etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ардын нам зөвхөн энэ том байрандаа цахилгаан, дулаан, ажилчдын цалин гээд сардаа 100 сая төгрөг өлхөн зарцуулна. Ялсан нөхцөлд бол гайгүй байх, ялагдвал хүнд. Эргээд аваад үзэхэд манай нийгэмд бүтэц хүнд асуудал үүсгэнэ. Тиймээс салбарын намыг улсын хэмжээнд гэх юм уу бодлогын намыг улсын хэмжээнд гэх юм уу. Тодорхой улс төрийн сонгуульд хоёр буюу түүнээс дээш оруулаагүй, оролцоод ялалт байгуулаагүй буюу нэг ч суудал аваагүй бол дараагийн 1-2 сонгуульд түдгэлзүүлэх байдлаар явж болно. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Энэ заалт одоогийн Үндсэн хуульд ч бий. Одоо тусад нь заалт болгож байгаа юм. Олон улсад ч ийм заалт бий. Бодлогын үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулах юм гэсэн зарчим сууж өгсөн болохоор, энэ заалт орсноор одоогийн улс төрийн намуудыг түрэх, хязгаарлах зүйл байхгүй. Төслийг улайран дэмжээгүй. Энэ бол судалгааны үндсэн дээр, одоогийн Улс төрийн намын тухай хуулийг илүү сайжруулж байгаа учраас мушгин гуйвуулаад байх хэрэггүй. Улсын хэмжээнд 336 суманд салбартай бай гэж байгаа юм биш. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Улаанбаатарт ямар байгааг мэдэхгүй байна. Орон нутагт бол сумын иргэд хүртэл намаараа хуваагдсан байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нам иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа намууд цаашид яаж төлөвших юм бэ. Өнөөдөр залуусыг нам дагаж гүйх гэснээс илүү Монгол орны ирээдүйд хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. Улс төрийн намын санхүүжилтийн асуудал олон нийтийн дургүйцлийг хүргэдэг. Боловсон хүчний бодлого, санхүүгийн ил тод байдалд анхаарал хандуулах ёстой. Сонгуульд хэдэн иргэний санал авснаар нь төсвөөс санхүүжилт олгодог жишиг байна. Тиймээс энэ талаар анхаарах хэрэгтэй. Улсын хэмжээний гэдэг шалгуурын цаана энэ асуудал байгаа гэж бодож байна. Намын төлөвшил бол парламентын төлөвшилтэй шууд хамааралтай. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Би нийт 15 санал гаргасан. Түүний нэг нь улс төрийн нам улсын хэмжээнд ажиллана гэсэн заалтыг хасах. Аймаг, сум, багийн хэмжээнд улс төржилт их байгаагийн шалтгаан нь энэ. Нам улс төрийн үйл ажиллагаагаа улсын хэмжээнд явуулна гэхээр эвлэлдэн нэгдэхийн эсрэг болно. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид маш болгоомжтой, өнгөрсөн 29 жилийн алдаа оноогоо цэгнэх ёстой гэж би ойлгож байна. Монголын төрд итгэж байгаа, улс төрийн намуудад итгэж байгаа ард түмний итгэл хамгийн доод цэгтээ хүрсэн. Монголын нийгэмд байгаа талцал хуваагдал нам дагасан байдлаас үүдэлтэй гэж боддог. Хөдөө суманд жалга дов, ах дүү, эхнэр нөхрөөрөө хүртэл хуваагддаг. Бүр одоо намынхаа хүний дэлгүүрт орж, намынхаа хүний автобусанд сууж байна шүү дээ. Энэ бүхэн намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой. Бид судалгаан дээр үндэслэх ёстой. Сонгуулийн насны хүмүүсийн намын гишүүнчлэл 4-6 хувьтай байдаг юм байна. Гэтэл энэ тоо манай улсад 20 хувьд хүрсэн. Сонгуулийн насны дөрвөн хүний нэг нь намын харьяалалтай байна. Монголчуудыг талцал, хуваагдал руу чирсэн асуудал болох вий гэж болгоомжилж байна. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нь зөв. Бидний гарц бол нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, гишүүнчлэлгүй хэр байвал болно. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Санхүүжилтийг ил тод болгож байгаа нь маш том дэвшил. Сумын төв дээр очиход л дэлгүүр хоршоо, шатахуун түгээх станц, айл гэр хүртэл талцаж байна. Тэгэхээр үйл ажиллагааг улсын хэмжээнд гэх хэрэг байна уу, учир дутагдалтай санагдаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үе үеийн намын дарга нарын эрх мэдэл, түүнийг дагалдсан олигархи бүлэглэл, санхүүжүүлэгч, цүнх баригч нар бохирдуулаад байна. Намуудын үйл ажиллагааг анхаарч, санхүүжилтийн асуудал болон намын тоо, гишүүдийн тоог онцгойлон анхаарах ёстой. Үндсэн хуулиндаа намын гишүүнчлэлийн тоог заасан улс байдаггүй юм байна шүү. Улсын хэмжээнд чадахгүй юм аа гэхэд санхүүжилтийг шийдэж өгмөөр байна. Хамтарч баялаг хувааж "иддэг", "идсэн" мөнгөө намдаа хандивладаг үйл ажиллагаа тасрахгүй байна. 

Гишүүд үг хэлж дууслаа. Техникийн хэлтсийн даргыг орцонд нь үл таних хоёр хүн зодсон тул өнөөдөр ирэх боломжгүй болсон байна. Тиймээс гар өргөж санал хураалтыг явуулна. Дэгийн тухай хуульд ч мөн заасан байгаа. Техникийн саатал албаар гаргаж байж магадгүй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх