etoim.mn
photos/14322756_1049611111821677_2388050878057844802_n.jpg

Монголчууд “мянга” гэдэг үгийг зөвхөн тоо утгаар биш өргөн агуулгаар ойлгодог. Бүр дундад зууны үед “Мянгад” гэдэг монгол аймаг, “Мянгат” хэмээх цэргийн зохион байгуулалт байсан бол өмнөх нийгэмд “Мянгат малчин”, ардчилал, зах зээлийн үед “Мянганы зам” гэх мэт нэр томъёо өргөн хэрэглэгдэх болсон билээ. Энд “Мянганы нэг”-ээр овоглогдох болсон хурандаагийн ажил, амьдралын замналаас танилцуулж, тоон нэрийнх нь утга учрыг сонирхуулья.

Б.Намхай 1916 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт Цагаан овоо гэдэг газар төржээ.

1936 онд ардын цэргийн албанд татагдан жирийн цэргээс, бага дарга, салаа суман, хороо, БХЯ-ны газрын даргаар дэвшин хурандаа цол хүртэж, Зэвсэгт хүчний эгнээнд 40 жил алба хаажээ.

Б.Намхай 1945 оны Чөлөөлөх дайнд холбооны хорооны штабын даргаар явж, хороо нь дайны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн тул Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагджээ. 1946-1948 онд холбоо хорооны даргаар ажиллаад 1948 оноос Армийн авто хуягт албанд 28 жил зүтгэсэн байна.

Б.Намхайгийн эх орондоо байгуулсан гавьяа, зүтгэлийг үнэлж 1973  онд БНМАУ-ын    гавьяат тээвэрчин цол олгосноос гадна Сүхбаатарын одон, Байлдааны ба Хөдөлмөрийн гавьяаны одон, ЗХУ-ын Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа, Байлдааны медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр 2 удаа шагнагдсан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн юм.

Цэргийн ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Ядмаа түүнтэй ярилцсан тэмдэглэлээс товчлон сийрүүлэв.

Одоогоос 20-иод жилийн өмнө Б.Намхай насны тэтгэвэрт суусан ч армийн авто хуягт танкийн анги, салбарынхан тэр бяцхан бор өвгөнийг одоо хүртэл сураглан уулзана. Саяхан тэр хүний хөдөлмөрийн алдрыг нутагт нь тэмдэглэснийг сонсоод өвгөнтэй уулзлаа. Бид хоёр 50-иад оноос танилцаж нөхөрлөсөн боловч насаар хэд ах болохоор хүндэтгэдэг юм.

За хурандаа минь бие сайн уу, сонин сайхан юу байна? гэхэд:

-Юу байхав дээ. Дөрвөн хананыхаа дунд суугаад л... ямар тань шиг гадуур, дотуур сэвэлзэж явах чадал байх биш! гэж ёжлон инээмсэглэв.

Та ч хэзээний хүн даваадуулахдаа сайн хэвээрээ байх шив дээ?

-Хэцэс, таныг яаж гүйцэхэв гээд залуугийнх шигээ цангинуулан инээд алдаад бие нь сайн байгаа бололтой. Тэгэхээр нь би бүр цаашлуулаад

Таныг генерал “уначихаад” явж байсан гэдэг. Бас даваадуулсан болж байна уу гэв.

-Ямар золиг таарсан юм. Аягүй бол таны ч ажил байж мэдэх нь. Нэг хэсэг намайг Б.Цог сайдыг “унаад” явж байна гэж шуугисан юм. Унах ч гэж дээ, би үүрүүлсэн юм гээд инээд алдав.

Юу болсон юм бэ, тодруулаач?

-Яамныхан Сонгинод зусланд гараад байсан юм. Нэг өдөр маш их устай ширүүн бороо ороод үерлэж эхэллээ. Тэгсэн чинь Цог сайд намайг явж тэрэг, техник олж ир! гэсэн юм. Би уснаас их айдаг болохоор “чадахгүй” гээд хэлчихлээ. Сайд уурлаад хаанаас ч олсон юм, нэг унь барьж ирээд хамаг хувцсаа тайлаад намайг үүрч уснаас гараад тэр чигтээ явж Биокомбинатын жижүүр дээр орж утсаар нь яамны жижүүртэй холбоо бариад, намайг явуулсан юм. Намайг ус багатай газар төрсөн болохоор айж байна гэдгийг мэдээд л үүрч гол гарсан биз! Сэтгүүлч, та нар ч бас юм даваадуулахдаа гаршсан улс шүү дээ! гэж намайг хочлоод сэтгэл сэргээсэн яриагаар уулзсан юм.

Намхай жирийн малчны хүү цэрэгт ирээд салаа, суман, хорооны штабын дарга хүртэл шатлан ахиж, Чөлөөлөх дайны хүнд хүчрийг үүрэлцэж явсныг нь мэдэх боловч аравхан жилд ингэж дэвших болсны учрыг асуухад Намхай гуай

-Цэрэг хүн бол гүйцэтгэгч чанартай, бас итгэл хүлээх хариуцлагаа ухамсарлах сэтгэлтэй байх ёстой. Бидний үеийнхэнд энэ чанарыг дайны хүнд жилүүдэд төлөвшүүлсэн юм гэж дурсав.

Б.Намхай үнэхээр тийм чанаруудыг бүрэн эзэмшсэн хүн болох нь дайны үед, энх цагт ч эх оронд нь учирсан аюул, бэрхшээл тулгамдсан асуудлуудыг шийдэхэд түүний удирдаж байсан салаа, анги, салбар, хороо, армийн тэргүүн эгнээнд явж алдрыг хүртэж байснаас тод харагддаг юм.

Б.Намхай ёстой эцэж цуцахыг мэддэггүй хүн байсан гэмээр. Хаа ч явсан үндсэн нэгжүүд дээрээ хүрээд оччихсон зааж зааварлаад, үүрэг даалгавар өгөөд л явж байна. Ялангуяа, 1960-аад онд ЗХУ-аас шинэ авто хуягт танкийн техник их ирж, шинэ хороо, дивиз байгуулагдаад тэдгээрийг байрлуулах, хадгалах байгууламж бий болгох, мэргэжлийн офицер, дайчдыг сургаж бэлтгэх, техникийн заавар, дүрэм боловсруулж мөрдүүлэх гээд нойр хоолоо умартан зүтгэж байсан юм.

Б.Намхай удирдан зохион байгуулах авьяас, хүнээр ажил хийлгэж чаддаг нь төрөлхөөс заяасан гэмээр хүн! Ган зуд, өвчин тахал, гал усны аюул гарлаа гэхэд баахан машин тэрэг аваад л оччихсон байна. Хадлан, тариа хураалт, хавар намрын их ажилд ч ялгаагүй өнөөх Б.Намхайг л үгүйлцгээнэ. Түүнийг БХЯ-ны газрын дарга байх үед армийн авто хуягт танкийн бэлэн байдал 90 хувиас ер буудаггүй байлаа.

Жолоочийн сургууль, хөдөө аж ахуйн техникийн курс, сургууль, хээрийн сургууль, баярын парад, нүүдэл суудал гээд ардын армид Б.Намхайгийн оролцдоггүй зүйл ховорхон.

-Нэгэн үе арми авто техникийн мэргэжлийн ажилчид бэлтгэх уурхай болжээ. Монголын авто тээврээс төрсөн баатар, гавьяатны ихэнх нь армиас жолооч болсон хүмүүс байгаа нь сонин санагддаг бөгөөд нэг удаа армид автын жолоочийн сургууль байгуулж, 1000 жолооч бэлтгэснээс жолооч нарыг “Намхайгийн мянганы нэг” гэдэг нэр ч гарсан байлаа.

1973 онд болсон Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан томоохон хэмжээний хээрийн сургуулийн машин, техникийн голыг нугалсан гэдэг. Дорнодын мото буудлагын хороог Зүүнбаянд шилжүүлэхэд Намхай 300 машинтай цуваа гаргаж дивиз болгон зохион байгуулалцаж Ховд, Сүхбаатар, Өмнөговийн цэргийн ангиуд байгуулахад оролцож явав.

-Зэвсэг техниктэй ажиллана гэдэг нь хүнтэй ажиллах ажил юм. Хүнгүй бол зэвсэг техникийн ач тус гарахгүй. Товчоор хэлэхэд эзэн нь ямараас зэвсэг тийм байна гэсэн үг. Би Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч нараас хүнтэй ажиллахаас авахуулаад их юм сурсан. Орос хүн үнэхээр өмөг түшиг болсон гэжээ.

Та чинь ангийнхаа хэдэн гахайг шарж идээд арга хэмжээнд орсон гэдэг билүү? гэхэд: -Надаас олигтой юм олдохгүй байна уу? гэж тас тас хөхрөөд “Харин та мартчихсан юмыг сэргээлээ” гэж баярлан хэлсэн нь:

Тэгэхэд чинь би шинэ цэрэг, тэр үсгүй шахам цүрдгэр амьтныг мэдэхгүй, айдаг байсан юм. Манай ангийнхан ээлжээр хариулдаг байлаа. Нэг өдөр би хоёр хуучин цэрэгтэй хамт тэр амьтныг хариулсан юм. Орой тоолсон чинь 4-5 нь алга байв. Тэгээд л тэр шөнө биднийг хар гэрт суулгаад өглөө нь Гахай олж ирцгээ! гээд явууллаа. Өөрийн, хүнийхийг ч мэдэхгүй юм чинь нөгөө хоёр маань өөр ангиас хэдэн гахай тасдан хөөж авчраад өөрийнхдөө нийлүүлсэн юм даг. Сүүлд бодох нээ тэр золигнууд буруу гараар оруулчихаад ч тэгсэн юм уу, хэн мэдлээ! Надад их сургамж болсон доо! гээд инээв.

Б.Намхай хурандаа дандаа л инээмсэглэж явна. Уурлана гэж ер үгүй

Соёмбо сонин

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.55.190.68]

2016-09-20 20:02:09