etoim.mn
photos/laigs7opblarduf8j32ov0gpv_b.JPG

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нь ард түмэндээ хандан үг хэлж, албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан нь олон улсын хэвлэл мэдээллийн хувьд гэнэтийн мэдээ байлаа. Тэрээр “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгахгүйгээр халаагаа өгөхөөр шийдсэн” гэдгээ мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ  2019 оны гуравдугаар сарын 20 буюу өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Казахстан улсыг  бараг гучин жил халаагүй удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүйгээр халаагаа өгч байгаа юм.

Тус улсын хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд эрх үүрэг нь парламент /Сенат/-ын  даргад шилжих учиртай  Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийг сонгогдтол Казахстаны парламентын дээд танхимын дарга Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх аж. Мөн хуулиараа Касым-Жомарт Токаев нь Шинэ Ерөнхийлөгчийн сонгох дараагийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн албыг орлон гүйцэтгэж ажиллах юм байна. Касым-Жомарт Токаевын тухай Нурсултан Назарбаев “улс орноо, эдийн засгийг нь сайн мэдэх хүн” хэмээн тодорхойлсон байна. Касым-Жомарт Токаев өмнө нь Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдын орлогчийн алба хашиж байгаад парламентын дарга болсон туршлагатай улстөрч гэдгийг хэвлэлүүд онцолжээ.

Казахстан улсын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдон 28 дахь жилдээ  ажиллаж байсан Нурсултан Назарбаев яагаад гэнэт халаагаа өгөхөөр шийдсэний учир юу байгаа талаар эрүүл мэндийн шалтгаан байж болзошгүй гэдэг мэдээлэл гарч байна. Гэхдээ түүнийг огцорч магадгүй гэдэг яриа сарын өмнөөс гарч байсан аж. Тодруулбал, Засгийн газраа тааруухан ажиллаж байна гэдэг үндэслэлээр хоёрдугаар сарын 21-нд тараасан үеэс Ерөнхийлөгчийг огцрох тухай яригдаж байжээ.

Казахстан улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2020 онд болох юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх