etoim.mn
photos/IMG_6849_20181024115243.JPG

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш, МУ-ын Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг, МУ-ын Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа нар мэдээлэл хийлээ.

“Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд хүүхдийн шилдэг жүжгийн зохиолоор шалгарсан “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг тавихаар болоод байна. Жүжгийг хүүхэд багачуудад хүргэхдээ Монгол Улсын Хүүхэлдэйн театр, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна” хэмээн МУ-ын Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг ярилаа.

“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар МУСТА М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар ажиллаж байна. Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна.

Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа холограмм технологийг уран бүтээлдээ ашиглаж байгаа тохиолдол нь Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг юм. Тус жүжгийг Нийслэлийн 9 дүүргийн 20 мянган гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэхээр бэлдээд байгаа ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх