etoim.mn
photos/eeererrr.jpg

Габриель Гарсия Маркес:   - 05 буюу төгсгөл

Хатуу зэмлэлд гайхаж цочирдсон Улисес майхнаас гарч алга боллоо. Эрендира нууцхан зэвүүцэж, бүтэлгүйтэлдээ бухимдан, нойрсож буй эмээгээ харан зогсоход үүрийн гэгээ тодорсоор, шувуудын жиргээн сонсогдох дөхөж байлаа. Тэр үед эмээ нүдээ нээн ач охиноо дулаахан инээмсэглэлээр харснаа, -Бурхан чамайг ивээг, охин минь гэв.  Өдөр тутмын хэв зуршлын дараалал солигдсон нь цорын ганц анхаарал татахуйц өөрчлөлт байлаа. Лхагва гариг байсан ч эмээ бүтэн сайны хувцсаа өмсөхийг хүсчээ. Эрендираг арваннэгэн цагаас өмнө үйлчлүүлэгч битгий хүлээн аваарай гээд хумсыг улаан хүрэн өнгөөр будаж, үсийг хамба ламынх шиг самнаарай гэв.  -Зургаа авахуулахыг хэзээ ч ингэж их хүсч байгаагүй юм байна шүү хэмээн эмээ дуу алдлаа. Эрендира эмээгийнхээ үсийг самнаж эхэлсэн ч ширэлдээ нь тайлагдахын оронд үс нь туг тугаараа самны шүдэнд татагдан сугарч иржээ. Айсан охин түүнийг эмээдээ үзүүлэхэд эмээ нь харчихаад бас нэг бөөн үсийг хуруугаараа чангаахад бас л салж гарт нь бөөгнөрөв. Тэрхүү үсийг шал руу шидчихээд гараа явуулан дахин чангаатал бүр том туг үс сугаран гарч ирлээ. Тэгээд хоёр гараараа үсээ зулгаан шидэлж, ойлгомжгүйгээр баясан, чанга чанга хөхрөн атга дүүрэн үсийг агаарт цацсаар толгой нь арилгасан самар мэт халзан болжээ. Эрендира Улисесийн сургийг гаргалгүй хоёр долоо хоног өнгөрсний дараа майхны гадаа шар шувуу дуугарахыг сонсчээ. Эмээ төгөлдөр хуураа тоглож эхлэн, хуучнаа санагалзан орчноосоо тасарсан байлаа. Гялалзсан өдөн хиймэл үс толгойдоо угласан байв. Эрендира уульны дуудлагад хариу өгч байхдаа л төгөлдөр хуурын хайрцагнаас гарч, өвсний доогуур сунан орж харанхуйд уусан алга болж буй дэлбэрэгч дарьтай олсыг олж харжээ. Тэрээр Улисес руу гүйж очоод хамтдаа бутны ард нуугдан, харанхуйг огтлон майхан руу орж буй дэлбэрэгч олсны үлдээж буй цэнхэр дөлийг түгшингүй ширтэж байлаа.  -Чихээ тагла хэмээн Улисес хэлэв.  Хоёулаа чихээ тагласан ч тэгэх шаардлага байсангүй. Дэлбэрэлт болсонгүй. Майхан дотроосоо гэрэлтэн цацарснаа ямар ч чимээгүй шатан хайлж, нойтон дарины утаанд замрхан алга болов. Эмээгээ үхсэн хэмээн итгэсэн Эрендира тэнд зориглон очтол түлэгдсэн хиймэл үс, салмарсан цамцтай эмээ нь амьд, цоглогоор барахгүй хөнжлөөр галыг унтраахаар оролдож байлаа.  Улисес эмээгийн замбараагүй тушаал зааварт толгой нь эргэж, юу хийхээ мэдэхгүй шуугилдсан индиануудын дундуур орж алга болов. Гал, дөлийг номхотгон, утааг арилгасан ч майхнаас юу ч үлдсэнгүй.  -Энэ ч чөтгөрийн хараал байх. Төгөлдөр хуур ингэж дэлбэрнэ гэж байдаггүй юм хэмээн эмээ хэллээ.  Эмээ шинэхэн гай гамшгийн учрыг олох гэж янз бүрийн таамаг дэвшүүлсэн ч Эрендирагийн мөрөө хавчсан, тайван, хэнэггүй байдал толгойг нь эргүүлж орхижээ. Ач охиныхоо зан байдлаас ямар нэг хар сэжиг олсонгүй, Улисес байсныг ч санасангүй. Эмээ хардлага, таамаг дэвшүүлж, алдсан эд хогшлоо тооцоолсоор үүр цайтал сэрүүн суужээ. Тун бага, муу унтав. Өглөө нь Эрендира эмээгийнхээ алтан гулдмайтай хантаазыг тайлтал мөрөн дээгүүр нь цэврүү үсэрч, цээж нь түлэгдэн хорчийсон байлаа. Охин эмээгийнхээ түлэгдсэн арьсан дээр өндөгний цагаан түрхэж байхад эмээ “Унтахдаа эргэж хөрвөөгөөд байсан чинь ийм учиртай байж. Бас хажуугаар нь хачин зүүд зүүдэлсэн” хэмээн бувтнаж байв. Эмээ тэрхүү зүүдээ эргүүлэн санахаар анхаарлаа төвлөрүүлсээр саяхан харсан мэт тодоор эргүүлэн авчирлаа.  -Энэ чинь цагаан дүүжин орон дээрх тогос байсан байна шүү дээ хэмээн өгүүлэв. Эрендира гайхсан ч өдөр тутам үзүүлдэг төв царайгаа гарган, -Сайны тэмдэг л биз. Зүүдэнд орж ирдэг тогос чинь урт настай амьтад байдаг хэмээн худлаа ярилаа.  -Бурхан чамайг сонсог. Бид эхэлсэн газраа эргээд ирлээ. Одоо бүхнийг эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй хэмээн эмээ хэлжээ.  Эрендира гайхаж цочирдсонгүй. Эмээгийн нуруу, мөрөнд өндөгний цагаан түрхэж, халзан толгойг нь гичээр бүрхээд хөвөн самбайтай түмпэнг барин майхнаас гарлаа. Түмпэнд өндөгний цагаанаас дахин нэмж, дал модны доорх гал тогоондоо тонголзож байхдаа ширэмний цаанаас цухуйх Улисесийн нүдийг олж харжээ. Улисес анх удаа орных нь араас цухуйхдаа яг ийм нүдээр харж байсныг санав. Охин гайхсангүй, харин ч цөхрөнгүй хоолойгоор түүнд, -Чи миний өрийг нэмэгдүүлэхээс өөр юу ч хийж чадсангүй гэж хэлжээ. Улисесийн нүд түгшүүрээр дүүрлээ. Тэрээр хөдөлгөөнгүй болж, өөрийг нь байхгүй байгаа мэт үл тоомсорлон өндөг хагалж буй Эрендираг чимээгүй ширтэн зогсов. Хэсэг мөчийн дараа Улисесийн нүд хөдөлж, гал тогоонд байгаа өлгөөтэй сав суулга, сүлжсэн нарийн ногоо, тавга, хутга тэргүүтнийг гүйлгэн харлаа.  Эрендира түүн рүү дахиж харсангүй. Харин Улисес урцыг орхин гарахад түүнд намуухан дуугаар ингэж хэлжээ. -Сэрэмжтэй байгаарай, түүнд үхлийн дохио илэрсэн байгаа шүү. Тэр цагаан дүүжин орон дээр тогос байна гэж зүүдэлсэн. Гартаа хутга барин орж ирсэн Улисесийг харсан эмээ итгэмээргүй хүч гарган таяггүйгээр өндийн зогсож гараа өргөн, -Залуу минь, чи галзуурчээ хэмээн хашгирав.  Улисес үсэрч очоод эмээгийн нүцгэн цээж рүү хутгаа дүрлээ. Эмээ нэг чанга гасалснаа хөвгүүний дээр гарч баавгайнх шиг хүчтэй гараараа хоолойг нь багалзуурдах гэж оролдов. -Өлөгчний зулбасаг. Урвагч сахиусны нүүрийг би хэтэрхий орой таньжээ хэмээн архирчээ.  Улисес хутгатай гараа суллаж дөнгөн хавирга руу нь дахин дүрсэн тул эмээ юм хэлж чадсангүй. Эмээ дахин нэг аяархан хүрхэрснээ түрэмгийлэгчийг бүр их хүчээр тэврэн авлаа. Улисес ямар ч өршөөлгүйгээр гурав дахь дайралтаа хийж дахин хутгаа зооход цус пүлхийн үсэрч нүүрийг нь будаж орхижээ. Тосорхог, гялалзсан, ногоон өнгөтэй, гаатай зөгийн бал мэт цус байв. Гартаа түмпэн барин орж ирсэн Эрендира тэр хоёрын тэмцэлдээнийг аймшиггүй тайвнаар харж байлаа. Лагс, том биетэй, өвдөж дүрэлзсэндээ архирах эмээ Улисесийн биеээс чанга зуурч авчээ. Түүний гар, хөл, халзан толгой нь хүртэл ногоон цусаар бүрхжээ. Тарчлан сөөнгөтөх амьсгаа тэр хавиар дүүрлээ. Улисес мэстэй гараа дахин сугалж аваад гэдсийг нь хүүлж орхитол цус годгодон үсэрч бүх биеийг нь ногооноор будаж орхив. Эмээ амьд үлдэхийн тулд амьсгаа авах гэж оролдоод газар шургачин унажээ. Улисес эмээгийн цуцсан гарнаас сугаран хором ч хүлээлгүйгээр газар унасан лагс бие рүү нь үхлийн дүрэлтээ хийлээ.  Эрендира түмпэнгээ ширээн дээр тавиад эмээ рүүгээ бөхийн биед нь хүрэлгүйгээр ажиглав. Үхсэн гэдэгт итгэсний дараа охины нүүрэнд тэрхүү гай зовлонгийн хорин жилд хэн ч өгч байгаагүй нас биенд хүрсэн хүний царай тодорчээ. Тэрээр шалмаг гэгч хөдлөн алтан хантаазыг нь аван майхнаас гарлаа. Ноцолдож тэмцэлдээд цуцсан Улисес цогцсын хажууд сууж байхдаа нүүрээ цэвэрлэх гэж оролдсон ч тэрхүү амьд, ногоон зүйл гараас нь гаран урсаж буй мэт байлаа. Эрендира алтан хантаазыг аваад гарахыг хараад л ухаан орох шиг болжээ. Улисес Эрендираг дуудсан ч тэр сонссонгүй. Салхи сөрөн гүйж, марал буганаас ч хурдан довтолгосоор байгаа түүнийг зогсоож чадах дуу хоолой энэ дэлхий дээр байсангүй. Тэрээр хужир шүүтэй шалбааг, жижиг уурхайн нүхнүүдийн шатам халуун агаар дундуур ухаан нь балартан эргэж ч харалгүй гүйн өнгөрч, далай тэнгис дуусч, цөл газар эхэлтэл гүйсэн ч зогссонгүй. Эрендира алтан хантаазтайгаа хуурай салхи, хэзээ ч дуусашгүй үдшийн бүрий рүү алсран гүйсээр замхран алга болсон ба түүний золгүй хувь заяаны талаар өчүүхэн ч болтугай сураг ажиг гараагүй билээ. Төгсөв.

Таалагдахгүй байна

3
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Ogi

[80.2.23.198]

2019-01-14 23:58:59

Yun elii balai yum unsh ch vaaaaa. Erguu yum olj tavihiimaa ene ajilaa olj yadsan yumnuud