etoim.mn
photos/5a446dc52200b28122017120629 (1).jpg

"Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь КИНО УРЛАГ" гэдэг. Монголчууд социалист нийгмийн үед кино урлагийг гайхалтай хөгжүүлж чадсан юм. Бид тухайн үеийн киног өнөөг хүртэл шимтэн үзэж, алтан үеийн кино гэж нэрийддэг. Тэгвэл МОНГОЛ УЛСЫН түүхэн хүмүүсийн дүрийн хэн гэгч эрхэм жүжигчин кино урлагт амилуулж байсан бэ? 

Цогт тайж (1945 он)

М.Лувсанжамц, М.Болд, Юрий Тарич нар найруулагчаар нь ажилласан "Цогт тайж" кино 1999 онд "Зууны мэдээ" сонины явуулсан санал асуулгаар ХХ зууны Монголын кино урлагийн манлай бүтээлээр, 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр тус тус шалгарсан гайхалтай бүээл. Кинонд Ар халхын Гэрсэнз жалайр хунтайжийн ач, Баарай хошуучийн хүү  Цогт хунтайжийн амьдрал, үйл хэргийг харуулдаг. Цогт тайжийн дүрийг Ардын жүжигчин Ц.Цэгмид бүтээсэн билээ.

Гүүш Төрбайх

Дээд монголчуудыг  үндэслэгч  Хошуудын Гүүш Төрбайх хаан Цогт тайж кинонд дүрслэгддэг. Төвөдүүдийн хатгалгаар Халхын Цогт хунтайж улааны шашны талд, Дөрвөн Ойрдын Хошуудын Төрбайх шарын шашны талд тулалдаж, монголчууд нэг нэгнийхээ цусыг урсгасан гашуун түүх бий. Харин энэ түүх Цогт тайж кинонд амилахад Гүүш Төрбайхын дүрд Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн гуай тоглосон юм.  

Сүхбаатар (1968 он)

Монголын кино урлагт Цэвэлийн Дашнамжил хэмээх сайхан жүжигчин заяаж, энэ жүжигчний төрхөөр бид жанжин Сүхбаатараа дэлгэцнээс мэддэг болсон билээ. Ц.Дашнамжил "Өглөө", "Тэмцэл" уран сайхны хоёр ангит кино болон "Тунгалаг Тамир", "Ичээнд нь", "Солонгын таван өнгө", "Намрын халуун өдрүүд" уран сайхны кинонд Д.Сүхбаатарын дүрийг бүтээжээ.

Богд хаан (1968)

 Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайн дүрээр Богд Жавзандамба хутагтыг бид төсөөлдөг. Н.Цэгмид гуай Өглөө, Тэмцэл, Хатанбаатар зэрэг кинонуудад Богд хааны дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол,  найруулагчдад сонголтгүйгээр бүтээж чадсан аж.

Манлайбаатар Дамдинсүрэн (1981 он)

"Хатанбаатар" кинод Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, монголчууд манжийн дарлалаас чөлөөлөгдөж, Богд хаант Монгол Улсаа байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан баргын Манлай ван Дамдинсүрэнгийн дүрийг "тултал" амилуулж  чадсан жүжигчин бол өнөөх "Ибирай тайш" АЖ П.Цэрэндагва гуай. Гамингийн шоронд босоогоороо үхэж байгаа Дамдинсүрэнг та  санаж байгаа биз ээ.

Хатанбаатар Магсаржав (1981 он)

Социалист нийгмийн үед хийгдсэн цөөн хэдэн түүхэн сэдэвт, томоохон кинонуудын нэг бол АЖ Г.Жигжидсүрэн найруулагчийн "Хатанбаатар" кино. Энэ кинонд Магсаржавын дүрд найруулагч, УГЗ Л.Эрдэнэбулган гуай "их хувь заяа"-гаар тоглосон юм. Дашрамд сонирхуулахад Хатанбаатар С.Магсаржав Богд хаанд бараалхан Оросоос туслажм хүссэн хувьсгалчдын бичигт тамга даруулдаг хэсгийг тухайн үеийн нам төрийн бодлогоор бус зохиолч С.Удвал гуайн санаагаар кинонд оруулсан гэнэ. Энэ тухай Г.Жигжидсүрэн найруулагч ярихдаа "С.Удвал гуайн бодлого. Намын бодлого биш шүү. Мань хүн өөрөө Хатанбаатарын тухай роман биччихсэн, Магсаржавтай нэг нутгийн хүн. Амьдад нь аягүй бол уулзаж байсан ч байж магад" хэмээн ярьсан нь бий.   

Батмөнх даян хаан (1988 он)

1988 онд дэлгэцнээ гарсан, найруулагч Б.Балжиннямын бүтээл "Мандухай Сэцэн хатан" хэмээх гайхамшигтай кинонд Батмөнх даян хааны дүрийг гавьяат жүжигчин Ж.Сүххуяг амилуулсан. Эзэрхэг, хүчирхэг явснаа дотоодын хагарлын улмаас бууран доройтож эхэлсэн монголчууд Батмөнх даян хаан, Мандухай Сэцэн хатны үед нэгдэн нягтарч, Мин улсыг цохиж явсан түүхтэй.  

Мандухай сэцэн хатан (1988 он)

"Мандухай Сэцэн хатан" киноны гол дүрийг ардын жүжигчин Н.Сувд гайхамшигтайгаар бүтээж, ард түмнийхээ сэтгэлд Сэцэн хатныхаа дүрийг мөнхөлж чадсан.  

Исмэйл тайш

Түүхэнд Мандухай хатан, Батмөнх даян хаан нар улс орныхоо тархай бутархай байдлыг эцэс болгож, их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулахдаа юуны өмнө Ойрадыг довтлон Тасбүрд гэдэг газар бутцохин эрхэндээ оруулсан байдаг. Үүнийхээ дараа 1480-аад оны эхээр ихээхэн эрх мэдэл бүхий Бэгэрсэн тайш, Исмэйл тайш нарыг бутцохисон хэмээн түүхэнд бичигдэж үлджээ. Тэгвэл "Мандухай Сэцэн хатан" кинонд энэхүү Исмэйл тайшийн дүрийг гаргасан бөгөөд эх түүхээс нь нэлээн зөрүүтэйгээр кино зохиолд тусгасан. Исмэйл тайшийн дүрд Ардын жүжигчин Б.Дамчаа агсан сэтгэлд хоногштол бүтээж чаджээ.

Чингис хаан (1992 он)

Чингисийн алтан ургийн Батмөнх хаан, түүний үр хойчис Цогт хунтайжийг дэлгэцэнд амьдруулсан монголчууд Эзэн богд Чингис хааныхаа тухай киног бүтээх нь дамжиггүй байв.  Ингээд Мандухай сэцэн хатан кино дэлгэцэнд гарснаас дөрвөн жилийн дараа мөн л авьяаслаг найруулагч Б.Балжиннямын найруулгаар "Мөнх тэнгэрийн хүчин дор" хэмээх кино үзэгчдийн хүртээл болсон юм.

Хасар (1992 он)

Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Чингисийн дүү Хасарын дүрийг авьяаслагаар бүтээж чадсанаар түүнд аав ээжээс хайрласан алдартай нь хамт насан туршид дуудуулах нэрийг өгсөн юм. "Хасар Жагаа".

Жамуха (1992 он)

"Мөнх тэнгэрийн хүчин дор" киноноос хойш монголчууд Чингис хааныхаа тухай киног ганц, нэгээр хийсээр байгаа. Гэхдээ Монголын кино урлагт сөрөг дүрийн мастер хэмээн нэрлэгддэг гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд бүтээснээс өөр хэн нэг жүжигчний Жамухын дүр танд нэг л санаанд буухгүй байгаа биз. Алдарт Цагааны Цэгмид аав нь Цогт хунтайжийн дүрийг бүтээсэн бол хүү Ц.Төмөрбаатар нь Ю.Цэдэнбал, Жамуха гээд л цөөнгүй түүхэн хүмүүсийн дүрийг дэлгэцнээ амилуулсан байна.

Өэлүн эх (1992 он)

Нэгэнтээ Мандухай Сэцэн хатны дүрээр үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн Н.Сувд "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд Өэлүн эхийн дүрд тоглож цаглашгүй авьяастайгаа батлан харуулсан юм.

Бид өнөөг хүртэл эдгээр уран бүтээлүүдийг дэлгэцийн өмнө шимтэн үздэг хэвээр бөгөөд түүхэн хүмүүсийг  тухайн жүжигчний ааш араншин, авъяас билгээр тусгаж авсаар байгаа билээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх