etoim.mn
photos/p1c0gsl2391kl712013m216m47o43.jpg

Аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн зун ган ихтэй, зуншлага тааруу байсан ч мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг цаг хугацаанд хэрхэн хангаж ажилласан талаар Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Дашдулам цөөн хором ярилцлаа. - Аймгийн хэмжээнд хадлан тэжээл, бэлтгэл, өвсний нөөц хэр хангагдсан бэ? -Төв аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөөг өнгөрсөн тавдугаар сард аймгийн Засаг даргаар батлуулсан. Энэ хүрээнд аймгийн “Хадлан тэжээл, гар тэжээл бэлтгэх” бүх нийтийн аян хэрэгжүүллээ. Энэ жил манай аймаг өөрийн нутгаас хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу байснаас Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт 14 мянган га хадлан хадах зөвшөөрөл авсан. Аймгийн 11 сумын 73 хадлангийн салаа, нэг аж ахуйн нэгж 33 мянган тонн хадлан хадаж, өөрийн аймгийн малчид болон зах зээлд худалдан борлуулслаа. Үүнээс гадна малчин, мал бүхий иргэд аймгийн Засаг даргын захирамжаар 129,6 мянган тонн хадлан, 34 мянган тонн гар тэжээл бэлтгэхээс энэ жил хадлан 79.6 мянган тонн, гар тэжээл 13,5 мянган тонн, ногоон тэжээл 12,4 мянган тонн, үйлдвэрийн 5,4 мянган тонн тус тус бэлтгэж авав. Мөн аймгийн Засаг даргын санаачлагаар “Уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх” бүх нийтийн аяны хүрээнд 12 мянган тонн адууны халтар хомоол, зоодой, давсалсан таана зэргийг түүж бэлтгэлээ. Төв аймаг энэ жил Засгийн газрын тогтоолоор 380 тн өвс, 80 тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 80 тн тэжээл, 100 тн өвс бэлтгэж нөөцлөөд байна. Сумын аюулгүй нөөц бүрдүүлэхэд аймгийн Засаг дарга 250 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Аймгийн 27 сумд сумын аюулгүй нөөцөд 100 тн өвс, 50 тн тэжээл нөөцлөхөөс 2030 тн өвс, 586 тн тэжээлийг бэлтгэв. Зарим сум санхүүгийн боломжгүй байдал болон эрт цас их унасантай холбоотойгоор сумын аюулгүй нөөцийн өвсийг бүрэн бүрдүүлж чадахгүй байна. -Төв аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Эдгээр бэрхшээлийг яаж шийдвэрлэж байна? -Төв аймаг нийт 5,2 сая га бэлчээрийн талбай, өнөөдрийн байдлаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн есөн сум, 3-5 дахин хэтэрсэн 18 сум байна. Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Эрдэнэ, Мөнгөнморьт Батсүмбэр, Жаргалант, Аргалант зэрэг сум өөрийн сумын малыг өвөлжүүлэх боломжтой байгаа бол Цээл, Алтанбулаг, Сүмбэр зэрэг сумын мал Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд өвөлжиж байна. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан адууг аймаг хэмжээнд алсын оторт гаргах талаар сумдад чиглэл өгч, энэ дагуу манай аймгийн 17 сумын малын 185 мянга гаруй мал алсын оторт гарна. Өөрийн аймгийн зарим суманд 19 сумын 421 өрхийн 259,2 мянган толгой мал өвөлжих бол гаднын аймагт 17 сумын 200 гаруй өрхийн 153,6 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Энэ жил аймаг дундын отрын бүс нутагт 181 өрхийн 349 мянга толгой мал өвөлжиж байна. Өвөлжих өрх, малын тоог ХХХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд хүргүүлсэн. -Мал аж ахуй өвөлжилтийн бэлтгэл ажлын тухайд? -Аймгийн хэмжээнд 11 мянга 278 малчин өрх энэ жилийн төлтэй нийлүүлээд 6,4 сая толгой малтай өвөлжиж байна. Сүүлийн жилүүдэд манай аймагт малын гоц халдварт өвчин их гарсан. Одоо малчдын шилжилт хөдөлгөөн ихэсч байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг эрчимжүүлж байна. Малын гоц халдварт өвчний хяналтын хэсэг ажиллаж буй сумд байна. Алтанбулаг, Сэргэлэн сум хорио цээрийн дэглэмтэй байсан бол одоо хязгаарлалтын дэглэмтэй байна. Хүйтэн цаг үед шүлхий, цэцэг өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байдаг. Тэр дундаа малын гоц халдварт өвчин малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин гарах магадлал өндөр. Урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой ажлуудыг манай ХХААГ-аас зохион байгуулж байна. Өнгөрсөн жил 16 суманд малын гоц халдварт цэцэг өвчинтэй байсан учир гаднын аймгийн мал ихээр ирж өвөлжөөгүй. Энэ жилээс Эрдэнэсант, Дэлгэрхаан, Жаргалант, Цээл сумдад Ховд, Говь-Алтай зэрэг аймгийн 40 өрхийн 208,2 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Зүүн талаас Хэнтий, Сүхбаатар аймгуудад малын гоц халдварт өвчний голомттой байгаа учир тухайн нутгаас манай аймаг мал авч өвөлжүүлэх боломжгүй. -Бэлчээрийн хортон мэрэгч, үлийн цагаан оготно хэрхэн тэмцэж байна? -Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 106,6 сая төгрөгийн хөрөнгөөр 10 суманд 30 мянган га талбайд микро-биологийн аргаар тэмцсэн бол 500 дээш гар талбайтай иргэд, аж ахуй нэгжүүд 134 сая төгрөгийн өөрсдийн хөрөнгөөр 38,8 мянган га талбайд бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцсэн. Улсын төсвийн хөрөнгөөр Сэргэлэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Өндөрширээт, Баянцогт сумын 40 мянга га талбайд микро-биологи, энгийн механик аргаар үлийн цагаан оготно устгалыг хийлээ. Мөн бэлчээрийн хортон мэрэгчидтэй илүү үр дүнтэй тэмцэхээр аймгийн Засаг дарга “Засаг даргын нөөц сан”, бусад орон нутгийн сангуудаас нийт 260 сая төгрөгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн “РК” утаа гаргагч багажаас есөн ширхэг, БНСУ-д үйлдвэрлэсэн “ТМ112” маркийн 26 ширхэг төхөөрөмжийг тус тус худалдан авч, бүх сумдад олгосон. Цаашид утаа гаргагч төхөөрөмжийг бүх багт олгохоор хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. -Худаг, ус, усан хангамж сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийв? -Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр жил бүр инженерийн хийцтэй 20-30 худаг шинээр гаргадаг. Энэ жил аймгийн хэмжээнд орон нутгийн төсвөөс 240 сая төгрөгийн хөрөнгөөр 23 суманд 30 инженерийн хийцтэй худаг гаргахаас өнөөдрийн байдлаар 16 худаг гаргаж,  сумдад хүлээлгэн өглөө.  -Одоогоор өвөлжилтийн байдал ямар байна? -Аймгийн хэмжээнд 11,2 см цасан бүрхүүл тогтоод байна. Өнөөдөр хойд болон зүүн талын сумдаар нэмж цас орж, цасан шуургатай байгаа учраас аймгийн зарим сумдын мал Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт сумд руу нүүдэл хийж эхэллээ.  Малчин өрх бүр дор бүрнээ дулаан хувцас, унаа, түлш, хоол хүнс, эм, тариа зэргийг өвөлжилтийн бэлтгэл болгон бүрдүүлэхээс гадна малдаа малын дулаан хашаа, саравч, өвс, тос бэлтгэж өгөх, худаг, уст цэгүүдэд анхаарал хандуулах шаардлагатай байна.  Мөн мал сүргийг тарилга, вакцинжуулалт, туулгалтад хамруулж малын эрүүл ахуйг хамгаалах нь чухал. Малын шилжилт хөдөлгөөн хийхдээ тогтоосон тодорхой зам, шугамаар гарч явах, малын эрүүл мэндийн дэвтэр болоод хүн өөрөө эрүүл мэндийн дэвтэр, бусад бичиг баримтыг бүрдүүлж, хөтөлж явах хэрэгтэй. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх