etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-аар үргэлжилж байна.  Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл тусгай дэгээр явагддаг. Гишүүдийн 4/3 буюу 57 гишүүий ирцтэйгээр хуралдааныг явуулдаг.  Тиймээс гишүүд хуралдааны дундуур ч гарч, орж санал хураалт явуулахад ирц бүрдүүлэх гээд түр хүлээлт үүсэх тохиолдол байнга давтагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын ёсзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийг нэр устай, тойрогтой нь зарлахаа мэдэгдэж, спикер дэмжив.  Нөгөөтэйгүүр гишүүдийн ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг хурууны хээ уншуулагч төхөөрөмж гацах тохиолдол давтагдсаар. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл ийнхүү чуулганаар үргэлжилж байна. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 150 санал гарснаас өнөөдрийн байдлаар 90-д нь санал хураалт явагдаад байгаа.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан зарим дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудаас хүргэе. Үүнд:

  • Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
  • Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.”
  • “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.”
  • Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
  • “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.”

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ дахь МАН-ын бүлэг зарим асуудлыг дахин хэлэлцэхээр үдээс өмнөх чуулганы хуралдаанаас завсарлага авсан юм.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.119]

2019-09-06 12:21:43

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр ахиад хэсэг явах юм байна л даа. Иргэдийн санал авна гэсэн заалтаас болоод 300 гаруй сумтай, үр ашиггүй бүтэц үрэлгэн төсөвтэй явж байгаа нь хамгийн түрүүнд засах гажуудал биш гэж үү???