etoim.mn
photos/71271163_415072602481162_7327512359310721024_n.png

Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн залуучуудын холбооноос хамтран Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил хэт удаашралтай явагдаж байгаагаас гадна уг замаар зорчсон тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтэл хэрчээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус замд 300 гаруй хүн амь насаа алдаж, олон арван хүн эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон байна. Мөн 200 гаруй гэмт хэрэг болон зөрчил гарснаас 57 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Тиймээс тэд тухайн замаар зорчиход иргэдэд ямар хүндрэл бэрхшээл гарч байгааг цахим орчинд нийтэлж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж төр засагт өөрсдийн үгийг хүргэхийг зорьжээ.  

Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгч Ж.Ганболд: Бид уг зам засварын ажлын талаар яригдаж эхлэхээс өмнө буюу өнгөрсөн 2018 онд тус замыг засварлах шаардлагатай байгаа талаар тухайн үеийн зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэд саналаа хүргүүлж байсан.  Үүний дараахан тус чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр эгнээ зам тавихаар болж сүүлд Европын "Сэргээн босголт хөгжил"-ийн банкнаас бас санхүүжилт авч дөрвөн эгнээ зам тавихаар болсон талаар мэдээлэл гарах болсон.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2019 оны зургадугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Дарханы зам засварын ажил албан ёсоор эхэлж байгааг зарлаж тууз хайчилж ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээж байсан. Гэтэл бодит байдал дээр замын ажил наймдугаар сарын дундаас эхэлсэн гэхэд болно. Тус замаар байнга зорчиж байгаа бидний хувьд энэ зам арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орох боломжгүй гэж үзэж байгаа.

Өнөөдөр Улаанбаатараас Дархан чиглэлд зорчих түр замын нөхцөл байдал үнэхээр хүндрэлтэй байна. Үүнээс гадна шинэ зам тавих ажлын санхүүжилт бүрэн эсэх, гэрээ хийгдсэн эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна. Гэтэл бодит байдал дээр  тус замын зарим хэсгийг өнөөдрийг хүртэл хуулаагүй байх жишээтэй. Энэ асуудал дээр яам болон Засгийн газар хэрхэн хяналт тавьж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт тэрбумын өртгөөр бүтсэн Боловсролын яамны бэлтгэсэн макетын асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох хүмүүсийг нь цуглуулаад ажлаа хийж чадахгүй бол  “Зайлаарай” гэж байсан. Гэтэл 300 гаруй хүн амь нас эрсдэж сэдэж олон арван хүн эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирч байгаа асууд цаашлаад улс орны эдийн засгийн дотоод гадаадын чухал сүлжээ болсон энэ замын асуудалд Ерөнхий сайд холбоотой албан тушаалтнуудад нь хариуцлага тооцож  зам тээврийн сайддаа зайлаарай гэж хэлэхгүй байгаа юм гэсэн юм. 

Мөн тэд "Дарханы зам засвар иргэдийн хяналт" гэсэн фэйсбүүк групп нээн  тус замтай холбоотойгоор иргэдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл болон зорчсон тэмдэглэлүүдийг хүлээн авч байхаар болжээ. Үүний дараа иргэдээс ирүүлсэн  мэдээллүүдийг нэгтгэж  ирэх аравдугаар сарын 15-д Дарханы замын асуудлаар Сүхбаатарын талбайд фото зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. Тус үзэсгэлэнгээр дамжуулан Дархан-Улаанбаатар чиглэлийн замын нөхцөл байдал иргэдэд хэрхэн хохирол учруулж, тэдний амьжиргаанд нөлөөлж байгааг харах боломжтой бөгөөд тус үзэсгэлэнг  Ерөнхий сайд болон бусад холбогдох албаныхан ирж үзэхийг уриалсан юм.

Орхон Залуучуудын холбооны төлөөлөгч Д.Энхзориг:  "Би 2003 оноос хойш авто замын салбарт ажиллаж байгаа Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй хүн. "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном"-ыг ЭМЯ, ЗТХЯ, ХЗДХЯ гэсэн гурван яам хамтран гаргасан. Энэ номын 13 дугаар хуудаст замын ослын шалтгаан нөхцөлүүд гэдэгт Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутайгаас, 2.1 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.2 хувь нь замын нөхцөл байдлаас үүдэлтэй хэмээн дүгнэжээ. Тэгэхээр 99.8 хувь нь ард иргэд болон жолооч, явган зорчигчдын буруугаас үүдэлтэй гэсэн байна. Тэд үүнийгээ сурталчилж, хотоос орон нутаг руу гарсан зам бүрт "Зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас хамааралтай" гэсэн самбар байршуулсан. Энэ нь тухайн яамдууд ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа юм.

Түүнчлэн энэ номонд гадаад орнуудын жишээг дурджээ. Ингэхдээ Европын холбооны улсуусад замын нөхцөл байдлаас шалтгаалсан осол 22-28 хувь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаас хамаарсан хувь 18 байдаг гэсэн байна. Харин Монгол Улсад зам тээврийн салбар маш сайн байгаа учраас замын нөхцөл байдлаас үүдэлтэй осол 0.2 хувь байна гэж бичсэн байна. Иргэдийн амь нас,  аюулгүй байдлыг  Монгол улсын төр засаг нэгдүгээрт тавих ёстой.

Зам тээврийн осол үүсэх шалтгааны нэг гол нөхцөл нь замын асуудал байдаг. Гэтэл тэдгээр замыг та бидний татварын мөнгөөр хийдэг. Хоёрдугаар нөхцөл нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдал. Бүх жолооч мэдэж байгаа. Бид  жилд нэг удаа хамгийн багадаа улсад 22 мянган төгрөг төлж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгуулж замын хөдөлгөөнд оролцох эрхээ авдаг. Харин энэ номонд энэ талын ямар ч дүгнэлт байхгүй байна. 

Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр иргэн та, жолооч та буруутай гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэтэл замын нөхцөлд байдлаас шалтгаалж жолооч тэрхүү саад донсолгоог тойрох гэж байгаад осолд ордог. Харин төр үүнийг зам бус иргэн, жолооч буруутай гэж дүгнэж байна. Төр засаг нь хяналт шалгалтаараа тээврийн хэрэгслийг зүгээр гэж оношилчхоод осол аваар гарахаар бурууг иргэдэд тохож байгааг залуучууд бид эсэргүүцэж байна. 

Түүнчлэн хэрэв замын байгууламжийг барих гэж байгаа бол эхлээд түр зам тавих ёстой. Гэтэл тэр түр зам нь одоо хэр нь тавигдаж дуусаагүйгээс гадна ямар ч төлөвлөлтгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчиход хүндрэлтэй байна. аргаа барсан иргэд зарим тохиолдолд түр замыг хэрэглэхээс зайлсхийн хөдөө замаар зорчиж байгаа талаар мэдээллэсэн юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх