etoim.mn
photos/хувьцаа эзэмшигч.jpg

-Нээлттэй нийгэм форум, Улаанбаатар Ротари клуб банкны хувьцаа эзэмшигч нэрээр ашиг олдог уу-

Санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг дангаар бүрдүүлэх банкны салбарын засаглал, хувьцаа эзэмшигчдийг бид энэхүү цуврал нийтлэлээрээ дамжуулан олны сонорт хүргэж байна.

“Амьдралд ашид хамтдаа” гэх тодотголтой Хас банк үргэлж зөв банк байсангүй. Саар мууд хүртэл жишээ болон нэг хэсэг “мандсан”. Хувьцаа эзэмшигчдийнх нь дунд өрнөсөн маргаан савнаасаа хальж, компанийн засаглал гэгч тус банкны толгойны өвчин болж байв. Монголын банкны системд нөлөө бүхий Хасын “хувь заяа”-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид чухам хэн, хэн бэ. Банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой манай улсад арилжааны банк шинэ зүйл биш. Хэдий тийм боловч банкны салбар дахь хувь нийлүүлэгчдийн маргаан тасрахгүй байна. Энэ нь банкны засаглал эмзэг байгааг илтгэнэ.

Монгол Улсад нийт 34 арилжааны банк байгуулагдсанаас 20 гаруй нь зах зээлийн шалгуурыг даалгүй дампуурч, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоожээ. Тэгвэл цагийн шалгуурыг давж гарсан хэдхэн банкны нэг нь Хас. “Зөв банк Хас банк” хэмээн анх банкны систем цахиур хагалан 1998 онд гарч ирсэн, хамгийн зөв засаглалтай гэж бидний харж, үнэлдэг тус банк өнөөдөр энэхүү шинж чанар, давуу байдлаа хадгалж үлдэж чадсан уу.

Хас банк хэнийх вэ. Эцсийн өмчлөгч нь хэн бэ. “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн бүрэн мэдлийнх. Тэгвэл санхүү, даатгал, санхүүгийн түрээс, хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холдинг компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчид нь хэн бэ. Тус нэгдлийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Монголын алт” буюу МАК. Нийт хувьцааных нь 20 хувийг өдгөө эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, Хас банкны хамгийн том нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь гэсэн үг. Тэрчлэн Монгол Улсын стратегийн ордуудын нэг болох Цагаан суваргын орд тус компанийн мэдэлд байдаг. Үүгээр нь хүмүүс илүү мэддэг болсон билээ.

Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаагаасаа гадна олон нийтийн газар зодоон хийж, танхайрсан шалтгаанаасаа болж УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгч, чөлөөлөгдсөн Н.Номтойбаяр МАК компанийн өв залгамжлагчдын нэг төдийгүй улс төрд орж ирэхээсээ өмнө Дэд ерөнхийлөгч нь байв. Хас банкны хамгийн том хувьцаа эзэмшигчийг тойрсон дуулиан олон нийтийн анхаарлын төвд байна.

Хас банкны хоёр дахь томоохон хувьцаа эзэмшигч нь Олон улсын санхүүгийн корпораци. Нийт 17.7 хувийг эзэмших бол дараагийнх нь Орикс корпораци бөгөөд 16.81 хувийг эзэмших аж. Хамгийн өндөр дүнтэй хувьцаа эзэмшигчдийг энд цохон онцолж байгаа хэрэг.

Хувьцаа эзэмшигчдийг нь цааш дэлгэрүүлж үзвэл, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Канадын үндэсний банк, Ронок Партнерз, Mongolia Opportunities partners, Триодос Фэйр Шэйр Фанд, Нээлттэй нийгэм форум ТББ, Улаанбаатар Ротари клуб ТББ, М.Болд, Ч.Ганболд гэсэн нэрс байна. Монголбанк, Хас банкны албан ёсны мэдээллийг эх сурвалжаа болгов.

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц дотор хоёр ч төрийн бус байгууллага байгааг уншигч та эндээс анзаарсан байх. Тухайлбал, Нээлттэй нийгэм форум нийт хувьцааны 1.59 хувийг эзэмшдэг бол Улаанбаатар Ротари клуб ТББ 0.30 хувьтай юм байна. Хас банк ашигтай ажиллах тусам эдгээр төрийн бус байгууллага жил болгон ногдол ашиг хүртдэг гэсэн үг. Эдгээр төрийн бус байгууллага нийгэмд эерэг дүр төрх бүрдүүлж чадсан байгууллага. Хэдий тийм боловч хаалттай хаалганы цаана банкны системээр дамжуулан ашиг олж байгаа нь хэр зохистой вэ.

Гэтэл Монгол Улс олон улсын санхүүгийн хоригт өртөж, Саарал жагсаалт руу хөл алдахад нийгэмд үйлчлэх, ашгийн төлөө бус гэх статустай олон мянган төрийн бус байгууллагын уршиг нөлөөлсөн болохыг Сангийн сайд мэдэгдэж байсан. Төрийн бус байгууллагууд банкны системд хүртэл хэдийнэ нэвчиж чаджээ.  Төрийн бус байгууллагууд хэний мөнгөөр санхүүждэг вэ. Мөнгө угаадаг хэрэгсэл нь ТББ болсон уу, Монголд.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “ТББ-ын санхүүгийн эх үүсвэр, хандив тусламжийн дүн, эргэн зарцуулалт тодорхой бус, хянагддаггүй, эрх зүйн орчин муу байгаагаас мөнгө угаах эрсдэл энэ салбарт 62 хувьтай байгаа. ФАТФ-аас танайх энэ салбараа сайжруулаарай хэмээн зөвлөж байгаа” гэсэн юм. Тэгвэл мөнгө угааж болох хамгийн оновчтой, хамгийн аюулгүй субьект ТББ байж болох.

Хас банкны хувьцаа эзэмшигч “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллага 2004 онд Нээлттэй нийгэм хүрээлэн буюу Соросын санг залгамжлан байгуулагдсан. Ардчилсан сайн засаглалыг бэхжүүлэх, Эрх зүйн шинэтгэлийг дэмжих, Боловсрол, нийгмийн бодлого гэсэн гурван хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү мэдээллийн эх сурвалж нь Нээлттэй нийгэм форум.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, валютын арилжааны томоохон тоглогч Жорж Сорос буяны сангаа 1979 онд АНУ-д нээсэн. Википедиадад өгүүлснээр, жил бүр ойролцоогоор 300 гаруй сая ам.долларыг энэ сангийнхаа үйл ажиллагаанд зарцуулж байна. “Нээлттэй нийгэмлэг” олон салбарт үйл ажиллагаа явуулдгаас хамгийн өргөн хүрээтэй нь хар тамхийг хууль ёсны болгож, марихуан, метадоныг эмнэлэгт хэрэглэхийн төлөөх тэмцэл юм. Одоогоор дэлхийн 25 оронд түүний буяны сангууд ажилладаг. Жорж Сорос нь Унгарын Будапешт төрсөн хэдий ч өнөөдөр түүнийг Унгарчууд үндэсний дайснаа мэт үзэх болжээ.

Ж.Соросын амжилтын гол үндсийг хоёр хувилбараар тайлбарладаг. Нэг дэх нь Ж.Сорос санхүүгийн ертөнцийг мэдрэх онцгой авьяастай хvн. Харин хоёр дахь хувилбараар бол Жорж Сорос дэлхийн улс төр, санхүү, тагнуулын хүрээнийхний томоохон хүмүүсээс өөртөө хэрэгтэй мэдээллийг авч байдаг. Үүгээр ч зотсохгүй түүнийг олон улсын эдийн засгийг барьж байдаг Их БританиШвейцарьАНУ-д байрлах хүчирхэг бvлэг хүмүүсийн санхүүгийн төслийг хэрэгжүүлдэг хөлсний менежер гэх нь ч бий. Парисын шүүх 2002 онд Жорж Соросыг орлого олох зорилгоор улсын нууц мэдээллийг худалдаж авсан гэж буруутган 2,2 сая евро төлөх торгууль ногдуулсан юм. Шүүхийн үзснээр тэрбумтан нууц мэдээллийн ачаар Францын "Societe Generale" банкны хувьцаанаас хоёр сая ам.долларын ашиг олсон аж.

Эх сурвалж: энд дарна уу

Хас банкны хувьцаа эзэмшигчээр Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Орон Нутгийн Удирдлагын Хөгжлийн Сан, Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо, Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан өмнө нь бүртгэгдэж байв. Эдгээр нь төрийн бус байгууллагын статустай бөгөөд өөрсдийн хувиа зараад хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнээс гарсан байдаг юм. Тодруулбал, бидний санаанд оромгүй төрийн бус байгууллагууд банкны салбараар дамжуулан ашиг олж, мөнгө хүүлэх үйл ажиллагаанд давхар давхар оролцож байжээ гэж эндээс дүгнэж болохоор байгаа юм. Олон улсын байгууллага гэвэл, АНУ-ын Мерси Коор байгууллага мөн л Хас банкны хувьцаа эзэмшигч байв.

Банкны тухай хуулийг Хас банк зөрчсөн нь үүнээс харагдана. Банкны тухай хуульд төрийн бус байгууллага банкны эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч байхын хязгаарласан байдаг. 

Арилжааны банкны санхүү, хөрөнгө бол харилцагчид, хадгаламж эзэмшигчдийнх байдаг. Банк бол тэдний хадгалуулсан байршуулсан мөнгөнд зохих хүү төлж, түүнийг цааш нь хэрэгтэйд нь зээл, хөрөнгө оруулалт болгож өгөх менежментийг хийдэг байгууллага. Тэгтэл банкны хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн гишүүд хувьдаа төрийн бус байгууллагатай, түүгээрээ дамжуулан эзэмшиж буй банкны хувиар мөнгө угааж Банкны болон ТББ тухай хуулийг зөрчиж байгаа юм биш биз?

ОУВС-аас 2017 онд Монголын арилжааны 14 банкинд активын шалгалт оруулсан билээ. Тодруулбал, активын чанарын иж бүрэн үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанар болон үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа, хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлсэн. Энэхүү шалгалтын дараагаар Монголбанкнаас мэдэгдэл гаргаж хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банкуудын нэрийг зарлаж байв. Үүнд,

Голомт, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Капитрон, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал  багтсан.

Монголын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг PWC /Pricrwaterhouse coopers/ компанийн Чех дэх салбараар хийлгүүлсэн бөгөөд энэхүү үнэлгээг хийх үед  өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад 2018 оны төгсгөлд үүнийгээ нөхөх шаардлагыг тавьсан байдаг. Энэхүү шаардлагын дагуу нэгээс буюу “Капитал”-аас бусад нь актив хөрөнгөө нэмэгдүүлсэн.

Үүний дараа ОУВС-гаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн зарим банкуудын эх үүсвэр, санхүүжилт нь цэвэр эсэхийг шалгах ажлыг зохион байгуулсан. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч 2019 оны зургадугаар сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан. Энэ удаад “Банкны хяналт шалгалтыг илүү чангатгах хэрэгтэй. Зарим арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж байгаа ч Монгол хууль болон олон улсын шилдэг туршлагад нийцэхгүй байна гэж төлөөлөгчид дүгнээд буцсан.

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн /Банкны төлөөлөн удирдах зөвлөл/ 31.4.3.нууцаар ашиг хүртэхгүй байх ёстой гэж заасан байгаа.

Харин Төрийн бус байгууллагын тухай хуульд ТББ-ын орлогын тухайд

Төрийн бус байгууллагын орлого нь гишүүний татвар, хандив, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө гэсэн эх үүсвэрээс бүрдэж болно гэж заасан.

ТББ олон нийтийнх. Олон нийтийн эрх ашгийг тээж, төрд шахалт үзүүлж, зөв шийдвэр гаргуулах, хийж чадахгүй зарим ажлыг нь гүйцэтгэж, төр, ард түмний “”гүүр” болох учиртай байгууллага. Монголд үйл ажиллагаа явуулж буй 22 000 ТББ шуудхан хэлэхэд дээр дурдсан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Энэ үүргээ гүйцэтгэж буй ТББ тун цөөхөн.

Парист төвтэй, олон улсын ФАТФ буюу мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагаас гаргадаг саарал жагсаалтад Монгол Улсыг оруулаад даруй гурван сарын нүүрийг үзлээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг гэж Монголбанк тодорхойлжээ.

Илт хууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж олж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчилснийг мөнгө угаах гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар тогтоосон. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгө, хөрөнгөө цэвэршүүлж, хууль ёсны болгохыг хэлж байгаа юм.

эх сурвалж: peak.mn

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх