etoim.mn
photos/iiiii.jpg

Францын нийслэл Парист өрнөж буй “шар хантаазтангууд”-ын бослого тэмцэл өнгөрсөн амралтын өдрүүдэд дээд цэгтээ хүрлээ.

Татварын өсөлтийн эсрэг тэмцэж буй иргэдийн тэмцэл Бямба гарагт эрчимжиж, мөргөлдөөний улмаас нийт 133 хүн шархдаж, бэртсэний 23 нь цагдаагийн албан хаагч байжээ.

Тэмцэгчид гудамжинд байсан машинуудыг шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байсан тул цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна. Ялалтын хаалга зэрэг хэд хэдэн түүхэн байгууламж дээр шүршдэг будгаар элдэв үг, уриа бичжээ.

Иргэд тэмцэлдээ алх, тармуур зэрэг ахуйн багаж зэвсэг хэрэглэж байгаа нь цагдаа нарыг урьд өмнө үзэгдээгүй хүчирхийлэлтэй нүүр тулгарахад хүргэж байгааг Парис хотын цагдаагийн дарга Мишель Делпуэк мэдэгджээ.

Гэрэл ойлгогч бүхий шар хантааз нь Францын автомашин эзэмшигчдэд заавал байх ёстой, ослын үед хэрэглэдэг зүйл юм. Тэгвэл шатахууны татварыг нэмэхээр болсныг иргэд эсэргүүцэхдээ уг хантаазаар ижилсэж байна.

Бямба гарагт зургаан байшинд гал гарсан бол 130 замын хаалт, 112 автомашиныг тэмцэгчид шатаажээ. Ням гарагийн орой нийт 378 хүнийг барьж хорьсны 33 нь насанд хүрээгүй хүмүүс байгаа гэнэ.

Аргентинд болсон “Их 20”-ын уулзалтаас буцаж ирмэгцээ ерөнхийлөгч Эммануэл Макрон шуурхай хурал зохион байгуулж, долоо хоног орчим үргэлжилж буй бослого тэмцлийн цар хүрээг үнэлж, авах арга хэмжээг боловсруулахыг албаныханд даалгажээ.

Тэр тэмцэгчдийн үзэл бодлыг хүндэтгэж байгаа ч хууль бус үйлдэл гаргагчдад хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна.

“Хүчирхийлэл бол хуулийн дагуу бухимдлаа илэрхийлэхтэй ямар ч холбоогүй асуудал” гэж Макрон мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх