Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч 6 элчин сайдыг томилох саналыг хүргүүлсэн бөгөөд үүнийг нь МАН-ын бүлэг, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцууд дэмжсэн билээ. 

Ерөнхийлөгчийн саналд... 

  1. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа
  2. Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг
  3. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж
  4. Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр
  5. Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар
  6. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд нарыг ТОМИЛОХООР саналаа хүргүүлээд байгаа билээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Гадаад харилцааг эдийн засгийн гадаад харилцаа талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Польш улсын техник, технологийг Монголд оруулж ирэх тал дээр анхаарах шаардлагтай байгаа юм. Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх асуудлыг ОХУ-ын Элчин анхаарч ажиллаарай. НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн газарт туршлагатай, сайн дипломатч томилогдож байна. НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газар бол дэлхийн парламент. Үүн дээр өндөр түвшинд томилдог байх хэрэгтэй. Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг дамжуулдаг байх хэрэгтэй юм. Үүн дээр ГХЯ ямар бодлого барьж байна вэ?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: НҮБ бол үнэхээр дэлхийн аюулгүй, энх тайван байдлыг хариуцсан, олон улсын яриа хэлэлцээний гол төв. Олон улсын хуулийг ч хамгийн нарийвчлан боловсруулдаг. Үүнд бид үнэхээр мэргэжлийн, олон талт хамтын ажиллагаагаар мэргэшсэн хүнээ явуулдаг. Л.Эрдэнэчулуун, н.Энхсайхан, н.Энхцэцэг гээд. В.Энхболд дарга бол олон талт хамтын ажиллагаагаар ажиллаж байсан, 180 орны яриа хэлэлцээрт ажиллаж ирсэн, Элчин сайдаар ажиллаж, зиндаанд нь хүрсэн хүн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эмэгтэй Элчин сайдуудыг яагаад оруулж ирэхгүй байна вэ? Манайд С.Оюун, н.Туяа гээд мундаг эмэгтэй Элчин сайдууд байсан. Цаашдаа эмэгтэй Элчин сайдуудыг томилох уу?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Элчин  сайдуудын дунд эмэгтэй хүн цөөхөн гэж байгаа нь үнэн. Манайд Элчин сайдуудын зиндаанд хүрсэн эмэгтэйчүүд байгаа. Тэднийг оруулж ирэх хэрэгтэй. Оруулж ирэх бодлогыг анхаарч ажиллана. Жендэрийн мэдрэмж газрын дарга нарын түвшиндээ гайгүй байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Ундраа: Өнөөдөр 6 Элчин сайдад нэр дэвшигч орж ирж байна. Манай гадаад бодлогын хамгийн чухал асуудал бол хоёр хөрш. Миний онцолж асуух зүйл бол ОХУ-тай худалдааны харилцаа, тэнцэл сайнгүй байгаа. Худалдааны харилцаа 37 хувиар нэмэгдсэн гэж байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Гол экспортын бараа үхрийн хөлдөөсөн мах хэд байна. Энэ талаар судалж үзсэн байх гэж бодож байна. Кубад улсад томилогдохоор Элчин сайдаар томилогдох гэж байгаа Ш.Батцэцэг өмнө нь Индонези улсад сайн ажилласан. Куба улсад томилогдвол аялал жуучлалыг нэмэгдүүлэх талаар сайн ажиллана гэж бодож байна. Бүхэл бүтэн тив, карбийн орнуудыг хавсарч сууна. 

ОХУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа: Бүхий л салбарын харилцаа холбоо эрчимтэй хөгжих ёстой гэж үзэж байгаа. Үүн дотроо эдийн засаг, худалдааны бодлого чухал. Хамгийн түрүүнд хийх ёстой гарц нь ЕвроАзийн худалдааны байгууллагатай чөлөөт худалдааны гэрээ хийх ёстой юм билээ. Гишүүнчлэлтэй байгаа орнуудтай яриа хэлэлцээ хийсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой том төслийг явуулах, тарифын асуудлаар хэлэлцээ хийж ажиллана. 

Куба улсад Элчин сайдаар нэр дэвшигч Ш.Батцэцэг: Куба бол их онцлогтой улс. Би хамгийн түрүүнд олж харсан зүйл бол уламжлал сайн. Ирэх Куба-Монголын  хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Уламжлалт харилцааг сайжруулна. Анагаах ухааны чиглэлээр харилцаагаа давуу хөгжүүлнэ  гэж бодож байна. 

Гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авснаар өмнөх Элчин сайд нарыг эгүүлэн татах эсэхээр санал хураалт явуулж, гишүүд дэмжлээ.

Ингээд

  • ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томилохыг 82.4 хувийн саналаар,
  • БНКУ-д суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг томилохыг 78.4 хувийн саналаар,
  • Шведийн Хаант Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг 82.4 хувийн саналаар, 
  • НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг 84.3 хувийн саналаар,
  • БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг 82.4 хувийн саналаар, 
  • Тайландын Хаант Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг 82.4 хувийн саналаар тус тус дэмжлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх