etoim.mn
photos/oron suuts.png

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материал бүрдүүлэлтийн явцын талаар Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлэл хийлээ.

Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдээс материалыг авч дууссан байна. Одоогоор иргэдийн бүрдүүлж ирүүлсэн цаасан материал, цахим бүртгэлийн мэдээлэлтэй нийцэж буй эсэхийг нягтлан шалгах ажил явагдаж байгаа аж. Маргааш орон сууцны комисс хуралдаж хоёр асуудал шийдэх гэнэ.

Нэгдүгээрт: Эхний шатанд тэнцсэн, бүрдүүлж ирүүлсэн цаасан материалын мэдээлэл нь үнэн бодитой иргэдийг батална. Эдгээр иргэд цаашид НОСК-той гэрээ байгуулж, байраа, давхараа сонгох ажил хийгдэнэ.

Хоёрдугаарт: Гамшигт нэврэгдэж орон гэргүй болсон иргэдийн ангилалд квотын дагуу тэнцсэн 30 айлын материал бүрдүүлэлт явагдана.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар Цахим бүртгэл явагдаж дууссан. Сонгон шалгаруулах комисс хуралдаж, материалыг эрэмбэлсэн. Бид өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдээс материалыг нь авч үндсэндээ дууссан. Маргааш комисс бүрдүүлсэн материал дээр хуралдаж ажиллана. Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гаргаагүй, ажил гацаж зогсоогүй, энэ ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн албан хаагчид дотроос АТГ-т асуудалд орсон эсвэл шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан, нийгмийн даатгал төлсөн иргэд сонгогджээ. Харин түрээслээд өмчлөх хэлбэр дээр 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчдын энгийн түрээсийн ангилалд 25-40 жил ажилласан, түрээслээд өмчлөх хэлбэрт 34-44 жил ажилласан хүмүүс сонгогдсон байна.

Мөн ахмад настнуудын энгийн түрээслэх ангилал дээр 87-100 настай, түрээслээд өмчлөх дээр 91-102 настай ахмадууд сонгогджээ. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш настай ахмадууд бүгд хамрагдах боломжтой гэдгийг НОСК-иас мэдээллээ.

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 хувь нь монгол гэрт амьдарч байна. Есөн хувь нь нийтийн байранд, 41 хувь нь амины орон сууц буюу инженерийн дэд бүтэцгүй байшинд, хоёр хувь нь сууц чингэлэгт, үлдсэн есөн хувь нь өөр бусад сууцанд амьдарч байгаа гэх статистик мэдээг гаргажээ.

“Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой асуудал гараагүй, ажил зогссон зүйл үгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд НОСК-ийн үйл ажиллагааг зогссон, албан хаагчид авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл цацагдсан. Манай байгууллагаас АТГ-т шалгагдсан хүн байхгүй” гэдгийг НОСК-иас мэдээллээ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн зарим нь материалаа өгөхөөс татгалзсан байна. Учир нь мэдээллээ үнэн зөв бөглөөгүйгээс шалтгаалан материал бүрдүүлэлтэд хүндрэл учирсан, шаардлага хангахгүй зэрэг тохиолдол гарчээ. Эдгээр иргэдийн оронд маргаашнаас эхлэн цэнхэр дэвсгэр дээр нэрс нь бичигдсэн иргэд рүү утсаар холбогдох ажил хийгдэж эхлэх юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх