etoim.mn
photos/5ce395ac6af78.jpeg

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орсон билээ. Улс төрийн шинжээчид түүний анхны мэдэгдэлд дүгнэлт хийсэн бөгөөд тэдний  дүгнэлт хоорондоо эрс ялгаатай байна.

Владимир Зеленский ерөнхийлөгчийн бэрээг /төрийн тэргүүний эрх мэдлийн бэлгэ тэмдэг/ хүлээн авлаа. Хэдийгээр жирийн нэг өдөр байсан боловч шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг түүнийг дэмжигчид төдийгүй өрсөлдөгчид гээд олон хүн үзэв. Зеленскийн хэлсэн анхны үг маш сэтгэл хөдөлгөм байлаа. Украинчуудын зарим нь шинэ Ерөнхийлөгчийн үгэнд чухам юу дурдагдаагүй вэ гэдгийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд анхааралтай “бичицгээж байв”. Түүний хэлсэн үгэнд чухамдаа батлан хамгаалах болон үндэсний ашиг сонирхлын тухай, НАТО, ЕХ, эдийн засгийн талаар, украин хэл, соёлын тухай, Оросын түрэмгийлэл, шүүхийн шинэчлэл болон парламенттай хэрхэн хамтран ажиллах вэ? гэдэг талаар ямар нэгэн тодорхой зүйл юу ч дурдагдсангүй. Гэсэн хэдий ч сэтгэл хөдөлгөсөн үгс олон хүнд таашаагдаж, цугласан хүмүсийн зарим нь хэд хэдэн удаа алга нижигнүүлэн ташиж байлаа. Тодорхой хэлбэл, Донбасст гал зогсоох тухай ярих үед нижигнэтэл алга ташиж байсан гэх мэт. Гэвч үүнийг хэрхэн хийж хэрэгжүүлэх тухайд шинэ Ерөнхийлөгч ганц ч үг хэлсэнгүй.

Харин Владимир Зеленский үгийнхээ төгсгөлд Дээд Радаг тарааж буйгаа мэдэгдэхэд түүний үгийг хүлээж авах тал дээр үүссэн санал зөрөлдөөн оргилдоо хүрсэн юм. Энэ үед байр суурийн зөрчил дээд цэгтээ хүрсэн бөгөөд эрх мэдлийг шинэчлэх үйл явцыг түргэтгэх ийм шийдвэр нь заримд нь машид таалагдсан бол зарим нэгэнд нь огт таалагдсангүй. Үүнээс гадна, шинэ ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах болсон шалтгааны талаар ч,  хууль эрхзүйн үндэслэлийн талаар ч огт дурдаагүй билээ.

Ийм туйлширсан дүгнэлт нь Засгийн газрын үйл ажиллагаанд ч мөн хамаатай. Иймээс “өнөөгийн хямралын үед Засгийн газар бол бидний асуудлыг шийдэх шийдэл биш ээ. Засгийн газар өөрөө бидний хувьд асуудал болчхоод байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы хэлсэн үгнээс иш татсаныг бүгдээрээ анзаарсан тал дээр ярих ч зүйл алга.

 

Гэхдээ шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ бол зөвхөн эхлэл гэв. Тиймээс бид Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийн анхны үгэнд утга агуулгын хувьд, засаг төрийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөхийг шинжээчдээс хүссэн юм. 

Богдан Яременко,  "Майдан иностранных дел" сангийн дарга: “Зеленский парламент болон Засгийн газартай “хэлэлцээ хийгчдийн” хувьд бүх гүүр гарцыг нь шуудхан шатааж байна”

–Тангаргийн үгийн талаар товчхон ярья. Үнэнийг хэлэхэд, энэ бол одоог хүртэл хэлж байсан ерөнхийлөгчийн үгнүүдээс хамгийн Украин төвтэй үг юм. Украины өмнөх Ерөнхийлөгч нар хэн нь хамтрагч, бид хаашаа явж байна вэ? гэдгийг тодорхой тайлбарлах хэрэгтэй гэж үздэг байсан. Харин Зеленский “иргэдийнхээ хүсэж буй бодит зүйлүүдээс шууд “гажсан”. Түүний онцлон дурдсан ардчилал, хүний нэр төрийг хүндэтгэх гэх зэрэг үнэт зүйлс нь гадаад бодлогын чиг баримжаанд ямар ч эргэлзээ төрүүлэхгүй байна. Тиймээс энэ нь ердөө Европын Холбооны үнэт зүйлс, НАТО-гийн стандартыг улс орондоо нэвтрүүлж буй механизм гэдэг нь тодорхой харагдаж байна. Дайн, энх тайван болон эзлэгдсэн газар нутгуудтай холбоотой асуудлуудад хариулт сонсохыг хүлээж байсан боловч түүнийгээ сонсож чадаагүй хүмүүсийг үнэн сэтгэлээсээ өрөвдөж байна.

Газар нутгийг наймаалцахгүй. Энэ бол хямралыг зохицуулах асуудлаарх хэлэлцээний явцад “давж болохгүй” цорын ганц, маш ярвигтай улаан шугам юм. Энэ нь ОХУ-ын хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй харагдаж байгаа боловч украинчуудын дийлэнхийнх нь хувьд хүсэн хүлээсэн зүйл юм. Цаашид юу болохыг харцгаая. Ард түмний эв нэгдэл бол дотоодын өөрчлөлт шинэчлэл, олон улсын харилцаа, батлан хамгаалахын салбарт амжилт олох баталгаа юм. Энэ ч зөв. Владимир Зеленский Шинэ Ерөнхийлөгч, шинэ парламент, шинэ Засгийн газрыг байгуулж, төр засагт итгэх итгэлийг сэргээхийг оролдож байна. Бүх зүйл маш энгийн боловч итгэлийг сэргээхгүйгээр ямар ч зүйл бүтэхгүй. Ерөнхийлөгч Зеленскийн зүгээс эхний ээлжинд ард иргэддээ ойр байж, иргэдийн санааг зовоож байгаа асуудлуудын талаар ярилцах, хүмүүст ойлгомжтой хэлээр ярих, боломжгүй зүйлийг амлахгүй байх, амлалтаа биелүүлэх зэргээр итгэлийг сэргээх алхам хийнэ. Өөртөө итгэлийг олж авахын тулд Ерөнхийлөгч Зеленский “парламент болон Засгийн газартай хэлэлцээ хийгчдийн хувьд бүх гүүр гарцыг шуудхан галдан шатааж байна.  

Богдан Петренко, Экстремизм судлалын Украинын хүрээлэнгийн орлогч захирал: “Зеленский сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлж байна”

–Тангараг өргөх ёслолын үеэр дэлгэсэн эхний хөзөр нь парламентыг тараах тухай мэдэгдэл яриангүй мөн байлаа. Энэ мэдэгдлээс харахад Зеленский сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлж байна. Гол стратеги нь өрсөлдөгчдийнхөө сул тал дээр өөрийнхөө эерэг дүр төрхийг бий болгох гэдэг нь тодорхой харагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр Порошенкод итгэх итгэл асар их суларсан байсныг ашиглан кампанит ажлаа өрнүүлсэн бол одоо харин ард олны дунд хэдийнэ “нэр хүндгүй болсон” Дээд Радатай хийж буй сөргөлдөөнөөр байр сууриа бэхжүүлэхийг оролдож байна. Цаашдаа Ерөнхийлөгч болон парламент хоорондоо хамтран ажиллахаас илүүтэйгээр сөргөлдөх болно. Төрийн хоёр институтийн хооронд дэгдсэн дайн нь “сайхан үзвэр” боловч ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үр дүнг илтгэх үзүүлэлт биш юм. Зеленскийн хувьд, нэр хүндээ дээшлүүлэх нь чухал байгаа юм бол бодит асуудлууд бус харин гишүүний халдашгүй эрх гэх мэт бэлгэ тэмдгийн төдий асуудлуудтай зууралдсаар, популизм хийсээр 5 жил өнгөрөх болно.

Тангаргийн ёслолын үеэр дэлгэсэн хоёр дахь хөзөр бол Донбассын дайныг зогсоохын тулд ямар ч алхам хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн явдал байлаа. Ёслол болохоос хэдхэн хоногийн өмнө хийсэн хуурамч санал асуулгын дүн үүнд нөлөөлсөн байх талтай. Газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар хэлсэн үг нь ч нөхцөл байдлыг аварч чадахгүй юм. Иймэрхүү мэдэгдэл нь улс орны өмнөд ба зүүн нутгийн сонгогчдоо алдахгүй гэсэн оролдлого төдий болохоос биш ерөнхийлөгч хүний жинхэнэ стратегийн бодлого биш ээ. Үүний сацуу “ямар ч алхам хийхэд бэлэн байна” гэсэн нь маш эрсдэлтэй үг юм. 

Владимир Фесенко, улс төр судлаач: “Өмнөх ерөнхийлөгч нараас эрс ялгарч буй шинэ ерөнхийлөгчийн дүр төрхийг бид олж харлаа”

Тухайлбал, тангараг өргөх ёслолын үеэр Дээд Радаг тараах тухай шийдвэр гаргаж байсан тохиолдолд өмнө нь огт гарч байгаагүй. Зеленский гуйвж дайвахгүй, бууж өгч тохиролцохгүй харин өөрийн багийн хамтаар эрс шийдэмгий ажиллана гэж бодож байна. Хэлсэн үгийнх нь тухайд, үг хэлэх хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байсан гэж би сонссон. Эхнийх нь, тодорхой үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө танилцуулах, нөгөөх нь, илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй үг хэлэх гэж байжээ. Эцэст нь, сэтгэлийн хөдөлгөөнтэй үг хэлж, ойрын хугацааны төлөвлөгөөгөө танилцуулсныг бид харлаа. Үг хэллэгүүд нь хурц, заримдаа зөрчил үүсгэхээр байв. Тактикийн үүднээс авч үзвэл, энэ нь эрсдэлтэй алхам. Тухайлбал, Засгийн газрын ажлыг дүгнэхдээ ийм үг хэлсэн, гэтэл энэ засгийн газартай цаашид хамтран ажиллахгүй юм аа гэхэд дор хаяж хэдэн сарын хугацаанд зэрэгцэн оршино шүү дээ.  

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх