etoim.mn
photos/hahahaha.jpg

Жумпа Лахири  

Шукумарын үгээ хэлэх ээлж ирэв. Шобад хэзээ ч хэлэхгүй хэмээн өөртөө андгайлсан, өнгөрсөн зургаан сарын хугацаанд бодол санаанаасаа арчих гэж зүдэрсэн нэг нууц түүнд байлаа. Хэт авианы дуран авайд харуулахаасаа өмнө Шоба эмчээс хүүхдийнх нь хүйсийг хэлэхгүй байхыг хүсчээ. Шукумар ч мэдэх гэж шамдаагүй бөгөөд амаржихдаа л мэдэхийг хүссэн эхнэрийнхээ хүслийг хүндэтгэсэн юм. Харин болж өнгөрсөн зүйлийн тухай ярьсан цөөн хэдэн тохиолдолд Шоба хүүхдийнхээ хүйсийг мэдэлгүй өнгөрсөндөө баярладаг хэмээн нэг бус хэлжээ. Анхнаасаа мэдэхийг хүсээгүйдээ, үл мэдэхүйн хүчинд бага ч атугай тайвширдагтаа тэр сэтгэл хангалуун байдаг. Шукумарт ч гэсэн хүүхэд нь үл таних нэгэн хэвээр үлдсэн гэдэгт Шоба итгэлтэй байдаг нь мэдрэгддэг. Нөхрөө Балтимороос дэндүү оройтож ирсэн, бүх зүйл болоод өнгөрсөн хойно, өөрийг нь эмнэлгийн орон дээр хэвтэж байхад ирсэн гэж Шоба боддог. Гэвч тийм биш ажээ. Шукумар хүүхдээ харж амжсан, чандарлахаас нь өмнө элгэндээ наасан. Амьгүй хүүхдээ харах тэнхэл байгаагүй ч эмч тайтгарахад нь нэмэртэй гэсээр тэврүүлжээ. Шоба унтаж байж. Хүүхдийг нь угааж өлгийдсөн байсан агаад нүд нь амгалан гэгч нь аниатай байсан. “Хүү байсан юм. Арьс нь улаавтар, үс нь хар байсан. Хоёр килограммаас илүү байсан байх шүү. Чи унтахдаа гараа яаж атгадаг билээ, гараа яг тэгж атгасан байсан” гэж Шукумар хоолой зангируулан хэллээ. Сая нэг нөхөр лүүгээ эгцлэн харахад нь Шобагийн царайд уй гуниг тодров. Шукумар шалгалтдаа булхайцаж, сэтгүүлээс хүүхний зураг урж, бэлэглэсэн хантаазыг нь зарчихаад согтотлоо уусан. Гэхдээ энэ бүхнээс илүү амьдрал гээч юмыг ердөө өөрийнх нь дотор л мэдэрсэн хүүгээ тэр эмнэлгийн харанхуй өрөөнд тэвэрч сууж шүү дээ! Сувилагч ирж хүүхдийг нь аваад явах хүртэл тэр хүйтэн хонгилд суусан бөгөөд энэ тухай Шобад хэзээ ч хэлэхгүй, мэдэхийг хүсээгүй цор ганц нууцыг нь задалж түүнийхээ сэтгэлийг зовоохгүй гэж өөртөө амлажээ Шукумар босоод тавгаа Шобагийнх дээр тавин угаалтуур луу зүглэлээ. Харин ус гоожуулахын оронд цонхоор гадагш ширтэв. Гадаа тогтуун дулаахан агаад Брэдфордынхон сугадалцан алхана. Гэнэт гэрэл унтрахад тэр эргэж харав. Шоба унтраалга дарчихаж. Түүнийг эргэж ширээнээ суухад Шукумар хажууд нь ирэв. Тэгээд нэгэнт нууц биш байхаа больсон зүйлсийг бодон зэрэгцэж суугаад уйллаа.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх