Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэнд Өмгөөллийн тухай хуулийг хэлэлцлээ.  Энэ хуулиар өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг зохицуулахаас гадна иргэн хүн өөрийгөө өмгөөлж болох заалтыг тусгажээ. Мөн төрийн алба хааж байсан, шүүх, прокурор, цагдаагаар ажиллаж байсан хүн хоёр жилийн хугацаанд өмгөөлөлийн ажил хийхгүй. Тэр дундаа нотариат, шүүх, прокуророор ажиллаж байгаад ёсзүйн асуудлаар ажлаас халагдсан бол өмгөөллийн шалтгалт өгөхгүй аж. Үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн, өмгөөлөгчтэйгөө маргаан гаргасан, олон улсын терроримзтэй холбоотой асуудлаар нууцыг задалж болох гэнэ. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчийн холбоо өгөх юм байна.  

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж " Энэ хуулийн төсөл нь хэлэлцээд хагас жил боллоо. Өмгөөллийн байгууллагыг цэгцэлмээр байна. Ардын намын мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн бие даасан хууль батална гээд заачихсан. Өмгөөлөгч нар хэтэрхий замбараагүй болсон байна. Хуульзүйн хувьд учир зүйг нь олж цэгцэлмээр байна. Хуулийн салбарт гараад байгаа элдэв юмны ард өмгөөлөгчийн гар хөл асар их явж байна. Дуртай болгон нь өмгөөлөл хийж, хүний мөнгө саадаг боллоо. Хариуцлага тооцох ямар ч бололцоогүй" хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хууль батлахад хариуцаж байгаа байнгын хороо, ажлын хэсгүүд байж байх шаардлагатай шүү. Цаашид анхаараарай. Засгийн газрын гишүүд ч мөн адил. Энэ Засгийн газрын гишүүд юманд их эмзэг байх юм хүмүүстэй ингэж хандаж харьцах юм.

Энэ хуультай санал нийлэхгүй хүмүүс байна. Жишээ нь бидэнд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчдийн холбооноос бичиг ирсэн. Энэ Өмгөөллийн хуулийг хойшлуулах шаардлагатай гэсэн байна. Энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль байдаг. Үндсэн хуулийн цэцээр 30 гаруй удаа орсон хууль л даа. Б.Бат-Эрдэнэ гишүүний асуусан асуулт энэ хуулийн төслийг боловсруулах үеэр зөндөө ярьж, хэлэлцүүлгүүд ч өрнүүлсэн. Ер нь бол Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуультай улс байхгүй. Бүх шүүгч бүрэлдэхүүнд орохоо байсан. Мөн прокурорууд нь ордоггүй. Ер нь бол хуулийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс нэг дээвэр дор, нэг хуулийн дор амьдарна гэсэн зүйл угаасаа байдаггүй. Үндсэн хуулийн алтан зарчим бол эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн бие даасан байдал.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хуульчдын холбооноос энэ хуулийг төслийг хойшлуулъя, учир дутагдалтай зүйл байгаа гэдгийг хэлсэн гэж сая Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Аргагүй ээ. Манайд хуульчид, өмгөөлөгчид, прокурор, шүүгчид нь бүгд Хуульчдын холбооны нэг дээвэр дор багтчихсан. Хооронд нь эрх ашгийн зөрчил ч бий. өмгөөлөгчид нь өмгөөллийн холбоогоо байгуулж олон улсын жишгийн дагуу ажиллах ёстой. Үүнийг ч шинэ хуульд тусгасан гэж ойлгож байгаа. хууль хяналтын байгууллагуудаас халагдсан хүмүүс өмгөөлөгч болдог. Энэ нь эргээд прокурор, шүүгчид нөлөөлж шударга бус шүүх засаглал бий болох,  тухайн хэрэг бүдгэрэх зэрэг тохиолдлууд практикт бий. үүнийг Өмгөөллийн тухай хуулиар засаж ажлаасаа гарсан хүмүүс өмгөөлөгч болгохгүй байх зохицуулалтыг энэ хуулиар хийж байгаа юм байна. Энэ хуулиар иргэн хүн анх удаагаа өөрийгөө өмгөөлөх эрхийг хуулиар олгож байгаагаараа онцлог. Энэ мэтчилэн уг хуулийн төсөлд сайн талууд олон харагдаж байна.

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар: Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн өмгөөлөгчийн эрх үүрэг, эрхзүйг тогтоохоос гадна иргэдийн хууль зүйн туслалцаа авах мөн тухайн иргэн өөрийгөө өмгөөлөх эрхзүйн туслалцааг бий болгож байгаагаараа онцлог. Иргэн хүний хувьд санал хүсэлт, гомдол гаргах нь нээгдэнэ гэсэн үг. Мөн хууль шүүхийн байгууллагад буюу цагдаа, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн хоёр жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй гэж хориглосон. Нөгөө талаар шүүгчээс огцорсон, прокуророос халагдсан зэрэг ёс зүйн зөрчлөөр ажлаасаа халагдсан хүмүүс өмгөөлөгчийн шалгалт бүр өгөхгүй байхаар зохицуулсан. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдөд тавигдах шаардлага нэмэгдэнэ. Мөн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ  нууцын зэрэглэлийг нэлээд хатуу зохицуулсан. Зөвхөн гурван үндэслэлээр нууцаа задална. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад орсны дараа  бүх хүн өмгөөлөгч хийх эрхтэй болдог. Энэ хуулиар хуульчийн сонгон шалгаруулалтад ороод дараа нь дахин өмгөөллийн сонгон шалгаруулалтад орно. Энэ нь өмгөөлөгч болох ур чадвар, хандлага зэргийг нь шалгах шалгалт. Хэрэв энэ шалгалтад тэнцвэл хугацаагүйгээр өмгөөллийн эрхээ авна. Мөн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо олгоно. Ингэснээр төрөөс хараат бусаар ажиллах эрхзүй бүрдэнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмгөөлөгч, өмөөрөгч хоёр ялгаатай гэдгийг би зарим гишүүнд хэлмээр байна. Өмгөөлөгч гэдэг бол мэргэжлийн, хуулийн ажил хийж, хүний өмнөөс ажилладаг хүмүүс. Өмгөөлөгч бол прокурорын нэг тал нь. Прокурорыг нарийн яривал төрийн өмгөөлөгч, нөгөө нь иргэний өмгөөлөгч. Байцаан шийтгэх хуульд төр нь иргэнийхээ толгой дээр гарчихсан, төрийн өмгөөлөгчийг иргэн нь даган биелүүлдэг, үгнээс нь гардаггүй, үгнээс нь гарвал өөрөө хэрэгтэн болчих гээд байдаг. Үүнийг зассан зарчмын өөрчлөлт байна уу. Прокурор гэдэг нөхөр өнөөдөр том толгойтой юм бүхнийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийдэг болсон. Ард түмний дунд өмгөөлөгч авах хэрэггүй, прокурор, шүүгчтэй нь тохирчих гэдэг үг хүртэл гарсан. Үүнийг мөн засаж чадсан уу. Өмгөөлөгч гэдэг хүн маань өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авах гээд байдаг, өмгөөлөгчийг үйлчлүүлэгчийнх нь өмнөөс байцаах гэдэг, сүрдүүлдэг, айлгадаг. Нотолж чадахгүй болохоороо өмгөөлөгч рүү нь дайрч гутаадаг гэх мэт бүх аргийг хэрэглэдэг. Өнөөдөр ордонд том дарга хийхээрээ өмгөөлөгч, эмч хэрэггүй мэт ярьдаг. Гэтэл асуудалд орлоо гэхэд өмгөөлөгч, эмчээс өөр дэмжлэг олдоггүй. Байцаан шийтгэх хуульд өмгөөлөгч, прокурор яг тэгш байна гэсэн тэр эрх нь байна уу. Прокурорууд хаан, заан биш. Манайд өмгөөлөгчөө өмөөрөх шаардлага гарсан шүү.

Ийнхүү Өмгөөллийн хуулийн батлах санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувийн саналаар Өмгөөллийн хуулийг баталлаа. Мөн дагаж мөрдөх хуулийг баталсан юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх