Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр /2022.12.18/ 10:00 цагийн үед хилээр гарч явсан. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХҮН намын хуульч Д.Үүрцайх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өглөө.
ХҮН намын хуульч Д.Үүрцайх "Хэвлэл мэдээллүүдэд гарсан мэдээлэл болон Хууль зүйн, дотоод хэргийн сайдын мэдээлснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэж ойлгогдсон. Яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэх мэдээлэл байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан олон шатлалтай таслан сэргийлэх арга хэмжээнээс хэргийн мөрдөгч болон Прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог "Хувийн баталгаа гаргах" гэсэн таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Х.Баттулга өмнө нь АТГ-т мэдүүлэг өгөхдөө энэ сарын 18-ны өдөр гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг мэдээллийг өгчээ. Тэгвэл яагаад нүүрсний хулгайн хэргийн толгойлогч нь гэж хэлж болохоор ийм хүнд "Хувийн баталгаа гаргах" гэдэг хамгийн зөөлөн таслан сэргийлэх арга хэмжээг авсан бэ. Хэрэв энэ хүн эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана.
Мөн анхаарал татаж буй дараагийн асуудал бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан уу. Өөрөөр хэлбэл Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан нөхцөл байдал тогтоогдсон бол хариуцлагын асуудал яригдах ёстой гэдгийг хэллээ.