Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/LeBronJamesSnapImage-1-810x464.jpg

Өнөө цагийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчин хэмээн нэрлэгддэг Леброн Жеймс (Lebron James) гэх нэрийг дуулж байгаагүй хүн гэж тун ч ховор. Түүнийг сагсанбөмбөгийн ертөнцөд "Хаан" хэмээн хочилдог бөгөөд тэрээр спорт төдийгүй амьдралдаа ч хаан шиг байж чаддаг гайхалтай нэгэн. Өнөөдөр та бүхэндээ нэрт сагсанбөмбөгийн тамирчин Леброн Жеймсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Коллежэд сураагүй Ихэнх тоглогчид ямар нэгэн байдлаар коллежэд суралцасны эцэст Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо болох "NBA"-д хөл тавьдаг билээ. Харин Леброны хувьд тэрээр коллежийг алгасан ахлах сургуулиа төгсөн шууд л "NBA" гэх том айлд орсон юм. Тэрээр Охайо мужын Акрон хотын "Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн" нэрэмжит ахлах сургуульд суралцан, сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээ багт нь тоглодог байсан аж. "NBA"-д орохоосоо өмнө хэдийн өөрийн ур чадвараар гайхагдан, олноо бишрэгдэж байсан Леброн ахлах сургуульд байхдаа 31.6 оноо дунджилж гайхалтай үзүүлэлт үзүүлж байсан бөгөөд 2003 онд драфтын нэг дэх сонголтоор Клевланд Кавальерс (Cleveland Cavaliers) багт орсноор түүний "NBA" дэхь сагсанбөмбөгийн замнал эхэлсэн юм.

2. Хамгийн залуу "Шилдэг шинэ тоглогч" Бүхий л амжилтыг эвдэж, эзэмшиж яваа тэрээр ердөө 20 настай байхдаа буюу 2004 онд NBA-ийн "Улирлын шилдэг шинэ тоглогч"-ын шагналыг хүртэж, үзэгч олныг баярлуулж байсан билээ. Тэрээр 2003-2004 улиралд 20 оноо, 5.5 самбараас бөмбөг авалт, 5.9 оновчтой дамжуулалт дунджилж байсан төдийгүй 2004 оны Афины зуны олимпд улсаа төлөөлөн баг хамт олноороо оролцож, хүрэл медаль хүртсэн байдаг.

3. Сайн үйлсийн аян

Түүний карьер ид өрнөж, олонд танигдаж байх үед тэрээр бусдад тусламжийн гараа сунгахаар 2004 онд "LeBron James Family Foundation"-г байгуулсан юм. Ээжтэйгээ хамтран байгуулсан тус сан нь өрх толгойлсон ээжүүдэд зориулагдсан бөгөөд тэдний үрсийн эрүүл аюулгүй байдал, боловсролд түлхүү анхаарлаа хандуулж ажилладаг байна. Мөн жил бүр хүүхдүүдтэй хамт өнгөрүүлэх өдрийг зохион байгуулдаг төдийгүй 2015 онд 1100 сурагчдын 5 жилийн сургалтын төлбөр болох 41 сая долларыг төлөхөөр болж, мянга мянган хүний магнайг тэнийлгэж, бахархлыг нь төрүүлж байсан гайхалтай нэгэн.

4. Хүүхэд нас Нэрт тамирчны хүүхэд нас ганцаардал, зовлон зүдгүүр дунд өнгөрсөн байдаг. Түүний ээж нь өсвөр насны охин байхдаа үрээ тээж, ганц бие ээжийн замыг сонгосон юм. Нялх үрээ өлсгөхгүй, бусдаас дутаахгүй гэсэндээ амарч суух, хүүтэйгээ хамт байх ч завгүй ажиллаж явсан ээж нь Леброны шүтээн. Тэрээр багаасаа л спортод авьяастай нэгэн байсан бөгөөд 1993-1994 оны хооронд 4-р ангид байхдаа хагас жил сургууль завсардаж байсан юм. Учир нь тэд байнга л нүүж, илүү ажиллаж, амьдрахад тохиромжтой газрыг хайж явдаг байсан бөгөөд энэ нь Лебронд нөлөөлж мөнгөний үнэ цэнийг мэддэг, дотогшоо хандлагатай бүрэг нэгэн болгосон байдаг аж.

5. Хөлбөмбөгт дурласан

Хачирхалтай хэдий ч тэрээр сагсанбөмбөгт нэвчин орохоос өмнө хөлбөмбөгт дурласан юм. Түүний хөрш Брюс Келкер (Bruce Kelker) нь хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан бөгөөд Леброны хурдан шаламгай хөдөлгөөнийг хараад багтаа авахыг хүсч буйгаа хэлжээ. Тухайн үед Леброн ердөө 8 настай байсан бөгөөд хөлбөмбөгт уусан шингэж байсан гэдэг. Ахлах сургуульд ороод ч мөн шигшээ багт тоглож, мужынхаа нэгдүгээр багт ч нэрлэгдэж байв. Мэдээж үүний хажуугаар сагсанбөмбөг тоглох болсноор түүний амжилтын зам нь зурайжээ.

6. Улирлын үнэ цэнэтэй тоглогч Түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр 2012 болон 2013 онд Миами Хит (Miami Heat) багт тоглон улирлын аварга болж байсан бол өнгөрөгч 2015-2016 оны улиралд өөрийн гайхалтай тоглолт, хүчирхэг багийн андуудын ачаар дахин нэг удаа аварга болж чадсан юм. Харин NBA-аас улирал бүр тухайн улиралд хамгийн онцгой, чадварлаг байсан нэгэнг сонгож "Улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч" гэх шагналыг гардуулдаг бөгөөд энэ нь тоглогч бүрийн хувьд эрхэм хүндтэй зүйл аж. Леброн тус шагналыг NBA-д орсон цагаасаа хойш нийт 4 удаа хүртсэн байдаг бөгөөд энэхүү амжилтаараа домогт Майкл Жордан (Micheal Jordan)-ы араас бичигдэх болсон билээ.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх