etoim.mn
photos/5cda8ebce5501.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр  / 2019.05.14/ “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай газар дээр нь очиж танилцлаа.

Жилдээ 300-325 сая кВт  эрчим  хүч  үйлдвэрлэх, 100 мВт-ын хүчин чадалтай тус станцыг Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км  зайд орших Шижигтийн хавцал хэмээх газарт Ховд голыг түшиглэн бүтээн байгуулах юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач холбогдлын тухай харилцан санал солилцов.

Тус станцыг  288,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлэжээ. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийж байна. Үүний дараагаар Монгол Улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх юм.  Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьсанаар Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэр, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байр нэмэгдэх боломжтой.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,  Монгол Улс 2023 он гэхэд эрчим хүчний импортын хараат байдлаас бүрэн гарна. Үүнд “Эрдэнэбүрэнгийн УЦС” чухал үүрэгтэй гэлээ.

Монгол Улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байгаа билээ. ОХУ-ын импортын 1кВт  цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс 6-7 дахин өндөр үнэтэй байгаа. Сүүлийн жилүүдэд Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 8-10 орчим хувь байх төлөвтэй байна гэж албаныхан мэдээллээ.

Тиймээс баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах  гол эх үүсвэр бол Эрдэнэбүрэнгийн УЦС гэж үзэж байна.

УЦС-ын барилгын ажилд 800-1000 иргэн түр ажлын байраар хангагдах ба ашиглалтад орсноор 60-80 иргэн байнгын ажлын байртай болох юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх