etoim.mn
photos/shine bayar.jpg

Манай улсад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч 2018 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Хууль зүй, Дотоод хэргийн  яаманд хүргүүлээд байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.

-Гэрч, хохирогчийг хамгаалахад тулгамдаж буй ямар асуудал байна. Хуулийн төсөлд хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Бусад хуультай нийцэл муутай байхаас гадна орхигдсон заалтууд нэлээд байна л даа. Жишээлбэл, хамгаалалтад авч байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх төсөв мөнгөтэй холбоотой зүйл тусгагдаагүй байна. Мөн сэтгэлзүйн хамгаалалтыг авч хэрэгжүүлэх, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх хоёрыг хооронд нь ялгаж, салгаагүй гэдэг ч юм уу. Сэтгэлзүйн хамгаалалтыг хамгаалалтын арга хэмжээ гэж үзэхгүй байх жишээний. Ойлгомж муутай зохицуулалтууд байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт “Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа”-г тусгайлан зохицуулсан. Хуульд зааснаар шүүгчээс хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргахаас гадна гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах талаар тодорхой шийдвэр гаргаж болохыг хуульчилсан. Мөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэрт тусгах асуудлууд, арга хэмжээг хэрхэн цуцлах, хэн хэрэгжүүлэх зэргийг нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ хуулиар зөвхөн гэрч, хохирогчоор хязгаарлагдахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчид тухайлбал шинжээч, мэргэжилтнүүдийн аюулгүй байдлаа хамгаалуулах эрхийг баталгаажуулсан.

-Танай хэлтсээс хамгаалалт авах хүсэлтэй гэрч, хохирогчийн тоо жилээд жилд нэмэгдэж байна гэсэн. Голдуу ямар төрлийн хэрэгт холбогдсон байдаг вэ?

-Сүүлийн гурван жилийн дүнг хэлэхэд, 2017 онд 36 иргэн, 2018 онд 65 иргэн, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 69 иргэнийг бид хамгаалалтанд авчихаад байна. Гэмт хэргийн шинж байдал, эрүүгийн нөхцөл байдалтай холбогдуулаад хамгаалалтанд орох гэрч хохирогчийн хэмжээ жилээс жилд өсч байгаа. Нэн ялангуяа сүүлийн үед хүчирхийллийн гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэргүүдэд хамаарах гэрч, хохирогч нарыг хамгаалалтад авах тохиолдол нилээн өсч байна. Хамгаалалтын арга хэмжээнүүдийн хувьд ч бас хүн хүч, цаг хугацаа, зардал мөнгө шаардсан хамгаалалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлэх байдал улам бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, биечилсэн хамгаалалт, аюулгүй газарт түр байрлуулах гэх мэтийн хүн хүч, цаг хугацаа шаардсан хамгаалалтууд жил ирэх тусам өсч байна.

-Гэрч хохирогчийг хамгаалах хичнээн төрлийн арга байдаг вэ. Бүгдийг нь хэрэгжүүлэх боломж манайд бий юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт гэрч хохирогчийг хамгаалалтад авахдаа ямар хамгаалалтын арга хэмжээ авах, хэн шийдвэр гаргах гэх мэтчилэн процессийн ажиллагааг зохицуулж өгсөн. Гэхдээ гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан 9 хэлбэрийн арга хэмжээний тодорхой дөрвөөс таван төрлийн хамгаалалтыг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Бусдыг нь хэрхэн яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

-Танай хэлтэс төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт холбогдох гэрч, хохирогч Б.Булганыг хамгаалалтад авч байсан уу?

-Б.Булганыг хамгаалалтад авсан тохиолдол байхгүй. Ер нь бол зохион байгуулалттай гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн гэрч хохирогчийг хамгаалах тохиолдол бий.

- Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс орон нутагт салбартай юу. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

- Гэрч хохирогчийг хамгаалах үүргийг Тахарын алба хэрэгжүүлж байгаад 2016 оноос ЦЕГ-т албан ёсоор шилжиж ирсэн байгаа. Үүнтэй холбогдуулж, цагдаагийн албаны тухай хууль, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам зэрэгт хууль эрхзүйн зохицуулалт хийгдсэн. Гэрч хохирогчийг хамгаалах ажиллагаа нь өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн нэг бүрэлдэхүүн болж батлагдсан гэсэн үг. Тийм болохоор цагдаагийн алба хаагч бүр гэрч хохирогчийг хамгаалах үндсэн үүрэгтэй болсон. Орон нутгийн хэмжээнд мөрдөгч нар бие дааж хэрэгжүүлдэг. Хамгаалах байр, хүн хүч дутагдах үед манай хэлтэстэй хамтран ажилладаг.

-Засгийн газар 2015 онд Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр баталсан. Хэрэгжилт нь та бүхний ажилд үр дүнгээ өгч байна уу?

-Үндэсний хөтөлбөр 2016 оноос хэрэгжээд явж байгаа. Улсын хэмжээнд хэрэгжилтийг үр дүнтэй болгохыг зорьж байна. 

-Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг баталж, хэрэгжүүлэх урьдач нөхцөл юу байв?

-Хохирогчийн эрхийн судалгааны төв гэдэг байгууллага 2010 онд нэгэн судалгаа хийсэн байдаг. Үүнд, нэг хэргийн ард хамгийн багадаа таван гэрч, хохирогч байдаг гэж дурдсан байна лээ. Тэгэхээр энэ олон хүний аюулгүй байдал, амьд явах эрхэд халдах тохиолдол их гарч байсан. Монгол Улс үндсэн хуулиараа иргэн бүрийн амьд явах эрхийн хангах үүрэгтэй. Мөн олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргүүд гэж бий. Хүний эрхийг хангах нийгмийн хэрэгцээ гарч ирсэн гэсэн үг л дээ.

-Гадны улс орнууд гэрч, хохирогчийг хамгаалах тал дээр хэрхэн ажилладаг юм бол. Бидэнд тэднээс суралцах зүйл юу байна?

-АНУ-ын Маршалын алба гэрчийг хамгаалах тал дээр бүтэц зохион байгуулалт, эрхзүйн зохицуулалтын хувьд нилээд төгөлдөржсөн. Гадны улс орнуудыг анзаараад байхад, гэрчийг хамгаалах, хохирогчид туслалцаа үзүүлэх гэдэг нь хоёр тусдаа асуудал  юм билээ. Зарим улс зохион байгуулалттай гэмт хэргийн гэрчийг хамгаалах тусгай хөтөлбөр хүртэл хэрэгжүүлдэг гэсэн. Манайд гэрч, хохирогчоо хамтад нь хамгаалаад, туслалцаа үзүүлээд явж байна. Аливаа гэмт хэрэгтнийг ял завшуулахгүй байх, нотлох баримт бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол гэрч, хохирогч нар байдаг. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах асуудал маань хувь хүний нууц, аюулгүй байдал, амь настай холбоотой байдаг учраас нууцлалыг өндөр хэмжээнд сахидаг.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх