Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/98176092_262845688099904_4927867397496373248_n_20200513024125_20200513060229.jpg

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв  Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж.

“Энэрэл” төвд одоогийн байдлаар оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд явж байгаа аж.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлгөөний засал, сургалтууд явагддагаас гадна хүүхдүүдээ харж буй эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодгоороо онцлог. Тус төв нь хажуудаа “Ханни” чихмэл тоглоомын үйлдвэртэй бөгөөд хүүхдүүдийн ээжүүд ажилладаг байна. Ээжүүдийн урласан тоглоомыг борлуулж олсон ашиг  төвийн үйл ажиллагаанд чамгүй их нэрэм болдог хэмээн “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн тэргүүн Т.Туяажаргал хэлж байв.

Тэрбээр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв өнөөдрийг хүртэл статусгүй явж байгаа. Ямар нэгэн стандарт журам байхгүй үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрөөс санхүүжилт авахгүйгээр хүүхдүүдийн багахан хэмжээний төлбөр, ээжүүдийн урласан чихмэл тоглоомоосоо санхүүжилтээ зохицуулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй учраас Төр захиргааны байгууллагын харьяа болох эсхүл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.  Тусгай сургуульд бүртгэлтэй боловч байнгын асаргаатай учраас хичээлдээ явж чаддаггүй маш олон хүүхдүүд гэртээ байна. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байхгүй аль болох өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг хийлгэж, хөгжүүлэх сонирхолтой. Бид адилхан зовлонтой эцэг эхчүүд учраас үр хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж явна” гэсээр төвийнхөө үйл ажиллагааг болон чихмэл тоглоомын үйлдвэрээ танилцуулсан юм. Мөн тэрбээр хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудал эмийн хэрэгцээ дутмаг байгааг хэллээ. Монгол улсад бүртгэлтэй 5 төрлийн эм эмийн хэрэглээ байдаг боловч хүүхдүүдийн биеийн онцлогоос хамаараад таарахгүй байх тохиолдол их байдаг гэнэ.Коронавирусийн халдвараас үүдэж хил хаасантай холбогдуулан гадаадаас захиж авчирдаг эм тасарснаас үүдэж зарим хүүхдүүдийн өвчин хүндэрсэн учраас Энэрэл төвийн хамт олон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамд удаа дараалан хандаж хүсэлт өгсөн ч амжилт олоогүй талаараа мөн дуулгаж байв.

“Энэрэл” хүүхэд хөгжлийн дэргэдэх “Ханни” чихмэл тоглоомын төвд ээжүүд бүх төрлийн зөөлөн тоглоомуудыг урладаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн захиалгаар 100 ширхэг чихмэл туулай урлаж байв. Энд чихмэл тоглоом урлахаас гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг байна. Түүнчлэн ЕБС-н технологийн хичээлд зориулсан гар оёдолын бэлдэцүүд ч их байлаа.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдийн аавууд нэгдэн  “Ирээдүй төв” Төрийн бус байгууллагыг нээж өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг талаараа дууллгалаа. “Ирээдүй төв” ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд “Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж ажиллаж байна.Энэ үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад маш хүндрэлтэй асуудлууд их.Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээж өгөх, дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна. Тусгай сургууль 4, 2 цэцэрлэг байгаа боловч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо.

Мөн 9 дүүргийн хэмжээнд хүүхэд хөгжлийн төвийг нээх асуудлыг  нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөөлүүдэд судалж шийдвэрлэхийг үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвлөлийг хуралдуулж эрх зүйн орчинг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллана” хэмээлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх