etoim.mn
photos/amarjargal.png

Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал мэдээлэл хийж байна.

Р.Амаржаргал: "1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монгол улсад  анхны ардчилсан цуглаан болж байсан болохоор энэ хугацааг ардчиллын эхлэл болгон авч үздэг. Түүнээс хойш 30 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бидний хүсч, зорьж байсан зарим зүйл биелэлээ олсон гэж дүгнэж байна.  

Тиймээс энэ жил тохиох 30 жилийн ойд Ардчилсан Нам оройлон ажиллах ёстой гэж үзсэн. Өнгөрсөн онд АН-ын даргын шийдвэр гарч, нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хамгийн том гэж хэлж болох арга хэмжээ нь энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын хурал зохион байгуулах явдал юм. Энэхүү хурлыг "Монгол бол Ардчиллын Баянбүрд" гэдэг сэдвийн дор явуулахаар боллоо. 

Тус хурлыг Олон улсын ардчиллын холбоотой хамтарч зохион байгуулах бөгөөд бид 30 жилийн хугацаанд юун дээр алдаж, ямар амжилтад хүрсэн гэдгээ өөрсдөнтэйгөө ижил зорилготой намуудынхаа хүрээнд дүгнэх гэж байна. 

Өнөөдрийн Монголын ардчилалд дотоод, гадаадын аюул нүүрлээд байна. Тийм учраас бид ардчиллаа зөв чиглэлээр явуулахын тулд олон улсын хэмжээнд ярих шаардлага байна гэж үзэж байна" гэлээ. 

-Та Монголын ардчилалд аюул учирч байна гэлээ. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-1990-ээд онд ардчилал эхэлж байхад бид ардчиллаас олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, үзэл бодол, үгээ босоод хэлчихдэг байдлыг ардчилал гэж ойлгож байсан. Өнөөдөр 30 жилийн дараа ардчиллын талаар ярихдаа бид юун тухай ярьж байна вэ. Хэлбэр бус агуулга тал руугаа гүнзгий орсон. Ард түмний оролцоо. Энэ оролцоо нь ажиллаж байна уу үгүй юу гэдгийг хянах механизм юм гэж ойлгож эхэлсэн. Ардчилалд ахиц гарсан ч сөрөг талууд бий. Ардчилал сонгууль юм байна, агуулга, хэлбэр нь зөв байх ёстой юм байна гэдгийг бид одоо ухаарч байгаа.  Гэтэл нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан улс төрийн хүчин өнөөдөр ямар байна?. Хэлбэр төдий ардчилал бус агуулгад анхаарч, сонгодог зарчмаараа хэрэгжиж чадаж байна уу гэдгийг авч үзэх ёстой. Бусад улс оронтой туршлага хуваалцаж бид юун дээр алдаж байна вэ гэдгийг дүгнэж, урьдчилан харах, анализ хийгээд цааш явах нь чухал.  

-Нэг үе таньтай мөр зэрэгцэн ажиллаж байсан "Ардчиллын алтан хараацай" С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эрүү шүүлтйн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нийгэмтэй Монгол Улсад эрүүдэн шүүлт байна гэдэг шившиг. Эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа огт байж боломгүй зүйл. Үүнтэй АН хэзээ ч эвлэрч болохгүй.30 жил үүний төлөө явсан болоод байна.  Манай Монголд аливаа асуудалтай ажлын эзэн нь олддоггүй. Гавьяа болохоор гүйгээд ирдэг гай болохоор эзэнгүйддэг. Салбарт нь ийм зүйл болж тэр сайд нь байхад хаана, юу хийж байсан хүн бэ. Ийм үйл явдал болж байгааг мэдээгүй байсан бол тэр хүн энэ салбарыг хариуцаад юугаа хийх юм. Мөн тийм зүйл болж байсныг мэдээд дуугуй байсан бол тэр ажлаа хийгээд яадаг юм. Тийм учраас эзэн холбогдогчийг нь олж хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.

-Танай намын залуучууд АН-д хэдхэн хүн асуудлыг шийддэг боллоо гээд шүүмжилж байгаа.  Танай намд дотоод ардчилал  гэж байна уу? 

-Манай намд дотоод ардчилал муу байгаа юу? гэвэл тийм. Энийг нуугаад байх хэрэггүй. Ингэж болдоггүй юм байна гэдгийг бусад улс орон мэдээд авах хэрэгтэй. Нэг үе АН  ҮБХ-н хурлаа хуралдуулахгүйгээр  жинхэнэ хэдхэн хүний дотор асуудал шийдэгдээд явж байсан. Үүнтэй харьцуулахад намын шинэ удирдлага гарч ирээд байнга ротаци явагддаг боллоо, ҮБХ нь хуралддаг, бүсчилсэн арга хэмжээ тогтмол явагддаг болсон. Энэ утгаараа дотоод ардчилал байна. Гэхдээ бидний хүсэн хүлээсэн шиг болоогүй байгаа.  

-Та 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Надад тийм бодол огт байхгүй. 

-Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар шүүмжлэл их явж байна. Энэ талаарх таны бодол?

-Хүний сайн мууг энд яриад сууна гэдэг хэцүү л байна. Учир нь хүнээ сайн мэдэх хэрэгтэй л дээ. Би өнөөдрийг хүртэл намын удирдлагуудтай нээг их  дотно яваагүй. Гэхдээ Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс өөрсдийн арга барилаар явж ажилласан байх. Өөрсдийн чадлын хэрээр, тархины хэмжээнд л ажил үүргээ гүйцэтгэж явсан байх. Тэр ажил төрлөө хийж гүйцэтгэж явахдаа алдаж оносон зүйл байдаг байх. Тиймээс зүй тогтол, хандлагад өөрчлөлт, шинэчлэлт хийж амьд дээрээ ардчилалын үр шимийг харахыг хүсч байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх