etoim.mn
photos/gahai.jpg

БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин хурдацтайгаар тархаж, өнгөрсөн даваа гарагийн байдлаар, 916 мянган гахайг устгалд оруулаад буй талаар “Chinadaily” мэдээлжээ. Тус улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн асуудал хариуцсан яамны хэвлэлийн төлөөлөгч Гуан Дефугийн мэдээлж буйгаар 24 мужид гахайн мялзан өвчний халдвар илрээд байгаа билээ.

БНХАУ-д өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Ляонин мужийн зүүн хойд хэсэгт мялзан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Мялзан өвчин зөвхөн гахайнд халддаг бөгөөд одоогийн байдлаар хүн болон малд халдсан тохиолдол гараагүй. Мялзан өвчин тархаад байгаагаас үүдэж, Азийн гахайн мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс энэ өвчинтэй тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх шаардлагатай болоод байна.

Хонконгийн их сургуулийн Халдварт өвчин, олон нийтийн эрүүл мэндийн тэнхимийн профессор Дирк Пфайффер “Өвчний тархалтыг зогсоох нь ямар ч улс орны хувьд маш хүндрэлтэй асуудал гэдэг нь харагдаж байна. БНХАУ-ын хөрш орнууд энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дохио” гэдгийг онцолжээ.

Ийм төрлийн халдварт өвчинтэй тэмцэх олон улсын арга хэмжээг удирдан явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өмнө нь Азийн бусад оронд Африкийн гахайн мялзан өвчин удахгүй тархаж магадгүй талаар анхааруулж байсан юм. Азийн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын удирдлагууд хил гаалийн хяналтыг чангатгаж, өвчний тархалтыг хязгаарлахаар ажиллаж байгаа аж.

Гахайн мялзан өвчний вирус жил гаруй хугацаанд амьдрах боломжтой гэж судлаачид мэдэгдээд байгаа нь мал, амьтныг халдвараас хамгаалах вакцингүй улс орнууд ялангуяа Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг орны хувьд томоохон эрсдэл болоод байгаа юм. БНХАУ-д халдвараас сэргийлж, нийлүүлэлтийг бэхжүүлэх зорилгоор гахайг нядалгаанд оруулах нь эрчимжсэний улмаас тус улсад гахайн махны үнэ огцом унажээ.

Нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар БНХАУ-ын зүүн хойд нутгийн мужуудад гахайн махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хувиар буурсан болохыг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны тайланд дурдсан байна. Дэлхийн хэмжээнд БНХАУ, ОХУ, Польш, Молдав, Латви, Украин, Герман, Румын, Бельги зэрэг улсад гахайн мялзан өвчин бүртгэгдээд буй. Одоогоор өвөрмөц эмчилгээ байхгүй, өвчлөл бүртгэгдсэн аж ахуйн гахайг бүрэн устгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх