Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bcdbb120-03fe-4c19-867b-30a005f9b7ae.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Аялал жуучлал, хөдөө аж ахуйг бид хөгжүүлэх ёстой. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс орлого олж, баялаг бүтээдэг байх хэрэгтэй. Орлого дээр уул уурхайгаас 3.1 их наяд төгрөгийг олохоор болжээ. Тэгвэл хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэлээс хэдийг олохоор байна вэ? ЖДҮХС-г алдаа дутагдал гаргаснаасаа болоод тас хааж болохгүй. Та бүхний сүүлийн барьж байгаа бодлого болж байна. Одоо сангийнхаа хэмжээг нэмэгдүүлээд өгөөч гээд байгаа. Яг ямар үйлдвэрлэл хөгжүүлэх вэ? Дэлхийд 20 тэрбум долларын ноолуурын зах зээл эргэлдэж байгаас 50 хувийг нь монгол ямаа эзэлж байгаа. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Салбарын хэмжээнд ирэх онд 20.7 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан. Тийм учраас улсын төсвөөс хөрөнгө оруулаад үйлдвэр барих практик байхгүй. 20 тэрбум төгрөгөөс 10 орчим нь УИХ-ын гишүүдээс тойрогтоо хэрэгжүүлэх ажлын төсөв. Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр нэгдсэн сан бий болгож, урамшуулал, татаас төвлөрүүлэх арга хэмжээ авахаар тусгасан. Энэ санд 66 тэрбум төгрөгийн арга хэмжээ туссан байгаа. Энэ сангаас мах, улаанбуудай, арьс ширний урамшуулалд зарцуулна. Өнөөг хүртэл явж ирсэн урамшуулал, татаас эдийн засгийн хувьд үр ашиггүй, гажуудалтай байсныг засч залруулна. Жишээлэхэд, улаанбуудайн урамшууллын хэмжээг нэмэгдүүлсэн. Ноосны урамшууллыг экспортын чиглэлтэй уялдуулна. Дарханд арьс ширний үйлдвэр иж бүрнээр боловсруулах цогцолбор байгуулна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улсын төсвийн мөнгийг хэмнэлттэй зарцуулах хэрэгтэй. Хэмнэлтийн бодлого шилжилж байж улс орон хөгжинө. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Бид төсвийн зардлаа харж байгаа хамгийн том хэсгээс нь оролдсон. Өндөр хүүтэй, богино хугацаатай авсан зээлүүдээ бид бүгдийг буцааж төлсөн. 1.4 их наяд төгрөг төлөгдөж байсан зардал буусан. Үүний дараагаар цалингийн нэгдсэн сан, төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах чиглэлээр санал санаачлага гарган ажиллаж байгаа. Цахим болговол мөнгө хэмнэлт гарна. Төрийн 185 үйлчилгээг цахим хэлбэрт оруулсан. Түгжрэлд өчнөөн цаг явдаг, банк хайж гүйдэг асуудлыг зохицуулсан. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Концессийг үргэлжлүүлэх, үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр тусгажээ. Гэвч концессаар компаниуд дүнгээ өсгөж аваад байна уу гэж хардаж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсад хэрэглэгддэг нэгж төгрөг. Энэ төгрөг хөдлөхөөр дагаад хөдөлдөг. Ханшийг нь тавиад санхүүжилт хийгдэх үеийнх нь тооцоогоор өгнө гэж байгаа. Гэтэл шүүхэд өгдөг. Шүүхээр явсаар байтал залхаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 2020 оны улсын төсөвт суусан нийт хөрөнгө оруулалтын жагсаалт байна. Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум, Дорнод, Сүхбаатарынх 30-35 тэрбум төгрөг байна. Эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн төлөвлөлт энэ мөн үү? Яагаад эдийн засгийн чиг хандлагаа харж чадахгүй байна вэ? Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Төв аймаг гэсэн газрууддаа яагаад хөрөнгө оруулалтыг хасдаг вэ?  Тусгай сангуудаа хассан байна. Ирээдүйн өв санг корпориац болгоно гэнэ. Соёл урлагийн сан байтал яагаад кино сан гээд гараад ирэв ээ? 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байх шиг. 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалинг бид хоёр жил дараалаад инфляцийн түвшинтэй уялдуулж нэмж байгаа. Аялал жуучлал Монгол Улсад том байр суурь эзлэх ёстой.  Эзэн Чингис гээд бид ярих дуртай. Аялал жуулчлалын бүс гээд сонгосон. Тэнд зам ч юм уу, бага сага хөрөнгө оруулалт тавихаар "илүү байна, гадуурхлаа" гэдэг чөтгөрийн сэтгэлгээгээсээ салах хэрэгтэй. Аялал жуулчлалын бүс болгож байгаа бол гадна дотнын бүх хүн очно. Аялал жуучлалын бүс гээд нэг ирсэн хүн дахин дахин ирж байгаасай гэсэн хүсэлтэй байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх