etoim.mn
photos/fgfgfgf.jpg

Зохиолч М.Каземи АЙМШИГТ ХОТ роман

 

Тавдугаар бүлэг ЭЦЭГ ОХИН ХОЁР

Аав ээж хоёрын юу ярьсан, энэ саруулхан шөнө хашаан дээр суусан сэтгэлтэй хоёрын ярилцсаныг эрхэм уншигч авхай нартаа хэлэхээс урьд, жаахан урагшаа эргэж, Ф… эс сальтанэ Мэин хоёрын хооронд юу болсныг авч үзсүгэй. Мэинийг хашаа руу ирэхээс барагцаалбал хоёр цагийн өмнө, Ф… эс-сальтанэ, шилэн хаалга нь цэцэрлэг рүү харсан өрөөндөө бичгийн ширээний ар талд, зөөлөн сандалаа налан сууж байлаа. Харваас нэгэн зүйлийг бичнэ. Байдал ийм харагдавч, ойртоод очвоос, Ф… эс-сальтанэ хэдийгээр үзэг барьж, өмнөө байх өврийн дэвтрийн хуудсан дээр нэгэн зүйл ер хэнэггүй зурлавч, чухамдаа гүн бодолд оржээ. Яагаад энэ хүн алмайрав. Юугаа бодов. Юунд санаа зовов? Хэрэв уншигч та нар, Ф… эс-сальтанэ-ийн тухай түрүүнд хэлсэнд анхаарал хандуулсан аваас, аж байдалд нь заналхийлсан юм харсан энэ мэтийн хүмүүс, бодолхийлэхгүй санаа түгшихгүй сууж эс чаднам гэдгийг ойлгож буй за. Ноён Ф…-эс-сальтанэ- охиноо заримдаа, түүний төлөвлөн буй бодлоос эрс зөрүүтэй юм яриад байдгийг сонсжээ. Тэрээр, үүнийг бодон хагас цаг сууснаа, толгой өндийж: “Юу ч боддоггүй, тэнэг ээ энэ бүсгүй. Би гагцхүү охиноо гэж бодон, хэтийн сайхныг эмхлүүлэх гэж зүтгээд байдаг. Тэгэхэд энүүний байж байгааг, үеэл ах нүцгэн бандид дурлачихаад, хамаг явдал баллаж орхих нь: за харин би амьд байгаа цагт, яасан ч ингүүлэхгүй юм байгаа байх даа. Яагаад вэ гэвэл, хүүд нь охиноо өгснийг далимдуулан хунтайз К-ийн эвийг олж тариачдын нь саналаар би депутат болох учиртай юм” гэж амандаа бувтнаж буй нь дуулдахаар байлаа. Ф… эс-сальтанэ, хоёр шанаагаа тулж дахин бодолдоо умбалаа. Царай нь хачин боллоо. Залуу насандаа, цагтаа Ф… эс-сальтанэ завхарч явсан толгой. Одоо хэдий хөгширлөө ч, “шалиг явсны” нь хамаг ул мөр түүний нүүрэндээ үлджээ. Аймаар ч харагдлаа. Ийнхүү байсаар, Ф… эс-сальтанэ, толгой өндийж ширээн дэх хонх дарав. Тэр даруйхан үүд онгойж, нүүрэндээ цэцэг өвчний сорвитой намхан бүдүүн хүүхэн гарч ирлээ. Сайхь авгай мэхийн хүндэлснээ буланд чимээгүй зогсвоос: - Фирүзэ: ханум гэртээ бий юү. - Байхгүй аги аа, Оройхон гараад явчихсан. Одоо хүртэл эргэж ирээгүй байна. харин Мэин-ханум бий шүү ном уншиж байгаа гэсэнд, ноён Ф… эс-сальтанэ гэнэт гэдгэсхийн: - Чи, ном уншиж байна гэв үү дээ? Юун ном бэ? гэвэл Фирүзэ: - Би чинь ном мэдэхгүй шүү дээ… Чагнаад байвал сэтгэлтэй хоёрын дурлалыг бичсэн номноос л уншдаг гэлцэх юм. нэгэн язгууртан бүсгүй, залуу эрд дурлаж гэнэ гээд л гарч байна лээ. Тэдний явдлыг уншвал их ном мэддэг болдог гээд л ярилцсан, - Роман уншиж байсан байлгүй. - Яг зөв аги аа, роман уншиж байна гэсэнд Ф… эс сальтанэ: - За тэгж л байг. Мэинийг нааш ир гэж хэл хэмээн зарлиг буулгав. Фирүзий гарч, Ф… эс-сальтанэ ахиад өөртэйгээ ярилцсан нь: Манай энэ мунхаг охинд хаанаас тийм үг цувраад байдгийг би одоо л мэдлээ. Нэгэн эр хүүхэнд сэтгэлээ өгснийг уншиж тогтоочихоод, том болонгуут л үеэл ахдаа сэтгэлтэй болсон гэвэл муу юм надад алга гэж бодсон байх нь. Юу гээчийн хачин юм болж байнаа, учры нь олохгүй юм, манай энэ үед чинь Эмир-Арслан, Искандэрнаме, Гүсейн Кордоос өөр ном гараагүй. Харин хайрын тухай, тэгээд нөхцсөн хоёрын тухай номыг ер дуулаач үгүй. За яахав, муу болж гэж үү? Тэгвэл одоо зөвхөн үүн тухай л ярилцах болж. Хамаг буруу нь энэ сургуулиудад л байна. Би мэдэх ч үгүй, роман уншдаг ч үгүй. Хүн гиг юм бичиж чаддагүй ч үгүй. Тоо бодлогын ухааны талаар бол жаахан нэмдэг, тоолдог. За энэ ч яахав. Би бусдаасаа муу байна гэж үү? Тийм байх ёсгүй биш үү? Эрдэм номтой депутат болж үзээд, алс нь сайд болно… охин минь намайг хайрлаасай гэж боддогсон бол өв хөрөнгөнөөсөө салах учиргүй. Надад захирагдаж, би л хан нөхрий нь зааж байгаагаас цааш түүнтэй нийлж, ханиа гэж үзэх ёстой”. Энэ зуур хөлийн чимээ гарч, даашинз сэржигнэн, хаалга онгойн Мэин орж ирлээ. Түүний царай цонхигор, оюу мэт цэнхэр нүдээрээ, эцэг өөдөөр ширтэв. Байдлыг ажваас шийдмэг буурьтай аж. Урд талаасаа жаахан хагархай ягаан торгон даашинз өмсөж сүлжмэл үсээ эргүүлэн овойлгосон байв. Гивлүүргүй байлаа. Тэрээр бага зэрэг мэхийснээ зог тусав. Хэдхэн агшин нам жим өнгөрч, Ф… эс-сальтанэ бодлоо эмхлүүлэх мэт сууснаа: - Хүүхээ суухгүй яагаав? Мэин хариу эс өчин, үүдний хажуу дахь сандал дээр суув. - Хүүхээ яагаад дуудсаны учрыг мэдэж байгаа биз дээ? Чамтай нэгэн зүйл тоглоомгүй яримаар байна. Мэиний бие өөрийн эрхгүй арзасхийж, дотроо бодсон нь: “Юу болчихов, аав надтай юугаа тоглоомгүй ярих гэвээ? Чухал зүйл байгаа юм байлгүй. Биеэ зэхэх хэрэгтэй байна”. Ф… эс-сальтанэ үргэлжлүүлэн: - Ойлгов уу охин минь? Чамтай чухал нэгэн зүйл ярилцмаар байна гэсэнд Мэин: - Аав аа, сонсъё. Юу хэлэх гэсэн юм бол доо. Бушуухан яриач гэж хариу өчлөө. Тэгэхүйд Ф… эс-сальтанэ ярьсан нь: - Чамтай нэг юм яримаар…. Байна гээд байгаа чинь үнэндээ хэд хэдэн … асуудал юм шүү. юуны өмнө чамайг, цаг дэмий үрж, тархи гашилгахаас өөр юу ч өгөхгүй элдвийн балай ном цуглуулж гэж дуулсан. Тун эвгүй хадуурч байгаа юм биш үү. Юу уншиж байгаагаа мэдүүштэй. Надад таалагдахгүй байна гэдгийг чамд эцгийн ёсоор шууд ний нуулгүй хэлье. Эцгийн юу ярьж буйг анхааралтай, чих тавин чагнаж байсан Мэин энэ үе хариу бэлтгэн байснаа ер эргэлзэгүй: - Аав аа, хэрэв та энүүнийг л ярих гэсэн юм бол надад чагнах хүсэл даан ч алга. Намайг гаргахгүй юу. Ф… эс-сальтанэ үүнийг сонсоод дүрсхийж хэт уурлан бөмбөг тэсрэх мэт дуу гарган хаширсан нь: Охион! Эцэгтэйгээ яаж ярилцах ёстойг мартчихсан уу? Эцгийн уурласныг онцын явдал болголгүй Мэин ер тайван - Мартаагүй, ааваа яаж хүндэтгэхээ дандаа санаж явдаг. Миний бодож явдагт эсрэг юм яриад байвал цагаа дэмий л гарздах бий. Би сонсохоо ч болъё гэж өчив. Ф… эс сальтанэ түр зуур тайвширсан юмуу баахан дуугүй байснаа: - за тийм охион чиний зөв. Энэ ч явж явж онцгүй юм болох шиг боллоо. Шал дэмий юм чамтай ярилцжээ. Харин хоёр дахь асуудлыг чи юу гэдэг бол доо? - Би учры нь олохгүй байна шүү дээ? аав аа. Таны наад тоглоом чинь цаанаа ямар учиртай болохыг би ойлгохгүй байна. Тодруун яривал аятайхан биш үү? Ф… эс-сальтанэ гуай гэнэт босож охин руугаа очсоноо араас нь барьж ярьсан нь: - Охин минь аавынхаа үгийг чагна даа. Миний чамд ямагт сайныг мөрөөдөж явдгийг чи мэднэ. Сэтгэлдээ юу байгаагаа надад хэлэхгүй огт мэдэхгүй юм шиг булзааруулаад байгаа чинь базаахгүй байна. Мэин их л тайван - Аав аа, хөө учры нь олохгүй байна гэдгийг би түрүүн хэлсэн шүү дээ… “Хэрэв миний тухай танд хүн юм хэлсэн бол би мэдэж авъя” надад хэлээд аль гэв. Ф…эс-сальтанэ-ийн уур дахин шатаж: - Биеэ хаацайлаад байх юм алга гэж хашгирснаа хэрэв хэлж өгөхгүй бол би чамд хэлээд өгье… Ферох гэж юугаа яриад байгаа юм бэ? Энэ чинь юу болж байна даа? Энэхүү үгийг сонсуут Мэинийн зүрх гэнэт түргэн цохилов. Царай нь мэнчийн улайснаа цайрсаар цайрсаар шарангуй өнгөтэй болж ирэв. Тэрээр, биеэ арай ядан барьж бас нэгэн зүйлийг зөвшин хэлэх ёстой байсан учраас шүүгчийн өмнө зогсож буй мэтээр хэлсэн нь: - Аав аа, би өдий хүртэл зовж яваагаа танд хэлье гэж бодоогүй. Харин одоо Фероход би сэтгэлтэй, тэр ч мөн надад ялгаагүй гэдгийг танд шууд хэлье. Муу нь юу байна. Ийнхүү энгийн байдлаар үнэнээ хүлээсэн нь Ф…эс-сальтанэ-ийн хилэнг бадраажээ. - Мэин! Эүүний чинь би худлаа гэж бодож суулаа. Үнэн байх нь ээ. Алс хэтээ бузарлаж миний зүтгэж буй болгосон бүхнийг баллах нь уу. За тэгвэл, энэ чинь яасан ч бүтэхгүй гэдгийг хэлье. Ингэж айл гэр бололцох яагаад ч таарахгүй. Үүнийг сонсуут Мэин улам бүр цонхийв. Гэсэн ч биеэ барьсаар намуухан хэлсэн нь: - Аав аа юунд ингэж уурлана вэ? Яагаад нөхцөлгүй байдаг юм надад яриад өг л дөө. Танд татгалзах ямар үндэс байна. Би мэдмээр байна. Ф…эс-сальтанэ, дотроо “Аан-ха, миний уураас айж байна. Энэ охин миний дураас гадуур дургиж яасан ч чадахгүй, харин учры нь сайн тайлбарлая. Мөнгө хөрөнгө гэдэг чинь юу юм бэ? гэдгийг олигтойхон хэлж өгч өөрийнхөө бодлыг ч яръя. Ер нь тэгээд мунхаг бодлогоо ч орхиг” гэж бодсондоо хэлсэн нь: - Охин минь, би зөвхөн чинийхээ төлөө сэтгэл зовж суудаг. Одоо үед энэ хорвоо гэдэг чинь зөвхөн мөнгө дээр тогтож байна шүү дээ. Үүнийг ухаарч, чамд сайныг мөрөөдөхдөө би юугаа ч хайрлаагүй, чиний аз жаргалыг төвхнүүлэхэд юугаа ч хайрлахгүй, Ферох чиний үеэл ах гэдэг нь ч яахав гэхсэн харин чамтай зэрэгцүүлж үзэхэд ядуу хүн шүү дээ. Хүүхээ, түүнийг бодохоо боль. Даан ч тэнцэхгүй хадам шүү. Намайгаа өөр муйхар юм руу бүү гүйлгээрэй мэдэв үү? Аавынхаа үгэнд ороорой, тэр мангуу явдлаа ахин бүү давтаарай. - Аав аа, Ферох дуу болоод ч тэр юм уу, түүнээс чинь миний сэтгэл салахгүй. Таны бусад бодсон чинь илүү чухал байж магадгүй тэгвэл хэл л дээ. Илүү үнэмшүүлэх чадалтай байж мэднэ гэж Мэин өчвөөс Ф…эс-сальтанэ дооглон инээвхийлж: - Уг явдал чамд хамаагүй нь эргэлзээгүй. За энэ яахав. Тэгвэл эцэгт чинь хэрэг болоод тэр зүйл чамд нөлөө үзүүлж болох биш үү? Учры нь мэдэж байна уу, чи надад хэрэгтэй байна. Гэртээ хэрэг болоод байна. Одоогийн манай үед хүн болгон хүүхдээрээ далим гаргаж амьдралдаа ахидаг болжээ. Авирах шат болгоныг улам улмаар дээшилдэг болсон байна. манай Перс улсад энэ бол бүр их. Гэр бүлийн сүлбээ ямагт хүн дээшлэхэд тус болж байна. Миний хүргэн ерөнхий сайд гэж бодоод үз л дээ. Тэгвэл би чинь сайд үгүй ядаж сайдын түнш байх шүү дээ. Хүүхээ одоо миний хэлэх гэсэн юмны учрыг олов уу? - Үгүй ээ ааваа ер ойлгосон юм алга гэж Мэин хариу өчив. - Хачин аа, Юу ч ойлгосонгүй гэдэг чинь яагаад тэр билээ. Мод тарьсан хүн үр жимс ургахы нь хүлээдэг учиртай хүүхдээсээ ч мөн ялгаагүй тэднийгээ ашиглах гэж бодолгүй яахав. Айл гэр болоод аж төрнө, өвгөнд бөөн баяр. Тэрний чинь энхрийлнэ, хайрлана. Би ч мөн тэгнэ. Би мөн ялгаагүй эхлээд чамайг ханьтай болгомоор байна. Чамд таарах сайхан эр хараад яваа хүн. Хоёрдугаарт цаадах хүнээс чинь би хонжоо ашиг хармаар байна. Чамайг сайн айл болгосны ачаар би бас депутат болно. Аавынхаа тусын тулд ийм юм хийхийг хүсэхгүй байгаа биш биз дээ? гэсэнд Мэин: - Учры нь мэдлээ ааваа. Намайг ч өөрийн сонирхолдоо нэр төр хөөцөлддөг булайдаа ашиглаж алах гээ юү гэж түргэн хэлэв. Ф…эс-сальтанэ баахан сандарч өөрийгөө цагаатгахыг оролдон: - За яалаа гэж дээ охин минь. Би чамд хэлээд байна шүү дээ… чамд хань болох хүн олохдоо чиний сонирхлыг тун ихэд бодож хамгийн баянаас нь шилж авсан. - Үгүй дээ. энэ бүхэн чинь намайг Ферохоос хөндийрүүлэх шалтаг болохгүй. - Ф…эс-сальтанэ энэхүү үгийг даасангүй. Галзуурсан мэт уурлаж гар гэнэт гялсхийн Мэинийн мөр хүзүү хоёрын нийлсэн гагцхүү янагийн халуун хушуу хүрс үнсэх тэр газар луу тэнхээ мэдэн нударга буулгав. Мэин часхийн хашгирав. Ф…эс-сальтанэ нэг цохиод уур нь дарагдсангүй харин ч хэдэнтээ цохиж хашгирсан нь: - Хараач, надтай яасан зоригтой зөрнө вэ? Чамайг би өв хөрөнгөнөөс чинь салгана. Андгайлъя! Мэин аавын төлөө ичих шиг болж толгой дарлаа. Охины гутарсан байдал эцгийн эгдүүг хүргэлээ. Гэвч уураа барьж цочирхон хойш болоод: - Хараад байвал чи ерөөсөө мал юм. Ердөө л энэ байна. Одоо бос эндээс зайл. Харин Ферохтой нийлж хурим хийнэ гэж бүү санаарай. Мэин бараг юу ч ухааралгүй босож гараад өрөөндөө дөнгөж хүрүүт ор руугаа ухасхийв. Хоёр гараараа толгойгоо атгаж зөөлхөн ярьсан нь: - Яах вэ яая даа байз. Ингэж сэтгэлээ өгчихөөд Ферохыг орхино… гэж үү? Үгүй. Үгүй. Яасан ч үгүй. Тэр минь надад хэрэгтэй. Өөр хэн ч миний нөхөр болохгүй. Мэиний торомгор нүднээ айхтар зовлон тодорч хоёр дусал нулимс хацрыг даган бөмбөрлөө. Энэ дэлхийд эмэгтэй хүний хувь заяа дутсан манайх шиг газар бүсгүй хүн байх юу гээчийн зовлон бэ гэж найдлагагүй ганцаардмал байдалд орчихсон тэр бүсгүй бодлоо. Жинтүүнд нүүрээ наагаад хоёр мөрөө чичигнүүлэн зөндөө уйлав. Ферох хүлээж байх ёстой аав яриад хагас цаг илүү саатуулчихаж ханан зуух дээрх цаг минь нар жаргаснаас хойш хоёр цаг хагас илүү өнгөрснийг зааж байна, Ферохын минь горьдлого тасарч байж магадгүй гэж гэнэт ухаарав. Одоо сайхь бүсгүй сэгсийсэн үсээ самнахаар сам эрэх зуураа “Хонгор минь хайрт минь одоо очлоо” гэж шивнэн байлаа. Уйлж улайсан нүдний нулимсны ор мөрийг нууя хэмээн бодов. Цагаан ороолт мөр дээрээ хаяж үүдээрээ ухасхийн гараад мэин шатаар гүйн бууснаа цэцэрлэгийн гүнд оров. Ферохын хүлээн буй цэцэрлэгийн хана хүртэл зуун алхам байх ёстой хэмээн зүрх нь булгилан долгилон тоолон алхлаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх