etoim.mn
photos/badral-darga-702x336.jpg

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралтай ярилцлаа.

-Онцгой байдлын салбарыг удирдаад та хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд салбартаа ямар өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж амжуулав? -Онцгой байдлын албыг олон улсын жишигт хүргэнэ гэсэн зорилго бидэнд байдаг. Энэ бол манай хамт олны бүгдийнх нь зорилго тэмүүлэл. Өнгөрсөн хоёр жил шахам хугацаанд манай салбарт маш олон өөрчлөлтүүд хийгджээ. Хөрөнгө оруулалтууд татлаа, тоног төхөөрөмжүүдээ шинэчлээд явж байна. Тоног төхөөрөмжүүдээ сайжруулаад эхэлсэн чинь саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг асуудал тулгарч байшин барилгаа шинэчлэх асуудал нэмэгдэж байна. Ер нь бол манай салбарт хоёр чадавхийн л асуудал байдаг. Тэр нь тоног төхөөрөмж, боловсон хүчний чадавхи. Энэ хоёрыг ижил төвшинд нь аваад явбал болж байна. Төр засгаас ч анхаарал хандуулж хөрөнгө оруулалтаар дэмжиж байгаа. Тухайлбал, онцгой байдлын салбарт төсвийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, хоёр талын хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн шугамаар дэмжлэг үзүүлж байна. Ер нь их олон асуудлуудыг шийдээд явж байгаа л даа. -Орон нутагт гал түймэр унтраах, аврах нэлээн олон ангиудыг шинээр байгуулсан байна. Бас энэ салбарын бүтцийн хувьд нэлээд өөрчлөлт орсон нь анзаарагдлаа. Тухайлбал, аймгуудын Онцгой байдлын хэлтсүүдийг газар болгосон байна? -Олон улсын жишгээ дагаад бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулаад явж байгаа юм. Гамшгаас хамгаалах талаарх төрийн үйлчилгээг ард иргэддээ шуурхай хүргэх ёстой. Тиймээс аймаг, орон нутгаас алслагдсан сумдууд байна. Дээр нь ой хээрийн түймэрт өртөмтгий бүс нутгууд байна.

Эдгээр хүндрэлийг арилгаж, түргэн шуурхай үйлчилгээг хүргэхийн тулд хэд хэдэн газруудад шинээр анги нэмж байгуулсан. Ховдын Булган, Хөвсгөлийн Тариалан, Завханы Тэс, Увсын Баруунтуруун, Хэнтийн Бэрх тосгон, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Халхгол зэрэг сумдад Гал түймэр унтраах, аврах ангиудыг байгууллаа. Одоо ажиллаж байгаа ангиудынхаа зэрэглэлийг нэмэгдүүлж байна. Тоног төхөөрөмжийн чадавхиа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 17-18 хувиар нэмэгдүүлж чадлаа. Зарим аймагт парк шинэчлэлт бүрэн хийгдсэн. Заримд нь 70-80 хувьтай шинэчлэгдлээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай хууль 2001 онд батлагдсан мөртлөө айхавтар хэрэгжиж чадаагүй юм билээ. Манай хоёр хөрш улс бүсийн удирдлагын тогтолцоогоор явдаг. Өөрөөр хэлбэл, ОБЕГ-аас орон нутгийн бүх үйл ажиллагаа, тухайлбал эрэн хайх, аврах болон хариу арга хэмжээ авах шийдвэр гаргахад ОБЕГ-аар дамжиж цаг хугацаа алдаад байгаа юм. Орон нутгийн ОБГ-ууд өөрсдөө шийдвэрээ гаргаад хариу арга хэмжээ авах зөв хувилбар. Ингэхийн тулд бүсчилсэн үйл ажиллагааны чиглэл рүү шилжиж байгаа. Зүүн, баруун, хойд, өмнөд гэсэн дөрвөн бүсийн төвтэй болно. Нийтдээ аймаг орон нутагт 60 гаруй нэгж байдаг. Аймаг орон нутгийн зарим хэлтсүүд нь газар болчихсон байсан. Үлдсэн зарим хэлтсүүдээ газар болгож, үйл ажиллагаа статусыг нь нэмэгдүүлээд явж байна. Хэд хэдэн аврах ангийн зэрэглэлийг дээшлүүлж Аврах, эрэн хайх бүлгүүдийг салбар, салбаруудыг анги болголоо.

-Таныг дөнгөж ажлаа аваад удаагүй байхад энэ салбарт хийх ажлуудынхаа төлөвлөгөөг нэг бүрчлэн гаргасан тухайгаа танилцуулж байсныг санаж байна. Тэр дундаас Иргэдийг гамшгаас хамгаалах төв, Давтан сургалт, сэргээн заслын төв байгуулсан байна. Энэ төвүүдийнхээ үйл ажиллагааны талаар товчхон сонирхуулахгүй юу?

-Жишээ нь, Япон улс бол дэлхий нийтэд гамшгийн удирдлагын тогтолцоогоор гайхамшигтай үлгэр жишээ болсон улс. Японы том том хот, дүүргүүдэд ард иргэдээ сургах гамшгаас хамгаалах олон нийтийн сургалтын төвүүд олон байдаг юм билээ. Түүнтэй адил төв байгуулахаар бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болоод дүүргүүдийнхээ удирдлагуудтай ярилцаж байгаад Улаанбаатар хотын хэмжээнд ард иргэдийг гамшгаас хамгаалах төвийг байгууллаа. Энэ төвд цэцэрлэг, дунд болон их дээд сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэд очоод газар хөдлөлт, үер ус, гал, зуд гээд аливаа гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах үйл ажиллагаанд суралцах, насан туршийн мэдлэгийг олж авах юм. Олон сургалтын танхимууд байгуулсан байгаа. Ирэх арваннэгдүгээр сараас үйл ажиллагаа нь жигдэрнэ. Иргэд маань аливаа гамшиг ослоос амиа аваад гарах мэдлэгтэй байх ёстой. Өргөн утгаараа монгол хүний аюулгүй байдлын асуудал юм. Цаашдаа бид энэ чиглэлээр Дархан, Эрдэнэт гээд хүн ам ихээр төвлөрсөн хотуудад ийм төв байгуулна.

Харин Давтан сургалт, сэргээн заслын төв бол дээрх төвөөс өөр л дөө. Онцгой байдлын албан хаагчид өөрсдөө мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэжлийн зэрэгтэй, өргөн мэдлэг, дадлага туршлагатай байж иргэддээ үйлчилж чадна. Энэ зорилгоор бодлого төлөвлөлтөндөө өөрчлөлт оруулж албан хаагчдаа тодорхой цаг хугацааны дараа давтан сургаж байна. Нэг аврагч гал унтраадаг мэргэжилтэй байсан бол усчнаар, химичнээр сургах зэрэг ажлын давхар мэдлэгүүд олгох сургалт хийгддэг. Үүнийг зөв хэрэгжүүлэхийн тулд давтан сургалтын том төв байгуулсан. Дээр нь томилолтоор орон нутагт болон энхийг сахиулах ажиллагаанд урт болон богино хугацаанд оролцоод ирсэн залуус маань сэтгэл зүй, бие бялдрын эмчилгээ, сувилгаанд хамрагдах шаардлагатай байдаг. Тэднийг дараагийнх нь ажилд бэлтгэх учиртай юм. Олон улсад тогтсон үйл ажиллагаа. Тиймээс Давтан сургалт, сэргээн заслын төвийг байгуулсан. Энэ бол манай салбарын хувьд том дэвшил юм.

-Нэг үеэ бодвол Онцгой байдлын албанд орж ажиллах сонирхолтой залуус олон болжээ. Та дээр боловсон хүчний чадавхийн асуудалд онцгой анхаардаг гэлээ. Яалт ч үгүй хүний амь нас хариуцсан салбар болохоор албан хаагчдын ур чадварын асуудал түрүүнд тавигдах байх. Албан хаагчдаа олон улсад сургаж дадлагажуулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Манай салбарт гарсан олон дэвшлүүдийн нэг нь онцгой байдлын албан хаагчдыг академик түвшинд бэлтгэдэг сургуультай болсон. Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуульд аврагч, гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч мэргэжлээр шинээр ажилд орж байгаа залуусаа сургаад авчихаж байна. Бакалаврын түвшинд өдрийн сургалттай байсан бол энэ жилээс эхлэн эчнээ сургалтын хөтөлбөртэй болчихлоо. Дээр нь мастер, докторантурын сургалтын хөтөлбөрүүд хэрэгжээд явж байна. Ер нь тухайн алба хаагч ахлагч байна уу, офицер байна уу гэдэг нь гол нь биш гамшгийн удирдлагын чиглэлээр бүгд дээд боловсрол эзэмших бололцоо бий боллоо. Тэдэнд мэргэжлийн хувьд өсөн дэвших, өрсөлдөх мэдлэг, дараагийн шатны сургуульд суралцах бололцоог нь олгож байгаа юм. Амьдралын боломжгүйгээсээ их, дээд сургуульд сурч чадахгүй хүүхдүүд олон бий. Тэгвэл манай салбарт орж ахлагчийн сургуульд сураад төгсөхөд ажлын байр нь бэлэн байна. Тэгээд дээшээ өсөн дэвжих боломжууд нь ч нээлттэй. Энэ бол манай салбар үүсэн байгуулагдсан арав гаруй жилийн хугацаанд хийсэн хамгийн том ажил. Олон жил хөөцөлдөн байж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрлийг нь авлаа. Түүнээс гадна албан хаагчдаа ОХУ, БНХАУ,Тайланд, Польш, Солонгос улсуудад докторантур, адьюнктур, магистр, бакалаврын сургалтанд гамшгийн удирдлагын чиглэлээр сургаж байна.

-Онцгой байдлын салбарын хууль эрх зүйн шинэчлэлүүдийн талаар яриагаа үргэлжлүүлье. Ээлжит бус чуулганаар Батлан хамгаалах тухай багц хууль батлагдлаа. Хууль эрх зүйн шинэчлэлүүдийг бас чамгүй хийж байгаа нь харагдаж байгаа?

-Урьд нь онцгой байдлын алба өөрөө цэргийн ч юм шиг, цэрэгжсэн ч юм шиг статус нь тодорхойгүй байлаа. Одоо статус нь тодорхой болсон. “Та бүхэн бол мөрдөс зүүсэн тангараг өргөсөн, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа цэргийн албан хаагч юм шүү” гэдгийг хуулиар баталгаажуулаад өгчихлөө. Эдгээр хуулиудтай уялдуулаад дараагийнхаа эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Одоо хэрэгжиж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулиар манай салбарын эрх зүйн орчин зохицуулагддаг. Үүнийг нь салгаад онцгой байдлын албаны эрх зүйн байдлын тухай хууль гээд шинээр боловсруулсан.

Онцгой байдлын салбарт хийх ёстой ажлууд олон бий. Энэ салбар үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын газар нутагт хэдэн хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалав гэдэг шалгуур үзүүлэлтийг ханган ажиллаж ирсэн.

Өнөөдөр дэлхийн нийтийн чиг хандлага ч өөр болсон. Гамшгийн аюулыг бууруулах тогтолцооноос гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоо руу шилжиж байна. Ерөөсөө урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гол цөм нь болсон. Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа бодлогын хүрээнд өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй. Нэн түрүүнд энэ салбарын хууль эрх зүйн орчин юм.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гамшгаас хамгаалах тухай хууль анх 2003 онд батлагдсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ОБЕГ-ыг 2004 онд байгуулсанаар Монгол Улс дэлхийн нийтийн жишгээ дагаад орчин цагийн гамшгаас хамгаалах тогтолцоо руу орсон. Энэ тогтолцоо өөрөө урьдчилан сэргийлдэг, хариу арга хэмжээ авдаг, сэргээн босгодог нэг бүхэл функционал тогтолцоо юм. Урьд нь хариу арга хэмжээнд илүүтэй анхаардаг байсан бол сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлдэг бодлого илүү хүчтэй явдаг болж байна. Энэ чиглэлийн бүтэц зохион байгуулалт, техник тоног төхөөрөмж, бусад байгууллагатай яаж хамтран ажиллаж байгаа зэрэг бүгдийг эргэж харахаас өөр аргагүй. Тэгээд энэ хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй цаг үе ирсэн юм.

-Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Шинэ хуульд дөрвөн том концепцийн өөрчлөлт оруулж байгаа. Эхнийх нь, эрсдэл, эрсдэлийн үнэлгээг зохицуулах. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсийн үндэс нь эрсдэлийн үнэлгээ хийх. Бид ямар эрсдэлд ороод яваад байгаа юм бэ гэдгийг байгууллага, аж ахуйн нэгж, ард түмэн үнэлдэг, үнэлүүлдэг байх.

Энгийн жишээ ярья л даа. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг нэг айл зундаа усанд авдтаг, өвөлдөө хөлдүүс болдог газар байрладаг байя гэж бодъё. Энэ бол тэдний эрсдэл. Хоёрдугаарт, Гамшгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл.

Гуравдугаарт, Гамшгийн даатгал буюу эрсдэлийг шилжүүлэх. Үүнийг зайлшгүй хийх ёстой гэдгийг Төрөөс гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөрт заагаад өгсөн байгаа. Эхний байдлаар холбогдох мэргэжилтнүүдийг татан оролцуулаад, хувилбараа гаргаад, хэлэлцүүлээд явж байна.

Монгол Улсад жил бүр санаа зовоодог нэг асуудал бол зудын гамшиг байдаг. Ер нь зуд гэдэг байгалийн гамшиг заавал болох ёстой юу. Үүний дараа Засгийн газар бүгдэд нь заавал тусламж үзүүлэх ёстой юу. Засгийн газар туслалцаа үзүүлэхээр эргээд татвар төлөгчдийн мөнгө тэнд явж байдаг.

Тэгэхээр иргэнийг өөрийг нь хариуцлагажуулах, өөрөө өөрийнхөө эд хөрөнгө, аюулгүй байдлыг хариуцдаг буюу даатгалын тогтолцоо байх ёстой. Гамшгийн даатгалын тогтолцоо юм.

Үүнийг зохицуулсан заалт одоо хэрэгжиж байгаа хуулинд огт байхгүй. Тэгэхээр гамшгийн эрсдлээ яаж шилжүүлэх, эрсдлээ үүрэх шийдэл нь даатгалын тогтолцоо юм. Гадаадын улс орнууд ингэж л шийддэг.

Би гэр орныхоо аюулгүй байдал, эрсдлийг даатгалын компанидаа шилжүүлээд өгчихдөг. Тэрнийхээ төлөө хураамж төлдөг. Ямар нэг муу зүйл тохиолдвол даатгалын компани нь нөхөн төлдөг. Гамшгийн даатгалын зөв тогтолцоо нь манай эдийн засгийг, тухайлбал санхүүгийн тогтолцоог нэлээд хүчирхэгжүүлэх боломжийг бий болгоно. Эцэст нь, энэ хуулийн төсөлд тусгасан нэг чухал заалт нь гадаад, дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах зохицуулалтын тухай. Бид сүүлийн 25 жил хүмүүнлэгийн тусламжийг нэг гарт зангидаж зохицуулж чадахгүй яваад байгаа юм.

Олон улсын жишгийг харъя л даа. Карибийн тэнгис дэх Гаити улс 2010 онд газар хөдлөлтөөр 280 мянган хүнээ алдчихсан. Улс орон удирдлагагүй болчихсон. Гадна дотноос ирж байгаа хүмүүнлэгийн тусламж бүгд өөр тийшээ явчихсан. Ингээд энэ улс сэхэж амжаагүй. Орон гэргүй болсон 80 гаруй мянган хүн гадаа майханд амьдарч байтал дахиад хар салхи дайраад өнгөрлөө. Хар салхи шуурсны дараа цэвэр усны хомсдол, бохирын асуудал үүссэн. Ингээд тус улсад холер өвчин гарсан. Гамшиг бол улс орны үндэсний аюулгүй байдалд ингэж нөлөөлдөг юм байна. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хууль бол яах аргагүй үндэсний аюулгүй байдалтай холбогдох хууль тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал тавьж хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажил хангаж байна.

-Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг нь бууруулах тал дээр дэлхий нийтийн чиг хандлага ямар байна. Манай улс хаахна явж байгаа бол?

-Гадаад орчинд том, том өөрчлөлтүүд гарч байна л даа. 2015 он бол дэлхийд бодлогын хувьд том өөрчлөлтүүд гарсан жил байлаа. Мянганы хөгжлийн зорилтын цаг хугацаа 2015 онд дуусчихсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах Хёогогийн үйл ажиллагааны хэрэгжилт дууссан. НҮБ-аас 17 зорилт бүхий Тогтвортой хөгжлийн зорилт гэсэн бичиг баримтыг 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр гаргалаа. Дэлхийн улс орнууд хуралдаад Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Мөн өнгөрсөн 12 дугаар сард дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулаад Парисын гэрээг баталсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхээр дэлхийн улс орнууд нэгдээд явж байна. Саяхныг хүртэл хөгжлийн бодлого гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлууд хоорондоо уялдаагүй явж байсан. Дэлхийн нийт үүнийг ойлгосон. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг заавал гамшгийн эрсдэлтэй холбож үзэхгүй юм бол болохгүй юм байна гээд энэ гурван бичиг баримтыг улс орнууд нэгтгээд өөрсдийн хөгжлийнхөө урт хугацааны төлөвлөлтөнд тусгаад хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын Засгийн газраас энэ асуудлыг хэрэгжүүлээд явж байгаа. Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг дээрх гурван чиглэл рүү яаж уялдуулах юм бэ гэдэг асуудлаар тун удахгүй Азийн орнууд хуралдах гэж байна. Ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Энэтхэгийн Шинэ Дели хотод Ази, Номхон далайн орнуудын гамшгийн асуудал эрхэлсэн сайд нар цуглаж, бүс нутгийнхаа төлөвлөгөөг батлаад, замын зургаа тодорхойлно. Ингээд хоёр, хоёр жилийн хугацаанд улс орнууд үйл ажиллагаа явуулах юм. Ази Номхон далайн бүс нутгийн 60 гаруй орнууд ижилхэн төлөвлөгөөтэй болж, хоёр жил тутамд тайлангаа НҮБ-д хүргэнэ. Гадаад орчинд ийм том өөрчлөлт бий болсон учраас үүнтэй уялдуулж дотоодынхоо ажлуудыг хийх юм.

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа төрийн ажил гэсэн ойлголт байдаг л даа?

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага бүгд хамт байх, оролцох тухай ойлголт. Эдгээрийг зохицуулах механизм байх ёстой. Тэр нь Ерөнхий сайдаар ахлуулсан Гамшгаас хамгаалах Үндэсний хороо. Энэ нь нийгмийн бүх салбараас нэгдсэн хороо байгуулаад тэд саналаа гаргадаг. Санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газарт оруулдаг. Засгийн газар нь УИХ-д оруулж батлуулдаг ийм жишиг рүү явж байна. Ер нь гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа гэдэг асуудал бол хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг. Энэ бол монгол хүний аюулгүй амьдрах баталгааг хангах хүчин зүйлийн нэг. Харин хамгийн анхаарал хандуулах асуудал бол иргэдийн сургалтыг нэмэгдүүлэх. Гурван сая монгол хүн эрүүл байж, өсөх ёстой. Хүүхдүүд маань аюулгүй байх ёстой. Сүүлийн үед урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд ажлууд хийгдэж байгаа. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд томоохон хотуудынхаа аюулгүй байдлын асуудлаар аймаг, орон нутгийн Засаг дарга нартай нь хамтарч ажиллаж байна. Ялангуяа Монгол Улсын Шадар сайд анхаарал хандууллаа. Цаашдаа ч хийгдэх ажлууд байна. Суурин газрууд, замын аюулгүй байдлын асуудлуудаар хийж хэрэгжүүлэх ажлууд ч олон бий. Онцгой байдлын алба урдаа тавьсан үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна даа.

-Салбараа сайн мэддэг генерал хүн онцгой байдлын албыг удирдаж байгаа болохоор ажил урагштай байна гэж албан хаагчид ам сайтай байна лээ…

-Энэ салбар генералтай байх ёстой. Хувь заяаны тохиолоор анхных нь генерал би болж таарлаа. Өөрийгөө азтай гэж боддог. Энд олон, олон залуус орж ирэх зам нь нээгдчихэж байгаа юм. Цэргийн дээд цол хэрэглэх ийм шат руугаа орж ирлээ. Би үүнийх нь хөтөч байсан болохоор өөрөөрөө бахархаж байна. Ийм байх ёстой юм шүү гэдгийг төрийн өндөрлөгүүд ойлгож дэмжсэн нь хамгийн гол нь. Мэдээж генерал хүн удирдаж байгаа байгууллага хариуцлагатай байх ёстой. Тийм сэтгэл зүй залууст төрнө. Залуус маань үүнийг харж байгаа. Өрсөлдөөн, нэг нь нөгөөгөөсөө ялгарах, ажилч хичээнгүй, мэдлэг боловсролтой байх. Онцгой байдлын алба бол сайхан алба. Ирээдүйтэй салбар. Монгол Улсад үнэхээр хэрэгтэй салбар. Ард түмэн энэ салбар руу залгаад үйлчилгээ авчихаж байна. Манай залуус хугацаа хоцрохгүй, иргэнд шуурхай очиж үйлчлэхийг хичээж ажиллаж байна. Одоо мөрдөгдөж байгаа стандартыг бид шинэчлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод хэрэгцээтэй, хүн амд таарсан аврах гал унтраах анги алга. Байршлуудыг зөв тодорхойлоод ангиудыг нь байгуулмаар байгаа юм. Жишээлбэл, Солонгосын Сөүл хотод Онцгой байдал нь дуудлага аваад зургаан минутад очих ёстой. Хэрвээ та энэ хугацаанд очиж чадахгүй бол стандарт зөрчсөн байна гэдэг. Үүний ард нь хүний амь насны асуудал явж байгаа шүү дээ. Манай хотод дараагийн нэг хүндрэлтэй асуудал нь замын хөдөлгөөн байна. Манай жолооч нар дуут дохиотой машины ард хүний амь нас явж байгаа гэдгийг ойлгоод зам тавьж сурах хэрэгтэй.

Ярилцсан: М.Мөнхцэцэг

Таалагдахгүй байна

4
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх