Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/J1A0522-6uf94jwicawi8cigz0s0v7o9k0bz672i9b0p3kpplq8.jpg

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд “Ковид-19” халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” томоохон дадлага сургуулилтыг зохион байгуулсан билээ. Уг сургуулилтын талаар ОБЕГ-ын дэд дарга, Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.

-Гурван өдрийн турш үргэлжилсэн цар тахлын үеийн гэх тодотголтой дадлага сургуулилтын гол зорилго, бодлого юу байв?

-Засгийн газрын хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд коронавирустэй тэмцэх, бэлэн байдлаа сайжруулах үүргийг өгсөн. Энэ үүргийн дагуу бид 14 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангаад дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Шадар сайдын тушаал гараад дадлага сургуулийн бодлогыг баталсан. Гол бодлого бол коронавирустэй тэмцэх, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ гэсэн хүрээнд хийгдсэн. харилцан ажиллагаа гэдэг бол байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хэлж байгаа юм. Хариу арга хэмжээ гэдэг нь халдварын тохиолдол бий болчихсон үед шуурхай хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бусад байгууллагуудын үйлчилгээ гэсэн утга санааг агуулсан.

-Түүхэндээ анх удаа ийм том хэмжээний дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Шинэ, анхных гэдэг утгаараа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хэр байв. Ямар нэг зөрчил, үл ойлголцол гарч байв уу?

-Эрүүл мэндийн сайд дадлага сургуулилтын удирдагчаар ажилласан. Түүхэндээ анх удаа бид халдварт өвчнөөр үндэсний хэмжээний том сургуулилт, сургалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн сайд анх удаа энэ том дадлага сургуулилтыг удирдаж ажиллалаа. Бусад байгууллагын хувьд сайдын удирдлага дор ажилласан. Сургууль өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүллээ. Сургуулийн бодлогод тусгагдсан арга хэмжээнүүдийг бүгдийг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, танхимын сургууль, хоёрдугаар практик сургууль гэсэн хоёр үндсэн үе шаттайгаар явагдсан. Танхимын сургуулиар бид дэлхий нийтийг айдаст автуулж, түгшээж байгаа энэ аюулт коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлийн ширээний дасгал сургууль буюу штабын дадлагыг зохиомол цагийн байдал дээр, хүндэрсэн нөхцөлд яаж авах вэ гэсэн зохиомжоор хийж үзсэн. Үүнд бүх бодлогын бичиг баримт, төлөвлөлтийн бичиг баримтуудыг төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлуудаа олон байгууллагууд чиглэл чиглэлээр ярилцлаа. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадна аймаг, нийслэлийн Шуурхай штабууд цахимаар холбогдож ширээний хурлаа хийлээ. ДЭМБ болон бусад эрдэмтэн судлаачдын гаргасны дагуу аюул занал алгуурхан эхлээд оргилдоо хүртэл явагдах тэр мөч хүртэл төрийн байгууллагууд, бусад байгууллагууд бүх чадлаа дайчлан оргилдоо хүртэл нь ажиллалаа. Оргилдоо хүрсний дараа хяналтдаа аваад график, судалгааны дагуу буурдаг юм байна. Энэ хугацаанд амьдралаас ургасан, шийдэгдээгүй, цаасан дээр буугаагүй, төлөвлөлтөд тусгагдаагүй олон асуудлууд тулгарсан. Энэ болгоныг бид тэмдэглэж авсан. Бид хэдийгээр өнөөдөр орчин үеийн шинэ технологи нэвтэрчихсэн гэж бодож байгаа боловч яг энэ үед холбоо зохион байгуулалт гэдэг том хүндрэл болж болзошгүйг бид сая харлаа. Удирдагч хүний баруун гар бол холбоо байдаг. Холбоо зохион байгуулалттай байж холбоогоороо мэдээллээ цуглуулж, дүгнэлт шинжилгээ хийж хариу арга хэмжээ авах шийдвэр гаргадаг. Гэтэл энд хүндрэл учирч байгааг бид харлаа. Хоёрдугаар асуудал удирдлага зохион байгуулалт, бүтцийн тал дээр эргэж харах хэрэгтэй байна. Зарим зүйл дээр давхардсан бүтэц байгаад байна. Давхардсан үйл ажиллагаа явуулаад байна. Энэ бүгдийг нэгдсэн байдалтай явуулах шаардлагатай байна. Бид сайн тэмдэглэж авлаа.

-Сая 400 гаруй ор дэлгэж бэлтгэл хийж үзлээ. Үнэхээр халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрсэн үед эрүүл мэндийн салбарт үүнээс ч илүү нөөц хэрэгтэй болохыг тооцоолсон байх. Энэ талаар…?

-Гурав дахь өдөр Эрүүл мэндийн яам штабынхныгаа УОК-ын Шуурхай штаб дээр нэгдүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадсан. Ингэснээр хурлын үр дүн маш шуурхай гарлаа. Маш шуурхай ойлголцлоо. Ингэснээр олон нийтийг хамарсан цар тахал гарчихсан үед Эрүүл мэндийн байгууллага, эмч ажиллагсад, байрны асуудалд хүндрэл гарах юм байна. Байр сав бэлтгээд нөөцөө харуулсан ч ийм том хэмжээний аюул тохиосон үед хүрэлцэхгүй тохиолдол гарах юм байна. Энэ бүгдийг бид олж харлаа. Гэх мэтчилэн олон зүйлийг энэ сургуулийн хүрээнд олж харлаа, ярилцлаа, ойлголцлоо. Халдварын тохиолдол гарчихсан үед хэн хэндээ мэдээлэл дамжуулах юм. Стандарт ажиллагааны журмыг ч хөндөж ярьсан. Тохиолдол илэрлээ. Лабораторийн шинжилгээ хийхэд халдвартай гарлаа. Эхний ээлжинд ямар алхам хийх юм бэ гэдгээ хүртэл ярьж байгаа юм. Ингэж байж бид дараа дараагийн аюул ирэхэд сандрахгүй бухимдахгүй, хэн нэгэндээ асуудал үүсгэхгүй, зөрчилдөөн гаргахгүйгээр ажиллах нөхцөлийг бий болгож чадсан нь энэ сургуулийн том амжилт юм.

-Хамгийн чухал зүйл Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн хөл хорио. Энэ үеэр иргэд хэр идэвхтэй байв. Зөрчил хэр гаргав?

-Бодит дадлага сургууль буюу практик сургууль. Чингэлтэй дүүргийн хүрээнд бодит дадлага сургуулийг хийж хөл хорио тогтоож үзлээ. Тантай ярилцаж байгаа энэ ярианыхаа далимд Чингэлтэй дүүргийн 150 мянган ард иргэддээ баярлалаа, та бүхэн сургуулийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж оролцлоо. Ард иргэддээ бүрэн итгэлтэй боллоо гэж хэлье.Чингэлтэй дүүргийн ард иргэд маш сайн идэвхтэй оролцлоо. Бодож байснаас илүү идэвхтэй байлаа. Ямар ч зөрчилтэй асуудал гаргаагүй. Яахав хөл хориотой бүс рүү орох гэсэн бусад дүүргийн иргэдийн зүгээс ганц нэг асуудал гарсан. Энэ талаар мэдээгүй гэдэг ч юм уу. Тухай бүрт нь манай алба хаагчид зохицуулалт хийж ажилласан. Бид дрон нисгээд ард иргэдээ дээрээс харж байсан. Гэр хорооллын иргэд гэрээсээ гарахгүй, гудамж талбайдаа гарахгүй, элдэв шалтаг шалтгаан хэлэхгүйгээр дуусгалаа.

-Тэгэхээр иргэд маань халдварын үед хэрхэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах талаар ойлголт сайн байна гэж хэлж болох уу?

-Бид аюул занал тохиолдох юм бол ийм л арга хэмжээ авна. Энэ тохиолдолд яаж ажиллах ёстой, ямар хүндрэл гарч болохоор байна гэдгийг мэдэж авахыг хүссэн. Энэ олон гудамж, үйлчилгээний төвийг яаж хянах уу гээд туршиж үзлээ. Чингэлтэй дүүрэг гээд яриад байгаа боловч цаана Улаанбаатар хотыг цаашлаад Монгол Улсын хэмжээнд төсөөлж хэрэгжүүлж буй. Өнөөдөр ард иргэддээ итгэх итгэл бүрэн дүүрэн боллоо. Яах бол ийх бол, ямар хүндрэл гарах бол гэж үнэндээ шаналж байсан. Гэтэл манай ард иргэд одоо шал өөр ойлголттой, их эерэг хандлагатай болсон байна. Төр засгийнхаа хэлсэн үгийг ойлгодог болж. Өөрийнхөө болоод өрх гэрийнхээ аюулгүй байдлыг хангаж чаддаг болж. Миний аюулгүй байдал бусдын аюулгүй байдалтай хамааралтай гэдгийг ухамсарладаг болсон байна.

Бас нэг зүйлийг онцломоор байна. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ үйл явдалд маш том хүч болон ажиллалаа. Болж байгаа үйл явдлыг ард иргэдэд ойлгуулахаар олон талаас нь мэдээ, сурвалжлага бэлтгэж, бодитоор хүргэж чадсан учраас ард иргэдэд бас ингэж сайн хүрлээ гэж бодож байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.

-Дадлага сургуулийн үеэр нийт хэчнээн ор дэлгэсэн бэ?

-Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолбор дээр 300 ор дэлгэсэн. Энэ бол хөнгөн өвчтөнүүдээ хүлээж авах зориулалттай. Дараа нь Эх хүүхдийн 800 ортой эмнэлэгт 100 ор дэлгэж үзлээ. Энд хүндэрсэн, эмнэлгийн нарийн тусламж үйлчилгээ авахаар болчихсон, амьсгалын аппарат шаардлагатай өвчтөнүүдийг хүлээж авах орныхоо бэлтгэлийг хангаж үзлээ. Бид яг энэ тохиолдолд энэ байдлаар л ашиглана. Зургадугаар сар гараад энэ эмнэлэг ашиглалтад орно. 800 ортой болно. Тэгэхээр бидэнд дахиад орны нөөц гарч ирж байна гэсэн үг. ОБЕГ-ын харьяанд байдаг хээрийн эмнэлгээ анх удаа дэлгэлээ. Евро стандартын шаардлагад нийцсэн уг эмнэлгийг ажиллуулаад өвчтөн хүндэрсэн хүмүүсийг хүлээж авах боломжоо тодорхойллоо. Энэ мэтчилэн бид олон талаар бодит байдлаа тодорхойлж бэлтгэж үзлээ.

-Гэхдээ цар тахлын хэмжээнд хүрээгүй байхад ингэж ажил удаж хөрөнгө мөнгө үрлээ гэх шүүмжлэл ч бий?

-Саар зүйл бага байсан. Бид их хөрөнгө зарцуулаагүй. ОБЕГ-ын даргын тушаалаар 20 гаруйхан сая төгрөгөөр дадлага сургуулиа хийчихлээ. Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой хэмжээний зардал гаргасан. Гэхдээ гаргасан зардал нь жишээлбэл 300 орны бэлтгэлийг хангахад зориулсан зардал. Тэр ширээ, сандлыг дараа нь шаардлагатай үед хэрэглэчихнэ. ОБЕГ тэр дэлгэсэн орыг худалдаж авсан. Хээрийн эмнэлгийг дэлгэсэн. Бид үргүй зардал гаргаагүй. Нөөцөө бүрдүүлж байгаа юм. Нэг төгрөгийг ч үнэгүй зарцуулаагүй. Энд хардах зүйл байхгүй. Эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Би энэ бүгдийг бодолцож их л хянамгай ажиллаж байна.

-Хээрийн эмнэлэгт зориулж контейнер буюу чингэлэг худалдан авсан байсан. Манай нөхцөлд гэрээр орлуулсан бол бага зардал гарах байсан гэж байна. Евро стандартын эмнэлгийн онцлог юу вэ?

-Польшийн засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн хоёр хээрийн эмнэлэг авч байгаа. Евро стандартын эмнэлэг нь дотор нь байгаа мэс заслын нарийн багаж хэрэгсэл, рентген аппарат энэ бүхэн чинь яг евро стандартад нийцсэн. Ямар битүүмжлэлтэй, ямар агаарт байх ёстой, ямар дулаанд байх ёстой гээд бүх зүйлийг тэр контейнер дотор нь хангаад тоноглочихсон байгаа. Контейнер дотор том генератор байгаа. Үүгээр эмнэлгийг тогоор хангана. Хээрийн эмнэлэгт гар нүүрээ угаана, усанд орно, ариун цэврийн өрөөтэй гээд бүгдийг евро стандартад нийцүүлээд манайд нийлүүлсэн. Бүгдийг гадны хамааралгүйгээр цогцоор шийдэж өгсөн гэдгээрээ онцлогтой. Харин гэрийг бид цаашдаа тусгаарлах байрны зориулалтаар ашиглах төлөвлөгөөтэй байна.

-Хээрийн эмнэлгийг дараа нь хаана ч зөөвөрлөн ашиглаж болно биз дээ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч ямар ч том аюул тохиолдсон хээрийн эмнэлгээ аваачиж дэлгээд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой боллоо.

-Хамгийн сүүлд Турк, БНЭУ, БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эхний ээлжинд аль улс руу нислэг үйлдэхээр зэхэж байгаа вэ?

-Бид гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна. Гэхдээ Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гүйцэтгэнэ. Бид энэ дагуу тушаал гарсан тохиолдолд албан ёсоор олон нийтэд зарлана. Хараахан энэ чиглэлийн төлөвлөгөө батлагдаагүй байна. Дүн шинжилгээ хийж байна, нөөц бололцоогоо тодорхойлж байгаа.

-Сонгуулийн үеэр тусгаарлах байранд хүмүүс байлгахгүй гээд байгаа. Одоогоор яригдаж байгаа гурван нислэгээр ирэх хүмүүс энэ хугацаанд багтаж чадах болов уу?

-Бид тэгж тооцож, амжуулах гээд л яриад байна. Олон талаас нь сайн хэлэлцэж байж шийдвэрлэх болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх