etoim.mn
photos/e810c4e3556763836755d4f68c74e743.jpg

УИХ-ын хуралдааны танхим популизмын талбар, хэрүүлийн тайз болсон гэвэл буруудахгүй. Камерын өөдөөс эрхэм гишүүд юу гэж бурж,  ямар ч үгээр хэнийг ч гүтгэж харлуулахад бэлэн байдаг. Иймээс үүнд хязгаар тогтоохоос Дэгийн хуульд өөрчлөлт оруулна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.

Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилж, ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлдэг индэр, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлэх замаар хууль тогтоодог танхим болгохыг зорьж байна.  Парламентын мэтгэлцээн ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, баримт нотолгоонд тулгуурласан, онолын болон шинжлэх ухаанд үндэслэсэн хууль тогтоох мэтгэлцээн байж гэмээнэ хуулийн чанар, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүд Дэгийн тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулахаар өргөн бариад байна.                                                

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:  

1. УИХ-ын нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны үндсэн зарчимд УИХ хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоож байх зарчмыг нэмж тусгах;

2. Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх;

3. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох;

4. Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах;

5. Шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх;

6. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх;

7. УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж, харин УИХ-ын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг өргөн мэдүүлмэгц нь УИХ-ын гишүүдэд тарааж байх;

8. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх;

9. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр хэлэлцэж байх;

10. Төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх;

11. Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд УИХ-ын Тамгын газар дүгнэлт гаргаж байх;

12. УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;

13. Нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бол төслийг эцсийн найруулга хийлгэж батлахад бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлж байх;

14. Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргах,  хуралдааны дэгийн заалтаар тайлбар хийх, хуралдааны дэг зөрчигдсөн асуудлаар хуралдаан даргалагчид зөвлөх, тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх дэгийг тогтоох санал, дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дотоод асуудлын Байнгын хороотой холбогдсон зохицуулалтыг тусгах;

15. Гишүүн хуралдааны дэгийг дагаж мөрдөх, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон журам, зохицуулалтыг тодорхой болгох, тодорхой хариуцлага хүлээсэн гишүүн тухайн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар боловсруулсан байна.       

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх