жишээ нь БНӨСУ-д явагдаж буй энхийг дэмжих ажиллагааны хоёр дахь мотобуудлагын батальоны захирагчийн орлогчоор томилсон тухай юм. Дарга өрөөндөө дуудаад "Дашзэвэг ээ, чи чадах уу хө" гэж асуухад нь "Та надад итгэл, найдвар хүлээлгэж байгаа бол би чадна" гэж хэлсэн. Дараа нь үүргээ биелүүлж ирчихээд "Таны өгсөн итгэлийг алдахгүйгээр үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ" гээд илтгэж зогсож байсан маань сайхан санагдаж билээ.

Дараа нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Оросын холбооны Улсад зохион байгуулагдсан "Эх орны дайны түүхт ялалтын 70 жил"-ийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох цэргийн алба хаагчдын бэлтгэлийг хариуцан ажиллах, ахлаж явах үүргийг мөн л өгсөн байлаа. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын 250 цэргийн алба хаагч, оюутан, залуучууд оролцсон "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялал, жил бүрийн Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал гээд удирдлагын өгсөн үүрэг бүрийг чин сэтгэл зүтгэлээ гардан хариуцаж хийж явсандаа талархдаг юм. Хамгийн сүүлд гэхэд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хамгаалалтанд бие бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж оролцуулсан гээд цэрэг эрстэйгээ, журмын нөхөдтэйгээ хамтдаа том, том ажлын ард гарсан байна.

-Өнөөдөр Монгол цэрэг шинэ цагийн бахархал болон гялалзаж байна. Тэдний нэг нь болон ажиллаж байгаа даа сэтгэл өндөр байдаг биз?  -Монгол улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон сайхан цаг үед ажиллаж байгаа даа баяртай явдаг. Үнэхээрээ Монгол цэрэг маань өнөөдөр дэлхийн цэрэг болсон. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, гадаадын олон оронд сурч боловсорч мэдлэг, дадлагаа ахиулж байна.

Ер нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд харийн орны ёс заншил, цаг агаарын нөхцөл байдал, хүмүүсийн зан төрхийг биеэрээ хараад, өөрийн орны амьдралтай харьцуулан бодохоор амьдралдаа итгэлтэй, ажил албандаа хандах хандлага нэмэгдээд ирдэг юм билээ.

-Цэргийн сайн дарга нарынхаа тухай хуучлаач. Сайн удирдагч сайн боловсон хүчнийг төрүүлдэг гэдэг шүү дээ? -Би ер нь төрүүлж өсгөсөн аав, ээж, төрсөн нутаг ус, төгссөн сургууль, түшиж тулж яваа хань ижил, үр хүүхдээ хүндэтгэж, нутгийнхаа уул, усанд байнга залбирч явдаг. Ааваас маань ялгаагүй хайрлах олон дарга надад бий. Цэргээ гэсэн бодолтой, албаа гэсэн сэтгэлтэй, хүн чанартай олон цэргийн дарга манай Зэвсэгт хүчинд бий. Тухайлбал дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Ц.Бямбажав, хошууч генерал М.Борбаатар, Ч.Магсар, Б.Шагдар, Я.Чойжамц, А.Ганбат, Д.Даваа, Р.Сүхбат, Б.Баярмагнай, бригадын генерал Н.Энхбаялаг, Д.Баярсайхан, Ж.Бадамбазар, Д.Ганзориг, Л.Онцгойбаяр, хурандаа Ц.Доржготов, Б.Цогтбаатар, Ж.Дүүрэнжаргал, Б.Бүрэнбаяр, Л.Чимэддорж, Ц.Галбадрах, Ц.Доржхүү, Н.Бямбадорж гээд олон сайхан генерал, хурандаа нар байна. Одоо шишигдэн гарч ирж байгаа залуу үеийн үлгэр болсон офицерууд ч байна. Зэвсэгт хүчинд 30-аад жил ажиллахад бүгд миний захирагч, дарга байсан гэж бодохоор тэдний дайтай ажиллаж, тэр хэмжээгээр алба хаагчиддаа сайн дарга нь байхыг хичээж явдаг даа.

-Өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжлийг хэрхэн дүгнэж байна. Цаашид улам сайжруулж, чамбайруулахад дунд нь ажиллаж байгаа офицерийн хувьд ямар санал байна? -Би хамт олон, Зэвсэгт хүчнээ хөгжиж байгаа, хамгийн цэгцтэй, дэг журам сайтай, сайхан бие бүрэлдэхүүн гэж бодож явдаг. Өнөөдөр харахад үе, үеийн олон дарга нар хамт олноо зөв удирдан чиглүүлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэй нь уялдуулан авч явна. Ялангуяа сүүлийн жилүүдэд офицер, ахлагч нар маань гадаадын олон оронд суралцаж, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, дэлхийд монгол цэрэг өөрсдийгөө таниулсан тийм л Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ажиллаж, амьдарч байна. Цаашид олон жил Монгол төрд, тэр тусмаа Зэвсэгт хүчинд хоёргүй сайхан сэтгэлээр зүтгэж явсан үе үеийн шилдэг дарга нарын залгамж халааг, тэдний цэргийн сайхан уламжлалыг үргэлжлүүлэн хийж, офицер, ахлагч нар нийт бие бүрэлдэхүүнийхээ ажиллаж амьдрах орчин нөхцөл, зэвсэг, техникээ шинэчлэх, нийгмийн хамгаалалыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай болов уу гэж бодож байна.

-Монгол цэрэг ахмад, дунд, залуу үеийг харьцуулаад илэрхийлвэл. Түүхэн уламжлалаа хэрхэн хадгалж байна гэж бодож байна? -Монголын Зэвсэгт хүчин буурал түүхтэй салбар. Энэ түүхийг бичилцсэн ахмад үеийнхэн маань залгамж халаагаа сайн бэлтгэж байсан болохоор уламжлагдан ирсэн түүх нь аль ч цаг үед хэвээрээ үлдэнэ гэдэгт итгэдэг. Хэдийгээр нийгэм өөрчлөгдөж байгаа хэдий ч, Монгол цэргийн түүхэн уламжлал хэзээ ч хувирахгүй байх ёстой.

-Таны эрхэмлэдэг зан чанар? -Би өөрийгөө бүхнийг чаддаг, мэддэг сайн хүн гэж боддоггүй. Байнга суралцаж, сонсож, харж, өөртөө дүгнэлт хийж, авах, гээхийн ухаанаар ажиллах хэрэгтэй гэж хэлэх байна. Энэ зарчмыг ажил, амьдралынхаа цаг бүрт л санаж явдаг. Хэлсэнээ биелүүлэхийн төлөө, хүнийг ялгалгүй, хүнлэг сайхан сэтгэлээр хэлж ярьж байгаа зүйлийг сонсч аль болохоор тусалж дэмжихийг хичээх юм. Энэ ч үүднээсээ "Болно, бүтнэ" гэдэг үгийг хэлэх дуртай.

-Таны дургүй зан чанар. Хүнд худлаа хэлэх.

-Цэргийн гэр бүлийн ар тал найдвартай хань ижил байх ёстой. Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу? -Миний ханийг А.Мэндбаяр гэдэг сайхан эмэгтэй байгаа. Манайх 2 хүү, нэг охинтой. Том хүү Д.Дүүрэн-Эрдэнэ маань аавынхаа мэргэжлийг өвөлсөн байгаа. ОХУ-ын ОМСК хотын Цэргийн сургуульд 6 жил суралцаад төгсөөд одоо Зэвсэгт хүчний 150 дугаар ангид салбарын техникийн орлогч хийж байна. Хүүхдүүд маань эхнээсээ биеэ дааж байгаад эцэг хүний хувьд баяртай явдаг. Хүү маань саяхан аав, ээж хоёрыгоо өвөө, эмээ болгоод байгаа шүү. Мэдээж ар гэртээ санаа зовох зүйлгүй ажилдаа махран ажиллаж яваагийн ард миний ханийн өмөг түшиг байдаг юм аа.

Д.БОЛОРМАА

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх