etoim.mn
photos/77bb04_north_macedonia_name_change_x974.jpg

Грек улстай олон жил маргалдсаны эцэст Балканы хойгийн Македон улс нэрээ “Умард Македоны Бүгд Найрамдах Улс” болгон өөрчлөх шийдэлд хүрсэн. 

Тэгвэл шинэ нэрийг өчигдөр буюу Лхагва гарагаас эхлэн албан ёсоор ашиглаж эхэллээ. НҮБ өчигдөр орой Македон улсын Гректэй байгуулсан нэр өөрчлөх гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлснийг зарлажээ.

Хамгийн эхний бодит алхам нь Гректэй залгаа хил дээрх замын тэмдгийг өчигдөр сольсон байна. Дараа нь нисэх онгоцны буудал, албан байгууллагууд, вэбсайтууд, хэвлэмэл материалууд дээрх нэрээ солих юм.

Автомашины дугаарын пайзыг удахгүй солих бол паспорт, мөнгөн дэвсгэртүүд ойрын жилүүдэд солигдох ажээ.

Македон улс 1991 онд Югослав улсыг задрахад шинээр байгуулагдсан юм. Энэ үеэс эхлэн Грек улс тус улсыг нэрээ солихыг шаардаж эхэлсэн байна. Хил залгаа Грекийн нутагт Македон нэртэй муж байдаг. Мөн Македон нэр нь Грекийн түүх соёлтой салшгүй холбоотой нь үүнд нөлөөлж байв.

Энэ маргааны улмаас Грек улс Македоныг NATO, Европын Холбоонд элсэхэд нь саад хийсээр ирсэн юм. Далайд гарцгүй, жижиг эдийн засагтай Македон улсын хөгжлийг энэ маргаан олон жил саатуулжээ. Харин өнгөрсөн оны дундаас хоёр улс Македоны нэрийг солих нэгдсэн шийдэлд хүрсэн юм.

Ийнхүү бараг 30 жил үргэлжилсэн маргаан өндөрлөж, Умард Македон улс олон улсын байгууллагуудад элсэх хүсэлтээ шинэчилж, хөгжлийн замдаа орж байна.

 

Эх сурвалж: Associated Press

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх