etoim.mn
photos/15578529_1423204844410206_135527043598906768_n.jpg

Герман улсын Бремэн хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байранд шалгарч, Монгол Улсдаа анхны цомыг авч ирсэн хамтлаг бол “Moon dance”.

Хамтлагийн залуус тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн гурав дахь удаагаа оролцож, Монгол улсынхаа рекорд амжилтаа урагшлуулсан, анх удаа хагас шигшээд шалгарсан амжилт гаргасан билээ. 

“Moon dance” хамтлаг байгуулагдаад гуравхан жил болж буй. Тэд энэ хугацаанд Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга, латин бүжгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарч, тавдугаар байранд орсон гээд үсрэнгүй амжилт гаргаад байгаа юм. Ингээд “Moon dance” хамтлагийн ахлагч, бүжгийн спортын дэд мастер О.Эрдэнэ-Очиртой ярилцснаа хүргэж байна.

 

-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн үеэр “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон гэж дуулсан?

-Маш их баярлалаа. Манай хамтлаг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Герман улсад болсон латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамтлаг бүжгийн төрөлд маш амжилттай оролцоод ирлээ. Бид шилдэг зургаан багийн нэгт багтаж, хагас шигшээгийн тавдугаар байрыг эзэлснээр Монгол Улсдаа бүжгийн спортын анхны цомыг авч ирсэн. Энэхүү тэмцээний бэлтгэлийн үеэр “Авьяаслаг монголчууд” шоу болсон. Тэгээд бид энэ шоунд амжилттай оролцож, тэмцээндээ ч оролцсон. Хэрэв “Авьяаслаг монголчууд” шоуны шигшээ тоглолтод оролцсон бол тэмцээндээ явж чадахгүй байсан. Гэхдээ энэ шоунд оролцсноор бидний бэлтгэлд саад болоогүй. Учир нь, бид “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарсан. Энэ шоунд оролцох болсон зорилго нь хотдоо төдийгүй Монгол орон даяар хамтлагаа танилцуулахыг хүсч, анх энэ шоунд оролцсон байгаа. Энэ зорилго маань ч биелж, тэмцээндээ ч явсан даа.

-Энэ жилийн латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд цоо шинэ “Мөсөн хатан” бүжгээр оролцсон. Уг бүжгийг хамтлагийн дасгалжуулагч багш О.Саранхүү багш дэглэсэн үү?

-Манай хамтлаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Энэ хугацаанд жил бүр бүжгийнхээ зохиомжийг байнга өөрчилж байдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хамтлагууд нэг бүжгээ нэг, хоёр жил ч бүжиглэх тохиолдол бий. Энэ жил ч гэсэн өрсөлдөгч багууд маань ноднин бүжиглэж байсан бүжгээ бүжиглэсэн. Бид эхний жил “Тарзан” гэдэг бүжгээр оролцож байсан бол хоёр дахь жилдээ “Марина”, энэ жил “Мөсөн хатан” бүжгийг бүжиглэсэн юм. Энэ бүжгийн дэглэлтийг манай клубын захирал, дасгалжуулагч багш О.Саранхүү, Н.Оюунбат багш нар дэглэсэн. “Мөсөн хатан” бүжгийн зохиомжид маань таван төрлийн бүжиг багтаж байгаа. Мөн хувцаслалтын хувьд ч эмэгтэйчүүд нь мөсөн хатан, эрчүүд нь мөсөн хөлөг баатрыг харуулахыг хичээсэн. Энэ бүжгээ өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн бэлтгэж эхэлсэн. Тэр хугацаанд “Авьяаслаг монголчууд” шоу давхцсан учраас бид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Мөсөн хатан” бүжгийнхээ хэсгээс л бүжиглэсэн.

-Хэдийгээр хагас шигшээд шалгарч, тавдугаар байр эзэлсэн ч чансаагаараа гуравт орсон. Өрсөлдөгч багууд болон шүүгчид монголын баг тамирчдыг хэрхэн үнэлж байв?

-Яг хагас шигшээд өрсөлдөх шилдэг зургаан баг бэлтгэлээ хийж байсан. Удалгүй хагас шигшээ эхлэх тэр мөчид анх удаа Ази, тэр дундаа монголчууд тунаж үлдсэнийг сонссон бусад орны баг биднийг анхаарч эхэлсэн. Биднийг бүжиглэж дууссны дараагаар бусад орны тамирчид ирж, баяр хүргэсэн. Мөн тэмцээний шүүгчид 2013 онд байгуулагдсан хамтлаг гэхэд маш үсрэнгүй амжилт үзүүлж байна. Та бүхэн “Шинэ үеийн од” гэж байсан. Энэ жил хоёрт орсон ОХУ-ын “Дуэт” хэмээх багийн араас Монголын баг орж байна гэж хэлж байсан.

-Хүмүүс “Moon dance хамтлагийнхныг уран бүтээлээр нь илүү таних биз. Ер нь танай хамтлагт хэдээс хэдэн насны залуус байна. Нэг хамтлаг болоод хэдэн жил болж байна вэ?

-Манай хамтлаг анх 2013 оны тавдугаар сард байгуулагдсан. Хамтлагийнхан маань бүгд л манай клубт амжилттай суралцсан залуус байдаг. Ер нь хамтлаг маань үндсэн 16 гишүүнтэй бөгөөд сэлгээний хоёр бүжигчинтэй, хоёр дасгалжуулагч багштай. Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 16 тамирчин оролцсон. Бидэн дунд бүжгийн мэргэжлээр суралцаж байгаа зургаан оюутан бий. Бусад нь Шинжлэх ухаан, техникийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг өөр мэргэжлээр суралцаж, сонирхлоороо бүжгийн спортоор хичээллэдэг. Манай клуб латин бүжгийн чиглэлээр сургалт явуулдаг учраас хамтлагийн дараагийн гишүүдээ үргэлж бэлтгэж байдаг. Бүжгийн клубт маань өсвөр насны “Хос шигтгээ” гэдэг хамтлаг байгаа. Эдгээр дүү нар маань латин бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга болсон. Энэ дүү нар маань ч гэсэн бидний залгамж халаа.

Удалгүй хагас шигшээ эхлэх тэр мөчид анх удаа Ази, тэр дундаа монголчууд тунаж үлдсэнийг сонссон бусад орны багууд биднийг ихээр анхаарч эхэлсэн.

-Танай хамтлагт хамгийн хамгийн тодотголтой хүмүүс их байна. Хамгийн олон жил бүжгийн спортоор хичээллэсэн, хамгийн залуу тамирчин гээд л?

-Манай хамтлагт Эрдэнэт, Хөвсгөл зэрэг аймагт бүр багаасаа бүжиглэж, оюутан болоод манай клубт хичээллэсэн залуус ч бий. Хамтлагийн гишүүдийн насны хувьд 18-30 насны залуус байдаг. Дасгалжуулагч багш Н.Оюунбат манай хамтлагийн гишүүн гэж явдаг. Хамгийн олон жил буюу 10 гаруй жил бүжгийн спортоор хичээллэсэн залуу ч байгаа. Хамгийн багадаа л бүжгийн спортоор хоёр жил хичээллэсэн тамирчин бий. Ер нь бүжгийн спортыг амархан сурчихдаггүй. Бүжгийн техник, ур чадварыг суралцахад багагүй хугацаа шаарддаг. Тиймээс тамирчин хүн үргэлж бэлтгэл сургуулилтаа хийж, цаг, минут тутам суралцаж л явахгүй бол эзэмшиж чадахгүй. Бүжгийн спорт маань өөрөө урлаг, спортын хосолмол төрөл шүү дээ.

-Шинэ оны өмнөхөн Монголын бүжгийн спортын холбоо анх удаа “Бөртэ чоно” цомыг хүртсэн. Үүнд танай хамтлагийн амжилт бас нөлөөлсөн байх?

-Монголд албан ёсны үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн бүжгийн спортын холбоо, Азийн бүжгийн спортын холбооны гишүүн Монголын бүжгийн спортын холбоо нь бидний удирдах байгууллага юм. Энэхүү холбоо маань шинэ жилээр шилдэг холбоогоор шалгарч, “Бөртэ чоно” цомыг анх удаа хүртсэн. Мэдээж бид бүхний амжилт үүнд нөлөөлсөн байх. Мөн манай холбооны зүгээс бүжгийн уралдаан тэмцээнийг цаг тухайд нь зохион байгуулсаар ирсэн. Энэ жил бас олон улсын зэрэглэлийн бүжгийн шүүгчтэй болсон зэрэг олон шалгуурыг авч үзэж, уг шагналыг гардуулсан болов уу.

-“Moon dance хамтлагийнхан удахгүй тайлан тоглолтоо хийнэ гэсэн. Хамтлагийн тайлан тоглолтын тов гарсан уу?

-Энэ онд анхны тайлан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа. Тоглолтын тов маань хараахан гараагүй байна. Манай хамтлаг латин америк бүжгийн төрөлд амжилт үзүүлээд байгаа ч бусад төрлийн бүжгийг бүжиглэн, хөрвөх чадвартай болдог. Тийм учраас манай хамтлагт хип хоп, ардын бүжгийн баг ч байгаа. Энэ давуу талаа харуулсан өөрсдийн тайлан тоглолтоо хийнэ.

Энэ бүхэн уйгагүй бэлтгэлийн үр дүнд л гарч ирдэг. Бид өдөр бүр л бэлтгэл хийдэг.Мөн нүүрнийхээ хувирлыг хүртэл ярилцаж, бүжгээ төгс болгохыг хичээдэг. Хамтлагийн нэг гишүүнээс л бусдын маань амжилт шалтгаална.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бичлэгийг харахад яг л нэг хүн шиг зэрэг хөдөлж, бүжиглэж байгаа нь бахархмаар санагдсан. Бүжгийн спортод нэг хүн шиг бүжиглэхэд хэчнээн жил шаарддаг вэ?

-Латин америк бүжгийн хамтлаг төрөлд хүндрэлтэй зүйл их гардаг. Жишээ нь 16 гишүүнийг бүрдүүлэхээс эхэлнэ. Тэрнээс гадна хөдөлгөөнөө бүрэн жигдэлж, хайрцаг солилт, техник ур чадвар, хосууд хоорондоо эвтэй бүжиглэж сурах гээд асуудал үүснэ. Энэ бүхэн уйгагүй бэлтгэлийн үр дүнд л гарч ирдэг. Бид өдөр бүр л бэлтгэл хийдэг. Мөн нүүрнийхээ хувирлыг хүртэл ярилцаж, бүжгээ төгс болгохыг хичээдэг. Хамтлагийн нэг гишүүнээс л бусдын маань амжилт шалтгаална. Тийм учраас “Нийт нь нэгний төлөө нэг нь нийтийн төлөө” гэсэн зарчмыг баримталдаг. Нэг нь л алдаа гаргавал бусад 15 гишүүний бүтэн жилийн хөдөлмөр нурсан гэсэн үг. Тиймээс хамтлагийн гишүүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн бидний амжилт хоёр дасгалжуулагч багштай маань салшгүй холбоотой. Багш нар маань өөрсдийнхөө амьдралыг бүжгийн спортод зориулсан учраас биднийг өдгөө амжилттай авч явж байна. Мөн бидний амжилтын цаана ар гэрийнхэн, хувцасны оёдолчин, найз нөхөд маань гээд олон хүн бий.

-“Мөсөн хатан” бүжгийнхээ аяыг Германд хянуулсан гэсэн. Монголдоо хөгжмийн найруулгаа хийж болдоггүй юм уу?

-Бид бүжгийн аяа дэлхийн стандартад нийцүүлж, Герман руу хянуулсан. Учир нь, Монголд бүжгийн ая хийх хөгжмийн мэргэжилтэн одоогоор байхгүй байна. Мөн дэлхийн хэмжээний багуудтай өрсөлдөхийн тулд хувцас, хөгжим зэрэг бүх зүйлээрээ өрсөлдөж, илүү байхыг хичээсэн. Тиймээс бид жил бүр хувцсаа шинэчилж, жинхэнэ сваровски шигтгээгээр хувцсаа чимэглэдэг. Бид эхний жил хуурамч шигтгээгээр хувцсаа хийж туршлагагүйтэж байлаа.

Манай хамтлаг эхний жил есдүгээр байранд орсон. Хоёр дахь жилдээ долдугаар байранд орсон бол хамгийн сүүлд тавдугаар байранд орж амжилтаа ахиулсан байгаа. Тийм болохоор бид өөрсдийнхөө алдааг засаж, энэ эрчээрээ медаль хүрэх хүсэл эрмэлзэлтэй байна. Дэлхийн аваргаас медаль хүртэх итгэл үнэмшил өмнөх жилүүдээс илүү байгаа.

-Бүжгийн спортод хувцас маш чухал. Ер нь хамтлагийн бүжгийн хувцсыг хэр өртгөөр хийдэг вэ?

-Манай хамтлагийн хувцасны загварыг багш маань гаргадаг. Хувцсыг маань оёдог тусгай оёдолчин бий. Хувцасныхаа шигтгээг БНСУ-аас захиалдаг. Тиймээс оёдолчинтойгоо “Энэ бүжигт ийм хувцас өмсөнө” гэж ярилцсны дараагаар охид, хөвгүүд маань ялгаагүй хувцсаа өөрсдөө чимэглэдэг. Ойролцоогоор нэг хүний бүжгийн хувцас 800 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн хооронд бүтдэг. Манай хамтлагийнхан тэмцээн уралдаанд орох бүртээ шинэ хувцас хийлгэдэг. Хуучин бүжгийн хувцасаа клубынхаа дэргэд түрээслүүлдэг. Гадуур болж буй урлагийн наадам, байгууллагын тэмцээнд бүжгийн хувцас эрэлттэй байдаг учраас бүжгийн хувцасаа түрээсэлдэг. Түрээсийн дэлгүүрт маань латин, цэнгээнт гээд 10 гаруй төрлийн олон хувцас бий. Бид бүжгийн хувцас түрээсэлсэн мөнгөө заалныхаа түрээс, бүжгийн бэлтгэл сургуулилт, дараагийн тэмцээнийхээ бүжгийн хувцас хийлгэхэд зарцуулдаг. Бидэнд ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байгууллага байхгүй. Тиймээс бид гадуур тэмцээнд явахад замын зардал, байр, хоолны мөнгө гээд асуудал үүсдэг. Бүжгийн спорт маань олимпийн төрөл биш учраас төрөөс дэмжлэг байдаггүй. Энэ жилийн хувьд бидний замын зардлыг Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооны захирал Алтанцэцэг эгч 100 хувь даасан байгаа. Энэ нь биднийг тэмцээнд амжилт үзүүлэхэд гол түлхэц болж өгсөн.

-Танай хамтлаг 2016 онд бүжгийн спортын анхны шанг татаж, чамгүй амжилт гаргалаа. Хамтлагийн цаашдын зорилго юу болохыг сонирхож болох уу?

-Мэдээж бидний зорилго жил бүр тодорхой болсон байдаг. Бид энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх зорилго тавьсан. Манай хамтлаг эхний жил есдүгээр байранд орсон. Хоёр дахь жилдээ долдугаар байранд орсон бол хамгийн сүүлд тавдугаар байранд орж амжилтаа ахиулсан байгаа. Тийм болохоор бид өөрсдийнхөө алдааг засаж, энэ эрчээрээ медаль хүрэх хүсэл эрмэлзэлтэй байна. Дэлхийн аваргаас медаль хүртэх итгэл үнэмшил өмнөх жилүүдээс илүү байгаа. Мөн ирэх тавдугаар сард Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ амжилттай оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин оролцох эрхээ авахын тулд амжилттай оролцохоор төлөвлөж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх