Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/83112992_167278004602887_903420781298450432_n-6unwid84znykz5ir51x7lrecmyp0i2b85einbf16csg.jpg

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Эрдэнэсайханыг урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа  бөгөөд Гал унтраах техникийн олон төрөлт спортын ОУХМ цолыг саяхан хүртсэн юм.

-Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин аврагч боллоо. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

  Баярлалаа. Миний хувьд Орхон аймгийн Онцгой байдлын газраас төрөн гарч байгаа зургаа дахь олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин аврагч боллоо. Албан үүргээ гүйцэтгээд 11 жил болж байна. Харин 9 дэх жилдээ Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж байгаа.

-Оролцож байсан тэмцээн, уралдааных нь амжилтын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлье?

  Миний хувьд Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа, клубын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа оролцож, нийт 35 медалийг энэ спортоос хүртсэн. Мөн 2019 онд ОХУ-ын Саратов хотноо зохиогдон байгуулагдсан 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд саадтай 100 метрийн төрөлд 16,36 секундын амжилт үзүүлэн олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангасан амжилтыг үзүүлээд байна.

-Гал сөнөөгч бол дэлхийн хамгийн эрсдэлтэй мэргэжлийн нэгд ордог. Энэ мэргэжлийг сонгох шалтгаан байсан уу, эсвэл?

   Эрсдэлтэй ч эргээд ирэх буян нь хэмжээлшгүй шүү дээ. Бид хүмүүст тэр бүр тусалж чаддаггүй. Харин  аврагч, гал сөнөөгч бол аврал эрсэн хүн бүхэнд гараа сунгаж, амьдрал бэлэглэдэг. Сонгосон шалтгаан нь энэ. Анх 2009 онд тухайн үеийн Аврах тусгай ангид /одоогийн Үндэсний аврах бригад/  гал сөнөөгчийн сургалтад хамрагдаад Гал түймэр  унтраах, аврах 58 дугаар ангид томилогдсон. Түүнээс хойш гал сөнөөгчөөр ажиллаж байгаад  2018 оноос салааны захирагчаар үүрэг гүйцэтгэж байна даа.

-Мэргэжилтнээс удирдах албан тушаалтан болоход ажил, үүргийн хувьд хэр өөрчлөлт орсон бол?

   Мэдээж асар их ялгаатай. Удирдуулж байсан бол одоо удирдаж байна. Баг хамт олныхоо аюулгүй байдлаас эхлээд эх орон, ард түмнийхээ амь нас, эд хөрөнгийг хариуцаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бүх зүйл удирдлага надаас шалтгаална.  20 гаруй хүнийг нэг баг болгон удирдана гэдэг тийм ч амар биш. Гэхдээ ажил, мэргэжлээ ойлгодог, бие биенээ нөхдөг, дэмждэг, хайрладаг хамт олонтой болохоор эрсдэл, аюултай нүүр тулахад айгаад байх зүйл гардаггүй. Хамтын хүчээр амжилттай ажиллаж байгаадаа баярладаг юм.

 -Ингэхэд удирдагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

 Миний хувьд хурандаа Г.Ганбаатар, ангийн захирагч, ахлах дэслэгч М.Отгонсүрэн нараас байнга суралцаж, тэднээс удирдлагын манлайллыг олж хардаг. Нэг үгээр бол тэд миний “ментор”-ууд юм даа. Удирдагч бол бусдадаа үлгэрлэж, зөв залуурдаж, бүхнийг өөрөө үлгэрлэдэг байх ёстой л гэж боддог.  Өдрөөс өдөрт өөрчлөлт, шинэчлэлт өрнөж, техник, тоног төхөөрөмжүүд хурдацтай хөгжиж байгаа учраас цаг үеэ мэдэрдэг, ярьдаг биш үйл хөдлөлөөрөө харуулдаг байх нь удирдагч хүний шинж гэж ойлгодог.

 Итгэл гэдэг итгэж болохын илэрхийлэл. Аврагч хүн илүүтэйгээр их мэдэрдэг байх гэж боддог юм?

Тийм шүү. Энэ цагийн эгэл баатрууд гэж ард түмэн маань урам зориг, итгэл хайрлахаас гадна баярлалаа гэж дандаа хэлдэг.  Аливаа зүйл хэлж ирэхгүй, хийсч ирдэг. Аюул тулгарсан үед амь нас, эд хөрөнгийг минь аврах хүмүүсээ гэж итгэдэг болоод тэр шүү дээ. Тийм болохоор өдөр бүр өөрийгөө илүү ихээр дайчилж, биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлээ хангадаг. Ахуйн болон ой, хээрийн түймэр, усны болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гээд олон төрлийн дуудлагаар л үүрэг гүйцэтгэж байна. Дуудлага бүрээс суралцдаг. Сүүлийн хоёр жилийн тооцооллоор 30 гаруй аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 200 гаруй сая төгрөгийн эд хөрөнгө, хоёр хүний амь насыг авран хамгаалсан.

-Спорт бол байнгын бэлтгэл, сургуулилт шаарддаг. Энэ их ажлын хажуугаар бэлтгэлдээ хэр цаг зарцуулж байна даа?

Нэг талаараа спорт ч нөгөө талаар аврагч, гал сөнөөгч хүн бүрийн заавал эзэмших ур чадвар гэж ойлгодог. Тийм учраас өдөр тутамдаа байнгын бэлтгэлийг алба хаагчидтайгаа хийнэ. Сургалт хийх орчин нөхцлийг маань удирдлагуудын зүгээс шийдэж, бүхий л талаар дэмжин ажилладаг. Дэмжлэг бол амжилт гаргахад их тулгуур болдог. Өөрийн хичээл, зүтгэлээс л шалтгаална даа.

Гэр бүлээ танилцуулаач?

 Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хувиараа ажил эрхэлдэг. Хүү маань 4 настай. Цаг зав гарвал гэр бүлдээ зарцуулах дуртай. Гэрийн эзэн, аав хүнийхээ хувьд өөрийн гарын хоол хийж өгөх дуртай шүү.

-Залуу боловсон хүчний хувьд санаж, сэдэж, зорьж байгаа олон ажил байгаа байх даа?

   Хөдөлмөр хүнийг бүтээдэг шүү дээ. Энд хүрээд зогсож болохгүй. Амжилтаасаа урам аваад урагшилна. Алдаа гаргавал түүнээсээ суралцаад зүтгээд л байна даа.  Харин спортын хувьд өөрийн гэсэн олон сайхан шавьтай болохыг хүсдэг. Ирээдүйд шавь нарынхаа амжилтыг хараад бахархаад суухыг л мөрөөддөг дөө.

Тэгвэл өнөө цагт хамгийн ховор, үнэ цэнэтэй зүйл гэвэл та юуг нэрлэх вэ?

–Хайр. Энэ бол хайр, сэтгэлийн хайр биш. Бие биенээ дэмждэг хайр гэж хэлмээр байна. Хайр байгаа учраас л амьдрал оршин байгаа шүү дээ. Тусламж хүссэн нэгэндээ чадах чинээгээрээ  дэм болж байвал хайрын л илэрхийлэл гэж боддог. Гэтэл өнөөдөр тийм бодлоор бусдадаа хандах сэтгэлтэн ховор юм шиг. Энэ нийгэмд дутагдаад байгаа зүйлийн нэг ч байж магадгүй.

-Ярилцсан танд баярлалаа. Авран хамгаалах их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе?

  Онцгой байдлын алба маань жилээс жилд өргөжин, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон дүрэм, журмыг батлуулан ажил хэрэг болгож, автомашин, техник хэрэгслийн шинэчлэлийг хийж байгаад алба хаагчийн хувьд баярлаж талархдаг. Нөгөө талаар төр, ард иргэд маань өндрөөр үнэлж, дэмжиж байгаа учраас улам илүү л ажиллах ёстой гэж ойлгож байгаа. Ингээд үйлс, зорилго нэгтэй нийт алба хаагчдадаа  ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

эх сурвалж: ОБЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх