Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0070b06f-1c2e-4a6b-b87a-49f0f4ad8546.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар Засгийн газар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  Сүүлийн хэдэн хоногуудын огцом хүйтрэлтээр сайжруулсан түлшийг ашигласнаар 214 хүн хордож, 6 хүн амиа алдлаа. Энэ бол сайжруулсан түлшийг ашиглахад гарсан ноцой үр дагавар. Улаанбаатар хотод онцгой нөхцөл байдал үүсээд байна. Хүний амь эрсдлээ гэдэг хамгийн ноцтой үйлдэл. Үүн дээр хэн нэгийг өмгөөлөх хамгаалах шалтгаан биш. Өнөөдөр Улаанбаатарчууд нийтдээ айдастай амьдарч байна. Гэр бүлээрээ амь насаа алдах айдастай байна. Хөгшид, хүүхдүүд үүнд эрсдэж байна. Яагаад Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг сайжруулсан түлшинд сонгосон бэ? Энэ өндөр илчлэгийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэж яаж үзэв. 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн: Шахмал түлш маш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид шахмал түлшний стандартыг 2014 оноос мөрдөж эхэлсэн. Харамсалтай нь бүтээгдэхүүн гараагүй байсан. Шахмал  түлшний стандартыг сайжруулж гаргаад, боломжийн стандартаар гаргасан. Сайжруулсан түлшний чийглэг Налайх, Багануурын нүүрснээс  2-2.7 дахин бага. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн нүүрс. Өчигдөр шөнө -5 градустай хоносон. Дийлэнх айлууд сайжруулсан түлш түлж байгаа. Зуух дэлбэрсэн асуудал гараагүй. Ханан пийшинтэй айлуудад асуудал байгаа. Энэ жил бороо их орсноос болоод ханан пийшингийн яндан бохирдож битүүрсэн. Сайжруулсан түлш удаан шаталттай учир ядангийн халхавчийг хааж болохгүй. Ханан пийшинг манай мэргэжилтнүүд цэвэрлэхэд 2 шуудай нүүрс гарсан байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зарим нэг хүмүүсийн тархины утааг арилгаж байж бид утааг арилгана гэж хэнийг хэлээд байгаа юм. 159 хүн угаартаад байна. Энэ маазрал биш. Баавгайд хүн бариуллаа гэхэд инээгээд л байсан. Энэ Шадар сайдыг огцруулах хэрэгтэй байна. 159 хүн угаартсан нь асуудал мөн үү. Хэн хариуцлага үүрэх вэ? Энэ түлшийг та нар авчирсан. Бид утаатай тэмцэхгүй гэж суугаагүй. Хүмүүс угаартаад байна. Хэнийг доромжлоод байгаа юм. Олон улсын лабораторийн хариу ирээгүй байхад юун дүгнэлт хэлээд байгаа юм. 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн: Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Өмнөх жилүүдэд ч хүмүүс угаартаж байсан. Тэр үед хэн дуугарч байсан юм. Харин өнөөдөр дуугарч байгаа нь сайн. Бид олон улсын шинжилгээнд явуулсан. Мөн өөрсдийнхөө мэргэжилтнүүдэд итгэх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Цагдаагийн чиглэлээр би танилцсан. Муудсан зуухнаас асуудал үүссэн гэсэн нэг гол асуудал байна. Мөн яндангийн асуудал байгаа. Гуравдугаарт, сойлтуур, дөрөвдүгээрт ханан пийшингийн асуудал байна. Мөн тав дахь нь үнсэн дээрээ нэмээд хийсэн байна. Энэ таван үндсэн зүйлийг цагдаагийнхан гаргасан. 

Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Ард иргэдийг өөлөх, зэмлэх зүйлгүй. Дэндүү харамсалтай явдал болсон. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Сүүлийн хоёр хоног амиа алдсан зүйл байхгүй, гэхдээ угаартах дуудлага тасрахгүй байна. Би өглөө бүр өдрийн 24 цагийн мэдээллийг авч байгаа. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага 27 уурын зуухтай.  Нүүрс түлдэг. Хэд хоног туршиж үзсэн. Утааны хэмжээ 40 хувийн бууралттай байна гэсэн дүгнэлт хийсэн. Монголын лабораториор шинжилгээ хийлгэсэн. Асуудал гараад байсан учир гадаадын лаборатори руу явуулсан. Хариу ирэхээр дүгнэлт гарна. Гэр орныхоо асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх