etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжиллээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, "давхар дээл"-ийг тайлах заалтыг дэмжих эсэх санал хураалт явагдлаа.

Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Мөнхбат: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, "давхар дээл"-ийг тайлах хоёр асуудлыг нэг санал болгожээ. Үүнийг тусад нь авч үзэх хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх саналыг мөн дэмжлээ. Уг горимын саналыг гишүүд дэмжлээ. 

"УИХ-ын гишүүн улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хашиж болохгүй" гэсэн заалтыг гишүүд дэмжсэнгүй.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Тогтохсүрэн: Төхөөрөмж ажиллахгүй шалтгаанаар гишүүдийн санал эсрэгээр гараад байгаа учир энэ санал хураалтыг хүчингүй болсонд тооцох санал гаргаж байна. Мөн МАН-ын бүлэг энэ асуудалд байр сууриа нэгтгэж, тохирсон. Гэтэл тохирсоноосоо Засгийн газарт байгаа гишүүд, сайд нар эсрэг санал өгөөд байна. Тиймээс  МАН-ын бүлэг хуралдана. Энэ асуудлыг хойшлуулъя гэлээ. Ийнхүү дээрх саналыг хойшлуулахыг гишүүдийн олонхи дэмжив. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Давхар дээл" өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд ард иргэдээс хамгийн их дэмжлэг авсан. Гишүүд ч "давхар дээл"-ийг тайлахыг дэмжиж байсан. Гэтэл ямар нэг шалтгаанаар унаж байгаа нь гайхашрал төрүүлж байна гэлээ. 

Дараагаар нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа буцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татна" гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт үүгээр оролцохгүй гэдгээ мэдэгдэж, хуралдааны танхимыг орхин гарав. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, "УИХ-ыг гишүүдийн байр суурь нэгдмэл биш байхад Үндсэн хууль хэлэлцэж болохгүй. Зөвшилцлөө нэг мөр шийдээд цааш нь явуулах хэрэгтэй. АН-ын зөвлөлийн үндсэн зарчмын байр суурь өчигдрийн хуралдаанаар дэмжигдээгүй учраас хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдэг байр сууриа дахин нотолж байна. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ талаарх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барина" хэмээсэн юм.  

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн хуралдаанаар нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай зүйл байгаа учир чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулах санал гаргав. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдийн 15.00 цагаас үргэлжлэхээр боллоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх