etoim.mn
photos/Fitch-ratings_800x533_L_1412168577.jpg

Фитч (Fitch) агентлаг нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын i) урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, ii) богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” хэвээр үлдээхэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд:

Эдийн засгийн өсөлтийн тогтвортой төлөв, төсвийн  болон засаглалын үзүүлэлтүүд сайжирч буй нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлөв. Гэвч Монгол Улс эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт (buffer) хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэх, эдийн засагт шок учрах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд хязгаарлалт болсон байна.

Төсвийн ашиг 2018 онд ДНБ-ий 2.6 хувьд хүрч, батлагдсан төсөв болон Фитч агентлагийн төсөөлсөн дүнгээс давсан байна. Орлогыг нэмэгдүүлэх чиглэлд шинээр арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй хэдий ч 2019 оны 5 дугаар сарын төслийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого болон зардал тогтвортой өссөн байна. 2020 оны УИХ-ын сонгуулийг урьтаж төсвийн зарлага огцом өсөөд байгаа бөгөөд өнөөгийн төсвийн сайн гүйцэтгэл ирэх онд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Тус агентлагийн үзэж байгаагаар Монгол Улсын төсвийн алдагдал 2020 онд 4 хувьд (эрх бүхий байгууллагын төсөөлснөөс 2 нэгж хувиар өндөр) хүрэхээр байна. Иймд Фитч агентлагын суурь төсөөлөлд улс төрийн циклээс шалтгаалсан эрсдэлүүд ихээхэн нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.

Төсвийн гүйцэтгэл сайжирч, эдийн засгийн сэргэлт үргэлжилснээр Засгийн газрын нийт өр (GGGD) огцом буураад байна. Фитч агентлагийн суурь төсөөллөөр 2019 оны эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч буурах, Монгол Улсын өр 2020 оноос эхлэн алгуур буурах хандлагатай байна. Гэвч төсвийн алдагдал өндөр байхаар хүлээгдэж буй тул Монгол Улсын Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа “B” зээлжих зэрэглэл бүхий улс орнуудын медиан (49 хувь)-аас их байх таамагтай байгаа юм.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн Активын чанарын үнэлгээ (AQR)-тэй холбоотой хоёр урьдач ажил хийгдэж дуусаагүй байгаагаас шалтгаалан ОУВС-гаас хөтөлбөрийн 6 дахь шатны үнэлгээг хараахан дүгнээгүй байна. 2019 оны 6 дугаар сард ОУВС-гийн ажлын хэсэг дүрмийн IV заалтын зөвлөлдөх яриа хэлэлцээний талаар хэвлэлийн мэдэгдэл гаргасан. Уг хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улс эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргасан боловч ирээдүйд учирч болзошгүй гадаад шокуудыг даван туулахад шаардлагатай нөөцийн хамгаалалт хангалтгүй хэвээр байгааг онцолсон байна. Үүний зэрэгцээ эрх баригчдын зүгээс шаардлагатай урьдач арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, тухайлбал активын чанарын үнэлгээний хүрээнд банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгөд магадлан шалгалт хийлгэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн. Холбогдох арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр ОУВС-гаас болон донор орнуудаас нэмэлт санхүүжилт татах нөхцөл бүрдэнэ.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгогдох зарим санхүүжилт саатсан хэдий ч ГВУН-ийн хэмжээ үргэлжлэн өслөө. 2019 оны 5 дугаар сарын эцэст ГВУН 3.7 тэрбум ам.долларт хүрч, 2017 оны эхэн үеэс 3 дахин өссөн байна. Фитч агентлагийн тооцооллоор ГВУН-ийн энэхүү түвшин нь өнөөгийн Монгол Улсын гадаад төлбөр тооцооны дүнгээс ойролцоогоор 4.4 дахин их байгаа нь “B” зээлжих зэрэглэлтэй орнуудын медиан (3.8)-тай харьцуулахад өндөр, харин “BB” зээлжих зэрэглэлтэй орнуудын медиан (4.4)-тай ойролцоо түвшинд байна.

ГВУН нэмэгдэж буй хэдий ч Монгол Улсын гадаад санхүүжилттэй холбоотой эмзэг байдал буураагүй байна. Урсгал тэнцлийн өндөр алдагдал (ДНБ-ий 15 хувиас давсан), цэвэр гадаад өрийн дарамт өндөр (ДНБ-ий 180 хувь), гадаад өр төлбөрөөс хамааралтай байдал нэмэгдсэн зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэл, хандлагад нөлөөлөх эрсдэлтэй юм. Мөн түүхий эдийн экспортод төвлөрсөн эдийн засгийн хязгаарлагдмал суурь, экспортын голлох ганц зах зээлтэй (БНХАУ) байдал нь гадаад орчны шокод эмзэг байдлыг бий болгож зээлжих зэрэглэл нэмэгдэх боломжийг хязгаарлаж байна.

2018 онд 6.7 хувьтай гарсан эдийн засгийн бодит өсөлт 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 8.6 хувь болж өслөө. Энэхүү өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалт байв. Түүнчлэн эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэн хэрэглээ өссөн нь бодит ДНБ-ий өсөлтийн 3.1 нэгж хувийг бүрдүүлжээ. Далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор нийт импортын хэмжээ нэмэгдэж экпортоос давсан. Улмаар цэвэр экспорт нь эдийн засгийн өсөлтийг бууруулах чиглэлд нөлөөлсөн байна. Фитч агентлагийн төсөөллөөр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2019 онд 7 хувь, 2020 онд 6 хувь байхаар байна. Энэ нь дунд хугацааны төсвийн төсөөлөлтэй нийцтэй, “B” зээлжих зэрэглэлтэй улс орнуудын медиан (3 хувь)-аас харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Дотоод улс төрийн байдал өөрчлөлтөнд орж, мөн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх эргэлзээ улс төрийн маргааны сэдэв болоод байна. Энэхүү асуудал Рио Тинто компанитай 2015 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсгийн санал дүгнэлтүүд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын мэдэгдлүүдэд онцлон дурдагдсан. УИХ тус Ажлын хэсгийн санал дүгнэлтийг одоохондоо түр хойш тавьсан байгаа боловч Засгийн газар, Рио Тинто хоёрын хоорондох татвар, хугацааны хоцрогдол, хөрөнгө оруулалтын гэрээний бусад заалтын хүрээн дэх бэрхшээлтэй харилцаа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн шок бий болгох магадлалыг нэмэгдүүлж байна. Эдийн засагт уул уурхайн гүйцэтгэх үүрэг өндөр байгаа нөхцөлд энэ нь эргээд Монгол улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн нөлөөтэй.

Банкны салбарын активын чанар сул хэвээр буюу салбарын чанаргүй зээлийн харьцаа 2019 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 11 хувьтай байгаа бөгөөд зарим банкуудын удаан хугацаанд бүртгэгдэж ирсэн зээлүүдийн чанар муудсаар байна. Гэхдээ 2019 оны 4 дүгээр сард Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасан нь санхүүгийн салбарт бүтцийн сайжруулалт хийх үүрэг, амлалтаа үргэлжлүүлж байгаагийн илрэл гэж тус агентлагаас үзэж байна. Үргэлжлэн хийгдэж буй Активын чанарын үнэлгээний үр дүнд зарим банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр эсвэл татан буулгаж ч болзошгүй. Гэвч Фитч агентлагаас энэ нь эцсийн дүндээ банкны системийг бэхжүүлэх ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн чухал зорилт гэж үзэж байна. Системийн ач холбогдолтой банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлыг хангахад төрөөс санхүүжүүлэх боломжтой ч энэ нь Активын чанарын өмнөх үнэлгээгээр ДНБ-ий 1.9 хувийн өөрийн хөрөнгийн дутагдалтайг мэдээлэх үеийн тус Агентлагийн зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлнө гэж үзэхгүй байна.

Бүтцийн хүчин зүйлсүүд, тухайлбал нэг хүнд ногдох ДНБ, засаглалын шалгуур үзүүлэлтүүд, бизнес эрхлэхэд таатай байдлын онооны хувьд "B" зээлжих зэрэглэл бүхий орнуудтай харьцуулахад өндөр үнэлгээ авсан бөгөөд эдгээр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд ихээхэн дэмжлэг үзүүлж байна гэж тус агентлаг дурдсан байна.

ЦААШИД ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛАХ/ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

Зээлжих зэрэглэлийг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлс:

Засгийн газрын өр, ДНБ-ий харьцааны бууралттай уялдаатайгаар төсвийн алдагдлын хэмжээ буурах;

Найдвартай болон харилцан уялдаатай макро эдийн засгийн бодлогуудыг тогтвортой хэрэгжүүлэх, улмаар түүхий эдийн үнэ болон гадаад орчны савлагаанаас хамаарсан эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах;

Эдийн засгийн тогтвортой өсөлт болон ГШХО-ын орох урсгалыг дэмжсэн бизнесийн орчныг хадгалах.

Зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлөх хүчин зүйлс:

ГШХО-ын орох урсгал болон уул уурхайн төслүүдийг тасалдуулах эрсдэл бүхий улс төрийн тогтворгүй байдал үүсэх;

Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцааг буцаан өсгөх төсвийн бодлого баримтлах.

МОНГОЛ БАНК

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх