etoim.mn
photos/hey.jpg

Лавайн Энхсайхан  Өгүүллэг

Гэнэ гэнэхэн сэтгэл сэрвэлзүүлэн цээжний хоймор өөд зурвас зурвасхан гэгээ бадамлуулсаар чимээ аниргүй атлаа нэг л мэдэхэд бидний дотоод оршихуйн аль л эмзэг нандин дайд бүхнийг эзэмдэж орхисон байдаг анхны хайрын гэгээхэн совинд өөрийн мэдэлгүй автан эгшиглэж үзээгүй хүмүүн гэгч энэ амьдралын хамгийн сонирхолтой амтлаг, мартахын аргагүй хөгжимлөг нандин хэсгийг мэдэрч үзээгүй азгүй амьтан юм бишүү. Хавар эртийн хэнзхэн цэнхэр яргуйн эмзэг турьхан дэлбээ мэт нэг л мэдэхэд сэтгэл зүрхний хойморт дэлгэрэн урин дулаан цагийн салхи савир, аялгуу эгшигийг хөгжөөж орхисон байдаг энэ нандин сэрэхүй хүн бүхэнд өөр өөрийн зөн совин мэдрэмж ,уянга эгшгийн хөг найрсал авч ирдэг нь гайхалтай ... Миний анхны хайр хоёр салаа гэзгэн дээрээ том цагаан туузан цэцэг зүүсэн хүлцэнгүй зөөлнөөр мэлмэрсэн нүглийн сүүдэргүй тунгалагхан хар нүдтэй зэгзгэр турьхан нуруутай , тэгшхэн чийрэг хөлтэй , гэрэл цацартал мишилзсэн дуу цөөнтэй бор охин байлаа.Тэр минь их цэвэрчээс гадна хичээлдээ ер нь гавал шүү. Би тооны хичээлд муу байсан минь зол болсон юм . Намайг нэг шалгалтанд унасаны минь дараа Гэрлээг надад хичээлийг нь зааж өгч байгаарай гэснээс хойш бид бие биенээ илүү сайн мэдэх болсон ба өдөр ирэх тусам түүнд татагдаж ямар нэгэн сайн сайхан юм түүнээсээ нээж олох бүрийдээ гайхан биширсээр би Гэрлээдээ унаж тусан дурласан юм... Нэгэнтээ алгебрийн сонгоны дараа Гэрлээ бид хоёр хичээлээ давтсаар нэлээд оройтсон ч би түүнтэйгээ л байвал хамгийн их аз жаргалтай байх тул тун ч баяртайгаар түүнийгээ дөхүүлж өгөхөөр явсан юм . Замдаа нохой гахай ,харанхуй булан таарахад тэр минь заримдаа цочиж айхын эрхэнд надруу шигдэхэд бүлээн дулаахан булбарай гар нь гарт минь санамсаргүй шүргэх бүрийд цахилгаанд цохиулсан мэт хамаг биеэр минь жирэлзэхэд амьсгал дээрдэн зүрхний минь цохилт түргэсэн мансуураад ч байх шиг нэн таатай байлаа . Энэ агшинд би өөрийгөө хэн гэдгээ мартан түүнийгээ арслан барсаас ч хамгаалж чадмаар санагдаж байсаныг хэлэхүү тун ч урамтай явахдаа 8-р ангийн нусгай баньд гэдгээ аль эрт мартсан байлаа. Гэрлээгийнх хамгийн захын гудамжны дунд хирд байдаг байсан юм . Тэдний ар талын нарийн гудмаар хоёулаа ярьсан яриандаа автаж инээлдсээр гарч ирвэл 9-н б- гийн 3 баньд зогсож байх нь тэр . Тэд надаас бяр чацаар илүүгээс гадна нэг нь бүр ангийнхаа овгор байлаа. Түүнийг хогийн Пүрвээ гэх ба ээжтэйгээ амьдардаг нэлээд эвдэрсэн нөхөр байсан юм. Тэрбээр бид хоёрын нүүрэн дээр гар чийдэнгийнхээ гэрлийг тулгаж тусгахад Гэрлээ миний гараас зуурсан байлаа . Пүрвээ -За залуу юу хийж явна хүүхэн дагуулчихсан их одтой эр байх нь ээ гэхэд түүнээс архи сэнгэнэж байлаа. –Наадхи чинь миний үерхдэг охин мэдэвүү гэтэл Гэрлээ -Яасан муухай худалч юм бэ гэж дуу алдвал - Чи дуугай бай гэснээ надруу тулж - Залуу яагаад ахынхаа найз бүсгүйг эргүүлээд байна ? Хогийн Пүрвээ хоолойг чинь хэрчиж чадна гэж бодохгүй байна уу гэснээ -Яагаад дугарахгүй байна аан За залуу 15 суниачих чадвал чамайг эр хүн болж гэж тоогоод зүгээр явууллаа наад охин чинь угаасаа минийх гэснээ Гэрлээг чангаавал надруу хярсан туулай мэт бүлтэгнэн шигдэх нь өрөвдөлтэй. Би ч 15 суниаж чадна л даа Гэрлээг тавиад явуулна гэсэн бол ч суниамаар л байлаа. Гэрлээгийнхээ дэргэд зөвхөн хар амиа авч гарахын тулд суниагаад зогсч байх шиг ичгэвтэр юм хаана байна . Би арайч тийм ядарсан эр бишээ гэж бодож зогстол -Өө гүргэр бацаан байх нь Май чи гэнгүүт нүднээс гал бадраад явчихав. Гэрэлд гялбасан нүдэн дээр минь бас нэгэн гэрэл асч харанхуйд дасч амжаагүй байтал Гэрлээг минь миний хажуугаас суга татахад нь рефлексээрээ явуулж орхисон чинь сохор азаар онов бололтой нэг нь дуу алдсанаа нугдайгаад явчихад нь хэд сайн өшиглөж аваад эргэтэл Хогийн Пүрвээ надруу улайрсан бух шиг шуугиж ирэхэд нь мөчөөгөө өгөлгүй хэд сайн нулилцаад авсан ч нөгөөхтэйгээ элбэхэд нь яах ч аргагүй дийлдэн дор нь ороод гутлын алчуур болж явтал Гэрлээ маань чарлахад хаанаас минь тийм хүч гарсаныг бүү мэд толгой түрүүгүй өшиглөх тэр хоёрын дороос босохдоо газар тэмтэрвэл азаар мод бололтой тохой хэрийн хатуу юм таарахад нь атгаж аваад Гэрлээг чирж явсан этгээдийн нурууруу хэд хэд цохьтол чимээгүй доошоо унасан ба Хогийн Пүрвээг гүйж ирэхэд тархин дундуур нь буулгаж орхиод Гэрлээгээ хөтлөн гүйсээр тэдний хашааруу орсоноо гэнэтхэн хүн алчихаагүй байгаа гэж айдас хүрсэнээс гадна Гэрлээгийнд орох уу яах уу орохгүй гэхээр нөгөөдүүл чинь бүр ч заналтай хүлээгээд зогсож байх нь дамжиггүй оръё гэхээр нүүр ам хувцас хунар минь ямар байгаа бол намайг ингээд орохоор Гэрлээгийн аав ээж дүү нар юу гэх бол гэхчилэн бодит байдалтай гэнэтхэн нүүр тулан самгардаж зогссон намайг Гэрлээ маань нөгөөдүүлээс айсандаа бараг чирээд шахуу гэртээ оруулчихав. Зол болж аав ээж 2 нь хөдөө явсан байсан ба эмээ нь дүү нартай нь уулгалж угтлаа. –Ээ бурхан минь та 2 чинь яачихаа вэ - -Үгүй наад хүүхдийн чинь нүүр нүд гэхчилэн шогширох хоорондуур ширээний араар 2 тэрсхэн баньд надаас айсан бололтой нуугдаж суусанаа нүд хариулж тарвага шиг булталзаж харангаа хоорондоо шивнэлдэж байнаа -Энэ ах онгирч байгаад хусуулчихсан байхаа чи тэр нүдийг нь хараач -Харин тиймээ чи тэр хувцасыг нь хараач цаадах нь цамцыг нь цуу татчихаж бас цус нь гоожчихож -Тийм байна алуулах дөхөөд манайруу зугатаж ирсэн байхаа -Араас нь нөгөөдүүл нь ороод ирвэл яанаа -Хоёулаа тэгвэл аав ээж хоёрын орны доогуур орж байгаад харна шүү -Гэрлээ эгч энэ нүд нь хөхрөөд хавийн юм нь цус болчихсон аймаар юмыг яах гэж дагуулж ирсэн юм бол -Аав ээж 2 байсан бол лав хөөгөөд гарганадаа -Манай аав мундаг тиймээ -Доржоо цагдаагаас мундаг ш дээ Гэрлээгийн эмээ Бурхан шүтээнээ дуудаж энэ тэрүүгээр бөндөнөсөнөө Хоёр зээгээ – Дуу зүггүй тархинууд гэснээр тэд чимээгүй боллоо. Гэрлээ маань эмээдээ намайг өөрийгөө хамгаалаад хэлмэгдсэн баатар гэж ойлгуулаад миний цус нөжийг угааж тоос шороог минь цэвэрлэн хавдаж хөхөрсөн нүдэн дээр минь жин тавьж ,байн байн яаж байна ийж байна гэх нь миний өмнөөс өвдөж байгаа болов уу гэлтэй харагдана . Арай жаахан хүн төрхөндөө ороод хэдийгээр нөгөөдүүлээс айж байсан боловч нэрэлхсэндээ харихаар зүтгэсэнд Гэрлээ эмээтэйгээ хоёул загнах аргадахыг хослуулсаар бодлыг минь өөрчилж намайг цааргаласаар атал дээр нь сууж ч зүрхлэмгүй цэвэрхэн зөөлөн энхэр үнэр анхилсан өөрийнхөө орыг надад засч өгөхөд нь хичнээн бэргэвч ямар их таатай байсаныг мартахын аргагүй ээ ингэж би гэдэг хүн ичгүүр айдас, догдлол баярын дундуур анх хадамлаж өө үгүй юм байна ирээдүйн хадмындаа хонож байсан минь мартахын аргагүй аз жаргал, итгэл найдвар, түгшүүр эргэлзээ, ирээдүйн сайн сайханд хөтөлсөн хүсэл мөрөөдлийн ундрага аль алиныг нь надад авч ирсэн юм . Гэнэхэн гэгээн хүүхэд насны эмзэг нандин хайр гэгч нэгэнт зүрхэнд асч бадамлаваас яахин амар хялбар унтрах билээ л... Намайг Гэрлээгээр асруулж тойлуулан салахын аргагүй амттай мөрөөдөлд умбаж хонох хойгуур зөндөө хэрэг мандсан байлаа. Нөгөө 3 овгор чинь хүнд хөнгөн гэмтсэн ба Хогийн Пүрвээ бүр эмнэлэгт хүргэгдэж цус нь тогтохгүй нэлээд тэвдүүлсэн гэсэн яриа жижигхэн сууринд минь хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдэж үнэн худал хачир нэмэгдэн Гэрлээ бид 2 өөрийн мэдэлгүй хүмүүсийн анхаарлын төвд орсон маань эхлээд бид хоёрыг их л эвгүйцүүлж байсан авч сүүлд нь бодоход миний бяцхан зүрхэнд өөрийнхөө хөг аялгууг олж ядан эгшиглэж хааш нь ч хамаагүй цалгиулан хөтөлж мэдэх байсан эмзэг нандин хайрыг минь адислаж харин чиг зөв голдиролд нь оруулж өгсөн юм байна гэж сэхээрсэн юм ... Уг явдалын маргааш битүү хавдаж хөхөрсөн нүүр нүднээсээ ичиж эвгүйрхэн ээжийнхээ үглэж дуулан аргадаж эвийлэн элдэвлэхэд нь ялархан буруу харж хэвтээд Гэрлээгээ бодож мөрөөдөлд умбасаар зүйрмэглэчихсэн байлаа. Нойрон дунд ээжийгээ –Ээ Бурхан минь яадаг билээ гэж чангаар уулга алдахад эргэн харвал Гэрлээгийн хоёр дүүгийн ярьдаг Доржоо хэмээх биерхүү сүрлэг цагдаа зогсож байлаа. Учир байдлыг эжийд минь ярьсан бололтой . Доржоо цагдаа намайг дагуулж гарахад миний муу ээж орох байх газраа олж ядан –Ээ Бурхан минь төрийн минь сүлд муу хүүгий минь өршөөж хайрла гэж үймрэн бид хоёрын наана цаана орж бөндөгөнөсөнөө Солонгост ажил хийхээр явсан аавруу минь ярихаар утасныхаа товчыг олж ядан хоцрох нь өрөвдмөөр байлаа. Намайг нөгөө 3-г төдийгүй Гэрлээг ч бас байцаасан юм. Хогийн Пүрвээ хоншоортой эр биш байлаа өөрөө бүх юмыг эхлүүлсэн атлаа ээжтэйгээ нийлж худлаа нээрээ гэмтэл согог олсон гомдолтой гэж охин царайлсаар байгаад хот хүрээ явж мэргэжлийн эмчид үзүүлж асруулж сувилуулна эмчилгээний зардал, замын зардал, гэмтэл хохирол учруулсаны төлбөр гэж нэлээдгүй мөнгө салгаж аав ээж хоёрын маань машин авах гэж хураасан хэдэн төгрөгийг чамгүй дундалсанаар энэ явдал дууссан юм . Хэлэмгий доломгойгоороо түрий барин эрүүгийн хуулийн зүйл анги дурдан намайг яллуулахаар улайран зүтгэж байсан тэднийг Гэрлээгийн маань аав ээж учирлаж ятгасаар гомдлыг нь буцаалгаагүй бол юу болох байсаныг бүү мэд. Гурван сар гаран цагдаа шүүхийн хаалга сахьсан минь Гэрлээ бид хоёрыг улам ойртуулсанаар зогсохгүй манай хоёр гэр бүлийг бидний хамтын асуудал зовлон нягтруулсан төдийгүй нэг нэгнээ ойлгож хүндлэхэд хүргэсэн гэдгийг дурдахгүй байхын аргагүй . Хэдий тийм ч гэсэн Гэрлээ бид 2 тэгтлээ их цагаандаа гарчихсангүй хүүхдийн хиргүй цагаахан сэтгэлээр л үерхэж хэн хэнийгээ харахаар баясан хөөрдөг байлаа. Нэгэн орой Гэрлээтэйгээ уулзан гадаах сандалд дээр нь удтал суухдаа нөгөө хоёр дүүгийн нь хамжааргагүй яриаг сэм чагнаад Гэрлээ бид хоёр хэн хэнээсээ ихэд ичсэн боловч таслалгүй сонссон юм... Тэр хоёр бид хоёрыг гадаа байгаа гэдгийг мэдэлгүй хашаан дотор хураасан түлээн дээр зэрэгцэн суугаад ярьж гарав. –Дондогоо чи Гэрлээ эгч Сайнаа ах хоёрыг үнсэлцэхийг харсан уу? -Үгүй хэзээ үнсэлцсийн -Саяхан нэг орой Сайнаа ах Гэрлээ эгчийг ингэж тэвэрч аваа л ингэж мэнгээл Нэг нэгэндээ яасныг нь үзүүлж байгаа бололтой Гэрлээ намайг нударсанаа хоёр дүүгээ загнахаар шийдэв бололтой өндийхөд нь би түүний ханцуйнаас доош нь татаж уруул дээрээ гараа тавилаа. Гэрлээ маань ихэд ичсэн бололтой бүрэнхийд хацар нь час улайсан харагдах нь түрүүхэн нар шингэсэн зуны энэ налгар үдшийн тэнгэрийн хаяа мэт харагдав. Тэд хэсэг чимээгүй байсанаа -Кинон дээр гардаг шигүү -Тийн туршиж үзэв бололтой -Муухай л юм байна ш дээ -Эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгэхээр гоё байдаг байх л даа -Гэрлээ эгч Сайнаа ах 2 суучихвал гоёо -Чи Сайнаа ахад тийм сайн юм уу -Сайн байлгүй яадгийн Хогийн Пүрвээг хоёр найзтай нь зодож чадсан юм чинь мундаг байгаа биз? -Чи өөрөө эхлээд ирэхэд нь аймаар муухай л гээд байсан биз дээ -Тэгэхэд чинь хавийн юм нь шороо мороо цус мус болоод нэг нүд нь байхгүй болчихсон байсан юм чинь -Тэр ч тийм л дээ -Одоо бол гоё болчихсон байгаа биздээ Гэрлээ эгчийг хамгаалаад 3 том хүүхэдтэй тэгээд бүүр Хогийн Пүрвээтэй зодолдоод дийлсэн юм чинь мундаг байгаа биздээ -Хогийн Пүрвээ чинь манай сургуулийн овгор гээ биздээ -За тэр би том болохоороо Сайнаа ах шиг мундаг болоод Хүүхдүүдийг дээрлэхдэг онгироо юмнуудыг нам нам цохино тэгээд Доржоо цагдаагаа ч айхгүй -Тэгвэл би том болохоороо Доржоо цагдаа шиг мундаг цагдаа болоод Хогийн Пүрвээ, Онгироо шар ,Согтуу Чулуун гуай шиг муу хүмүүсийг бүгдийг нь гавлаад шоронд хийчихнэ. Хэсэг чимээгүй болсоноо -Амгаа дурлал гэж юу байдгийн -Их л сайхан юм байдаг байх -Чихэр шиг үү -Шоколад шиг -Сайнаа ах Гэрлээ эгчид дурлачихсан юм уу -Би тийм байх л гэж бодож байна -Гэрлээ эгч бас Сайнаа ахад дурлачихсан байхаа -Яаж байна -Сайнаа ахыг дуудахаар хацар улайгаад бушуухан гараад явчихдаг ш дээ -Хацар нь улайхаар дурладаг юм уу -Мэдэхгүй -Сайнаа ах Гэрлээ эгч 2 суучихаасай -Яах нь уу -Сайнаа ах шиг мундаг ахтай бол хүүхдүүд надруу онгирохгүй ш дээ ... Ээж нь хоолоо ид гэж дуудаагүй бол тэр хоёр цааш нь юу ярих байсаныг бүү мэд. Цав цагаан цаас мэт хүүхдийн ариухан бодол ийм байдаг байж.Тэр нэгэн оройны явдал болоогүй бол миний хувь заяа хааш нь намайг хөтлөх байсаныг бүү мэд. Бурхан л тэгж зохицуулсан байх гэдэгт яагаад ч юм бэ би огт эргэлзэлгүй итгэдэг юм. Зүрх сэтгэлд минь үүрээн зассан хайр сэтгэл намайг ямар их аз жаргал баяр баясгаланд умбуулж орчлон ертөнцийг ямар их гэрэл гэгээтэй уужим сайхан болгодогийг мэдрэх бүрийдээ намайг Гэрлээтэй минь учруулсан Бурханд ч юмуу тэр нэгэн далдын хүчинд дахин дахин баярлан талархаж явдаг юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх