etoim.mn
photos/67124141_1547202532083667_7304720969325608960_n.jpg

Монголчууд бид эцэг өвгөдөөс уламжлан ирсэн Yндэсний их баяр наадмаа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Энэ жил тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байна. Энэ жилийн үндэсний баяр наадмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт  өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Энэ жилийн наадмын өдрүүдэд хэв журмын байдал ямар байсан талаар бид  Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатараас тодрууллаа.

- Баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

- Энэ жилийн баяр наадмаар иргэдийн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагын 1400 гаруй алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжлэн ажиллаа. Эдгээр алба хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хэв журмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Мөн баярын өдрүүдэд иргэд гол ус бараадах нь ихэсдэг. Тиймээс бид нийслэлийн Онцгой байдлын алба хаагчидтай хамтран завьт эргүүл, авто эргүүл, явган эргүүл, морьт, нохойтой эргүүл хийж ажилласан. Мөн 200 гаруй олон нийтийн цагдаа болон 40 оюутан цагдаа нар жуулчдад сэрэмжлүүлэг мэдээ болон зөвлөмж хүргэж тэдэнд туслах зорилгоор үүрэг гүйцэтгэсэн.

Баярын өдрүүдэд иргэд цагдаагийн 102 дугаарын утсанд нийт 5103 ирүүлсэнээс, 142 гэмт хэрэг шалгагдаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6 хувиар буурсан гэсэн дүн гарсан. Мөн хулгайлах гэмт хэрэг 48 бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 25 хувиар буурсан гэсэн эерэг дүн гарсан. Энэ нь цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж авто, явган эргүүлүүдийг тогтмол ажиллуулсантай  холбоотой. 

- Энэ жилийн Төв цэнгэлдэх хүрээдлэнд шинээр камер суурилуулсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 68 камер шинээр суурилуулсанаас 12 камер нь дэвшилтэд технологийн буюу хүний царай таньдаг камер байсан. Эдгээр камеруудыг суурилуулж цагдаагийн газрын нэгдсэн санд бүртгэлтэй халаасны хулгайн гэмт хэрэгт бүртгэгдсэн этгээдүүдийн  мэдээллийг тухайн камеруудтай холбосон. Ингэсэнээр тухайн  гэмт этгээдийн царай камерын бичлэгт орох тохиолдолд цагдаагийн байгууллагад сигнал хэлбэрээр мэдээлэл ирж бид тохирох арга хэмжээг авна гэсэн үг.

- Цагдаагийн газар нийт энэ төрлийн гэмт хэрэгт холбоотой хичнээн хүн байдаг вэ?

-Цагдаагийн газрын бүртгэл мэдээллийн санд нийт халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан болон үйлдэж болзошгүй нийт 600 гаруй хүмүүсийн бүртгэл байдаг.  

- Тэгвэл халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй гэж ойлгож болох уу? 

- Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд халаасны хулгай 2 бүртгэдсэнийг үйлдэл дээр нь илрүүлж тухайн хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

- Баярын өдрүүдээр эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүд хэр олон байв?

- Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж бага насныхүүхдүүдэд эцэг эхийнх нь утасны дугаар бичих зохирулалт  бүхий нийт 8000 гаруй бугуйвч тараасан. Гэвч зарим эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж 2-12 насны 99 хүүхэд эцэг эхээсээ төөрсөнийг цагдаагийн хэсэгт түр байлгаж эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн.  

Мөн наадмын 3 өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд мориноос унаж, үүнээс шаардлагатай 3 хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн.

Ярилцсанд баярлалаа.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх