Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи энэ сарын 6-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарна.