etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан" нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасан юм. 

Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд хуралдаанд оролцож буй гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

Нөхөн сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн байр суурь илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Төр шийдвэр гаргахдаа иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөх болов уу гэж боддоггүйн тод жишээ нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт боллоо. Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийн эрх ашгийг бодолгүй хуулийн цоорхой харсан дүгнэлтийг гаргалаа. Төлөөлөл болж сууж байгаа УИХ-ын гишүүд энэ хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах юм бэ. Өш хонзонгоо одоо болих хэрэгтэй. Төрийн механизм, хуулийн заалтыг хатуу үгүйсгэж болохгүйг та бүхэн хатуу анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй. Гишүүд ч санал нэгтэй хүлээн авахгүй байх гэж бодож байна. Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Ямар боломж байна, хуулийн гаргалгааг олж үзээч ээ. УИХ дээр сууж байгаа хүмүүсийг хар, цөөхөн хэдэн хүн л байна. 2016 оноос би удаа дараа шаардаж байна. УИХ-ын төлөвшил, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг сайжруулахын тулд намуудыг хариуцлагажуулах хэрэгтэй байна. 

УИХ-ын дэд дарга Ж.Санжмятав: Үндсэн хуулийн цэц хөдөөний хэдэн өвгөчүүл суугаад цаг агаар ойр зуурын юм хууч хөөрч байгаа юм шиг мэдээлэл аваад 50, 50 хувиар нь шийдэж байна. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудал олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн болохоор Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд нөхөн сонгуулийн асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байна. Гишүүд үнэхээр Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж үзэж байгаа бол танхимдаа орж ирж саналаа өгөх хэрэгтэй. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх