etoim.mn
photos/thumb_size (1).jpg

АНЭУ-ын Дубай хотын “Хандам” спорт цогцолборт Тусгай олимпын зуны 15 дугаар наадмын усан сэлэлтийн тэмцээнүүд болж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд Б.Элбэрэлт оролцож байна. Харин эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50 метрийн усан сэлэлтийн  төрөлд Э.Гүнжсүрэн нар оролцож буй.

Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй 50 метрийн усан сэлэлтийн уралдаан боллоо.

Э.Гүнжсүрэн ангилалдаа наймуулаа байсан бөгөөд, сорилго тэмцээний үеэр наймдугаарт жагсаж байсан ч олимпын тоглолтын үеэр амжилтаа ахиулж, хувийн амжилтаа эвдэж шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Харин Б.Элбэрэлт сорилго тэмцээний үеэр хувийн дээд амжилтаа эвдэж, тэргүүлж байсан бол олимпын тоглолтын үеэр дөрөвдүгээр байрт жагслаа.

Гэвч манай хоёр тамирчныг маргааш гол найдлага тавьж буй төрөх болох 25 метрийн тэмцээн хүлээж байна. Нөгөөдөр Б.Элбэрэлт 100 метрт уралдана. Тиймээс амжилтаа ахиулж, Тусгай олимпын медаль авах ойрхон байна.

Манай багийн хамгийн сониуч, юм бүхний учрыг олох гэж хичээдэг охин бол Э.Гүнжсүрэн. Тэрээр 25 дугаар тусгай сургуульд сурдаг бөгөөд усан сэлэлтээр хичээллээд удаагүй. Тусгай олимпын наадам бол түүний анхны олон улсын хэмжээний наадам юм. “Усан сэлэлтээрээ маш сайн хичээллэж, амжилтад хүрнэ. Бас мисс болно” хэмээн ярих тэрбээр гэр бүлийнхэн болон усан сэлэлтийн багш нар нь маш их дэмждэгт баярлаж буйгаа хэлсэн.

Тусгай олимпын наадам бол медалийн төлөөх өрсөлдөөн төдий бус юм. Энд хайр, хүлцэл, нэгнээ хүлээн зөвшөөрөх, хүндлэх, итгэл бэлэглэх хөдөлгөөн өрнөж байна.

Тусгай олимпын Зуны 15 дугаар наадамд оролцож буй тамирчдын дунд дауны хам шинжтэй гурван тамирчин байгаагийн нэг нь Б.Элбэрэлт. Тэрбээр усан сэлэлтээр зургаан жилийн хугацаанд хичээллэж байгаа туршлагатай тамирчин. Хонг Конгт болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс 25, 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрлөөс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Б.Элбэрэлт усан сэлэлтээр хичээллэж, амжилт гаргасан нь Монголын дауны хам шинжтэй хүүхдүүдэд спортоор тэр дундаа усан сэлэлтээр хичээллэж, бие бялдраа хөгжүүлэх замыг тавьж өгсөн гэж хэлж болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх