etoim.mn
photos/54224954_10214180392123494_2297862487531323392_o.jpg

157 хүнтэй нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан Боингийн хамгийн борлуулалттай байгаа онгоцны нислэгүүдийг цуцалж байна.

Орон нутгийн цагаар ням гарагийн өглөө Этиоп улсын иргэний агаарын тээврийн Boeing 737 Max 8 нисэх онгоц осолдож, дотор зорчиж явсан бүх хүн харамсалтайгаар амь үрэгдээд байна. 149 зорчигч, нислэгийн багийн 8 гишүүн нийлээд 157 хүн онгоцны ослоор таалал төгсчээ. Зүүн Африкийн Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотын нисэх буудлаас Boeing 737 Max 8 нисэх онгоц өглөөний 8:38-д хөөрсөн бөгөөд 8:44-ийн үед холбоо тасарч, улмаар сүйрчээ.

Одоогоор ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч, цоо шинэ онгоц байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Бүр тодруулбал өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Этиопийн иргэний агаарын тээврийн компани хүлээн авч, үйлчилгээнд оруулсан шинэ онгоц байжээ.

Эргэн сануулахад яг үүнтэй адил загварын буюу Boeing 737 MAX 8 нисэх онгоц нь өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард Индонез улсад осолдож, 189 хүн амиа алдаж байсан билээ. Ердөө 5 сарын дотор 2 ч удаа Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц осолдсонтой холбогдуулан дэлхийн улс орнууд арга хэмжээ авч эхлээд байна. Хятад улсад л гэхэд дотоодын нислэг үйлддэг Boeing 737 MAX 8 онгоцуудыг бүгдийг нь нислэг үйлдэхийг хориглож, түр хугацаанд түтгэлзүүлжээ. Мөн одоо агаарт яваа, нислэг үйлдэж буй Boeing 737 MAX 8 загварын онгоцнуудыг яаралтай газардах, нислэгээ цуцлахыг даалгасан байна.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газар мөн мэдэгдэл гаргаад байна. Тэд ""Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоолоо. Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” загварын онгоцны нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Дээрх агаарын хөлөг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргаж байна" гэжээ.

Тус онгоц хэдий хүртэл нислэг үйлдэхгүй байх хугацаа нь тодорхойгүй байгаа бөгөөд  Boeing компаниас ямар хариу ирэхээс хамаарах ажээ. 

Хэрэв дараалан гарсан Boeing 737 Max 8 загварын онгоцны осол ямар нэгэн байдлаар хүний буруутай үйл ажиллагаа бус техникийн эвдрэл гэмтэл бол Boeing компани энэ төрлийн бүх онгоцыг эргүүлэн татах учиртай. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх