etoim.mn
photos/60530225_448990085659088_57431130156040192_n.jpg

Нийслэлийн цагдаагийн газраас Хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээг эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байна.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

- “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

- Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж багаа их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд сургуулиудын ойр орчимд эрсдэл бүхий цэгүүдийг тодорхойлж цагдаагийн байгууллагын авто, явган эргүүл ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн сургалт зохион байгуулан эцэг, эхийн бүлгэм, сургуулийн зөвлөмж, мэдээлэл өгч ажиллана. 

Мөн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн байгууллагын түр саатуулах байранд орсон оюутан, сурагчдын судалгааг өдөр бүр гаргаж тухайн сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр албан мэдэгдэл, шаардлагыг хүргүүлнэ.  

- Өнгөрсөн жилийн “Хичээлийн шинэ жил” арга хэмжээний үр дүн хэр байв? 

- Өнгөрсөн жил бид Монголын оюутны холбоо болон дотуур байрны багш нарын нэгдсэн холбоотой уулзалт зохион байгуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн. Нийтдээ 65 их дээд сургууль, коллежийн дотуур байранд амьдарч байсан 21000 гаруй оюутанд яриа таниулга хийж ажилласан. 

Мөн 85 их дээд, сургууль коллежийн дотуур байранд байрлаж буй оюутан, 142 ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш, ажилчид оюутан, сурагчдад гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр болон зөрчлийн тухай хуулиар нийт 17840 хүнд 25 удаагийн яриа таниулга хийж 5450 ширхэг санамж сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч,  73 их дээд сургууль, 128 ерөнхий боловсролын сургуулийн захиралтай 2018-2019 оны хичээлийн шинэ жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан.

Үүний үр дүнд нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд нийт 8 оюутан, 1 хүүхэд эрүүлжүүлэгчдсэнийг бүртгэл судалгаанд авч тухайн сургуулиудад мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн байгаа.

- Он гарсаар хичнээн хүүхэд гэмт хэрэгт холбогдож хохирсон бэ?

- Жилээс жилд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа буюу тэдний эрх ашиг зөрчигдсөн гэмт хэргийн тоо буурч байгаа таатай мэдээ байна. 2019 оны эхний зургаан сарын байдлаар 587 хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдон хохирсон гэсэн тоон дүн гарсан. Харин гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 75,9 хувь нь 16-17 насны хүүхдүүд байна гэсэн тоон мэдээ бий.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд ихэвчлэн эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой. Өнгөрсөн жил баяр наадмын үеэр хөл бөмбөгийн талбайн шонд хүүхэд даруулж нас барсан бол үүний дараахан бага насны хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэргүүд гарсаныг санаж байгаа байх. Энэ жилийн хувьд зөвхөн баяр наадмын өдрүүдэд  нийт 10 гаруй хүн гол усны аюулд өртөж нас барснаас гурав нь хүүхэд гэсэн харамсалтай мэдээ байна. 

Мөн наадмын гурав хоногийн хугацаанд “Хүй долоон худаг” болон  “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчимд нийтдээ 100 орчим хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Гуравхан хоногийн хугацаанд 100 хүүхэд гэдэг бол бага тоо биш.

Хэдийгээр сонсоход эвгүй ч гэсэн энэ мэт хэргүүдийг аль болох гаргахгүй байхын тулд энэ мэт хэргүүдээс урьдчилан сэргийлүүлэх үүднээс дараах жишээнүүдийг дурдах нь зүйтэй байх  гэж бодож байна.  Зарим эцэг эхчүүд  бага насны хүүхдээ харж хандах хүнгүйгээр гэртээ түгжих, ганцааранг нь үлдээх нь бий. Энэ нь тэднийг ахуйн хүрээнд бэртэж гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Саяхны нэг жишээг хэлэхэд энэ оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүрэгт бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээж улмаар тухайн хүүхэд тагтнаасаа унаж харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсч байна гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх