Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fa3cf752-51a1-4704-a2d9-04ed6c3ca9d8.jpg

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн  саналыг хэлэлцэж дэмжив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм.

Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчид нь мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадварын хувьд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж буйгаа Ерөнхийлөгчийн зөвлөх дурдаж байв.

Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг төгссөн, дэслэг генерал цолтой. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажилладаг.

Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр нь 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2003 оноос Гадаад харилцааны яаманд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар, 2014 оноос Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар нь 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд нь 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын Холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, О.Баасанхүү, А.Ундраа, С.Батболд нар Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ удаад анх удаа нэр дэвшиж байгаа хүн ч орж ирж байна, өмнө нь Элчин сайдаар ажиллаж байсан хүн ч бас байна. Дипломат албаны томилгоонд мэргэжлийн, бас ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар голлох шалгуур байх учиртай. Энэ шалгуур, шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг оруулж ирж байгаа учраас дэмжиж байна гээд цаашид томилгооны хугацаа нь дууссан бол эгүүлэн татдаг, гэхдээ оронд нь суух хүнийг хуулийн хугацаанд хурдан шуурхай томилдог байх ёстой. Энэ нь улс орны эрх ашиг, нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг Ерөнхийлөгчийн институци, Засгийн газар, Гадаад харилцааны яам аль аль талдаа анхаарч, Байнгын хороо ч үүнд хяналт тавьдаг байх нь зүйтэй юм. Ер нь гурван сараас дээш хугацаанд манай улс аль нэг улсад Элчин сайдгүй байж болохгүй гэсэн зарчим барьж ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү нар үг хэлж Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Эцэст нь Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг сайжруулах, тухайн улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, улс орноо сурталчлан таниулах, хоёр талын эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайд нар онцгой анхаарч, санаачлагатай ажил хэрэгчээр хандаж байх ёстой. Энэ үүднээс та бүхнээс хариуцлага нэхэж шаардаж ажиллах болно гэдгийг сануулав.    

Ингээд Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 14 нь буюу 93.3 хувь нь дэмжив. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын саналын дагуу БНХАУ-аас жуулчны визээр орж ирсэн  олон зуун иргэн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж ашиглан цахим орчинд мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын удирдлагуудын мэдээллийг хаалттай горимоор сонсохоор боллоо.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх