etoim.mn
photos/bolor tsom_700.jpg

Яруу найргийн “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагийн яруу найргийн наадмыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна. Яруу найраг, утга зохиол сонирхогчид төдийгүй монгол түмний оюун санааны наадам болон өргөжсөн “Болор цом” наадмыг анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилсан бөгөөд анхны наадмыг 1983 онд зохион байгуулж байсан түүхтэй. Харин хөдөө орон нутагт зохион байгуулж буй зургаа дахь найргийн наадам нь энэ жилийнх ажээ.

Дорнод аймагт найргийн хур бууж буй энэ онд тус аймгаас төрсөн цогтой яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Д.Нямсүрэнгийн Эрээцав нутагт тэрлэсэн олон сайхан шүлгийг одоо ч хүмүүс цээжлэн уншсаар байдаг. Анхны номоо 1985 онд “Хаврын урсгал” нэртэйгээр өлгийдөн авч байсан авьяаслаг найрагчийг “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн авгайлдаг байсныг өдгөө санаж буй хүн олон. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналат яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсний 70 жилийн ойтой давхцан буй “Болор цом” наадмын буухиа хэдийнэ эхэлжээ. Буухианд оролцож шалгарсан 30-32 найрагч тун удахгүй Дорнод нутгийг зорино. Тэд нэгдүгээр сарын 28-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа найраг шүлгээ уншиж уралдана.

“Болор цом” наадам 33 удаа зохиогдоход хамгийн олон удаа Янжинлхамын эгшиглэнт найрагчаар тодорсон хүмүүс бол Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нар юм. Тэд тус бүр гурван удаа “Болор цом”-ын эзнээр тодорч байжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Цэндийн Чимэддорж /“Малчин”, “Элсэн тасархай” шүлгээр/, Төрийн соёрхолт зохиолч Дамбын Төрбат /“Сүү” “Ижий” шүлгээрээ/ нар ажээ. Бүсгүй найрагчдаас Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо нар “Болор цом”-ын эзэд болж байсан. Тиймээс ч тэднийг Монголын яруу найргийн “Марал гурван од” хэмээн өргөмжлөх нь бий. Яруу найргийн наадамд хамгийн олон жил оролцож байж “Болор цом”-тон болсон найрагч бол Дамдинсүрэнгийн Урианхай ажээ. Тэрбээр тасралтгүй 19 жил найргийн наадамд оролцож, үзэл бодолдоо үнэнч байснаараа энэхүү наадмын тэргүүн шагналын эзэн болж байжээ. Яруу найргийн наадамд оролцогчдын тоо жилээс жилд өсч, Өвөр Монгол, Хөх нуур мужаас яруу найрагчид шүлгээ ирүүлж шалгаруулалтад оролцдог болсон. 

Энэ жилийн “Болор цом” наадмыг "Эрээн цавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн аглагхан талын их найрагчдаа зориулж, түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх